Friday, July 31, 2009

БАРИЛГЫН САЛБАРЫГ ДАЙЛААР МОРДОХООР ШИЙДЭВ ҮҮ?

Зөрчил илрүүлэх кампанит ажил

Сүүлийн өдрүүдэд Улсын мэргэжлийн хяналтын газрын дуу хоолой телевиз бүрийн онцлох мэдээ, сонин бүрийн “хадаас” материал болон хаанаас бол хаанаас хүчтэй цуурайтаж байна. Баригдаж буй барилгууд дээр мундаг мундаг шалгалт хийж, мөн тэр хэрээр аймаар аймаар зөрчлүүдийг ар араас нь тасралтгүй илрүүлсээр байгаа гэнэ. Барилгын олон компаниудыг олон сая төгрөгөөр торгоод зогсохгүй зарим барилгуудын ажлыг зогсоож, компаниудын тусгай зөвшөөрлийг нь хурааж, зарим барилгыг бүр нураах шийдвэр гаргаснаа улс орон даяар бараг л баяр ёслолын байдалтайгаар зарлан тунхагласаар... Хүнсний хэдэн зах, дэлгүүрүүдээс цааш хальдаггүй байсан Мэргэжлийн Хяналтынхан улс орны хамгийн том салбарыг ийнхүү бүхэлд нь шүүрэн авч, тэнд “ард түмний эсрэг хорт үйл ажиллагаа нууцаар явуулж байсан дайснуудыг илрүүлэн бут ниргэж” эхлэхийг харсан хүн бүр янз бүрээр хүлээн авч, дараа нь яах бол хэмээн тэсч ядаан хүлээгээд байгаа нь ч мэдрэгдэж байна. Хяналтынхан унтаж байгаад сэрэв үү? Эсвэл алдаа дутагдлыг олж хардаг тусгай билгийн мэлмий гээч юмтай болчих нь энэ үү? Өмнөх олон жилүүдэд барилгын ажил өө сэвгүй сайхан явж байгаад ойрын үеэс л болохоо больчихсон юм огт биш. Ард иргэдийн зүгээс барилгын талаар зөндөө гомдол мэдээлэл гардаг байсан ч тэдгээрийн мөрөөр ийм сүртэй юм болдоггүй л байсан шүү дээ. Улсын байцаагч нэгэн танилаасаа тэд нар юу болоод барилгынхан руу довтолж эхэлснийг сонирхвол “яахав дээ, кампанит ажил л байхгүй” гэж байна. “Нэгэнт үхчихсэн юмыг одоо алаад ч яахав дээ” гэдэг шиг тэртэй тэргүй хямрал нүүрлээд дампуурахын ирмэг дээр оччихсон байхад нь тэднийг шалгаад, торгоод, нураагаад яах ч юм билээ дээ гэвэл “Мань мэт нь яаж мэдэхэв дээ. Тэр дээрээс л наадхаа асуу” гэж байна. Манайд төрийн байгууллагуудын хэлж буй үг, хийж буй үйлдлийг энгийн иргэд байтугай тухайн байгууллагын ажилтнууд нь ч ойлгодоггүй, зөвхөн тээр дээр байх бие нь үл үзэгдэх цөөн эрх мэдэлтнүүдийн явцуу хүрээнд л асуудал шийдэгдэж, бусад нь зөвхөн тэр тоглоомын хүүхэлдэй, золиос байдаг дэглэм бий болон үйлчилсээр одоо нийтээр үүнд дасан зохицож амьдрахаас өөр аргагүйд тулж дээ. Ингэж хэлж буйн учир гэвэл төрийн аль ч байгууллагын, тэр дундаа хууль хяналтын газрын албатууд ажил үүрэг гүйцэтгэхдээ хүмүүст “Намайг үүнийг хий л гэсэн. Бусдыг мэдэхгүй, дээрээс асуу” гэдэг хэллэг түгээмэл болсон. Энэ нь тэдний хийж буй ажил хуулиас гадуур гэдгийг нотлох хамгийн энгийн нотолгоо бөлгөө. Тэгвэл эдгээр “амьгүй албатууд”-аар яагаад ийм ажил хийлгээд байгаа юм бол?

Хямралаас хожоо хайгсад...

Энэ үйл явдлыг барилгын компаниуд “Зовлонтой газрын лам тарган, зудтай газрын нохой тарган” гэдэг эртний үгтэй утга дүйцүүлэн тайлбарлаж байна. Нэг үгээр хэлэхэд барилгын компаниудад тулгарч байгаа байгаа энэ бэрхшээл нөгөө нэг хэсэг хүмүүст ашигтай тусч байгаа гэсэн утга л даа. Хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалд ороод зогссон олон барилгуудыг яаж ашиглалтанд оруулах талаар санаа тавих хүн эздээс нь өөр бараг байхгүй, харин улс орны санхүү, эдийн засгийг бүхэлд нь татан унагахад хүрч, хурцаар тулгамдаад байгаа энэ нөхцөл байдлыг яаж өөртөө ашигтайгаар эргүүлэх вэ хэмээн санаашрах улс төр, бизнесийн бүлэглэлүүд олон гэнэ. Тухайлбал, барилгынхан банкныхан хоёрын зовлон ижил атал хамтраад гэтлэхийн оронд эндээс зөвхөн өөрөө ашиг олох гэсэн явцуу аминчхан үзэл зарим банкны нөхдөд давамгайлж буйгаас байдал улам эвгүй тал руугаа эргэжээ. Банкныхан барилгынхантай уулзахаас бултан зугатах, барилгынхныг “золигт гаргах” замаар өөрсдийнхөө амийг авч гарах гэсэн эрмэлзэл илт ажиглагдах болсон талаар барилгачид ярьж байна. Үүнд Монгол банк ч мөн хамаарч байгаа нь түгшүүртэй. Банкны салбарын зарим эрх мэдэлтнүүд ”Барилгынханд нэг ч төгрөг бүү өг. Цаадуулын чинь хэр удаан гүрийхийг үзье. Аргаа барах үед нь тэдний барилгуудыг тал үнээр нь зээлийн барьцаанд хурааж авья. Тэгсний дараа тэдгээр барилгуудыг гүйцээх хөрөнгийг бид гаргана. Барих компани олдож л таараа ш дээ” хэмээн тавлаж буй тухай яриа тархаж байна. Саяхан, хоёр хоногийн өмнө дөө, Монголын барилгын үндэсний ассоциаци дээр болсон нэгэн уулзалтын үеэр энэ талаар яригдахад нэгэн залуу бизнесмен “Хуцав аа, дуракууд. Только через мой труп” хэмээн оросоор харааж байлаа. Би барилга дээрээ тэгнээд үхнэ, тэгээд аваарай гэсэн утга юмуу даа. Үүнийг цааш ухаж үзвэл зүгээр нэг шаралхуу залуу бухимдахдаа хэлсэн сул үг ч бас биш бололтой. Учир нь барилгынхан өнөөгийн нөхцөл байдлаас аль болох хохирол багатай гарах талаар чамгүй олон арга сүвэгчилж буй аж. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл буюу олон улсын хэллэгээр fores majeure, түүнээс арай өөр манай одоогийн нөхцөл байдалд нилээд тохирох улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн урьдчилан таааглах боломжгүй нөхцлөөс болж учирсан бизнесийн эрсдлийг шийдвэрлэдэг олон улсын хэм хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга замыг ч сонгох боломжтой эсэхийг судлан суугаа нь үүний гэрч.
Учир мэдэх мэргэжилтнүүд, эдийн засагчдын баталж буйгаар бол барилгын салбар дахь хямрал араасаа нийт улс орны санхүү эдийн засгийн гүн хямралыг дагуулдаг зүй тогтолтой гэнэ. Хэрвээ манай төр засаг, Монгол банкны дээд хэсэгт өнөөдрийнхөөс арай илүү боловсролтой, ухаантай, бас улс орны хувь заяанд санаа зовдог хүмүүс байсан бол байдлыг ингэтэл нь хүндрүүлэхгүйгээр засаж залруулах бодитой боломж байсан, одоо ч байгаа, тэгэхдээ өдрөөс өдөрт хумигдсаар байгаа аж. Үүнд нэн түрүүнд Монгол банкны унхиагүй, арчаагүй, ажилтнууд нь хувийн амбицдаа баригдан улс орны нийтлэг ашиг сонирхлыг уландаа гишгэсэн байдлыг барилгынхан тодорхой жишээ баримтаар нотлон, албан тушаал, нэр устай нь дурьдан ярьцгааж байгаа юм.


Бүх орон сууц хятадуудынх болох уу?

Ер нь иймэрхүү тохиолдол ганц манайд ч биш дэлхийн цөөнгүй улс оронд тохиолддог юм байна л даа. 2000-аад оны эхээр Азийн их хямралтай давхцан Хонгкогт барилгын салбарын ийм хямрал нүүрлэжээ. Манайхаас хамгийн их ялгаатай нь тэр үед Хонконгийн Засгийн газраас хөрөнгө мөнгө гаргаж борлуулалтгүй үлдсэн болон дуусаагүй зогссон бүх барилгуудыг барилгын компаниудаасаа худалдан авчээ. Барилгынхаа компаниудыг аврах гэж тэр шүү дээ! Нэгэнт хямралтай цаг үе байсан болохоор мэдээж ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан тул 2003 оны эхээр Хонконгийн Засгийн газрын эзэмшилд зарагдаагүй үлдсэн 25000 орон сууц байсан нь энэ орны дэлхийд өрсөлдөх чадвар илт муудсаныг харуулах үзүүлэлт болж байв. Чухам яг энэ үед БНХАУ-ын барилгын Жун Фань групп эдгээр орон сууцны зарагдах үнийг шалдаа буусан хойно нь худалдан авахаар зэхэж байв. Үүнийг мэдсэн олон түмний дунд “эх газрын хятадууд энд ирж зугаацан цэнгэхээр болж байна” гэсэн шуугиан улс орон даяар түгжээ. Өмнө нь орон сууц хэтэрхий өндөр үнэтэй байна, барилгын компаниуд баяжиж байна гэсэн шүүмжлэлийг тасралтгүй цацаж байсан хэвлэл мэдээлийнхний эх орон ч совин хөдөлж дуу хоолойгоо нэгтгэн “Барилгын бизнесээ аварья. Өөрсдийнхөө хөлс хүчээр бүтээн босгосон үл хөдлөх хөрөнгөө өөрсдөө эзэмшье” гэсэн уриалга ухуулгыг бас л тасралтгүй цацаж эхэлснээс хойш 7-хон хоногийн дараагаас орон сууцны борлуулалт бараг 3 дахин нэмэгдэж, үнэ нь өсч, барилгын бизнес сэргэжээ.
Бид үнэн худлааг бүү мэд, эх орондоо, баялагтаа харийнхнийгд тэр тусмаа хятадуудыг эзэн суулгахгүй энэ тэр гэж их л сүржигнэцгээдэг. Үүн дээр дөрөөлөн мандсан “чин зоригт эх орончид” ч олон буй. Харж л байя. Монголын Улаанбаатар хот дахь дуусаагүй барилга, тэр дундаа орон сууцуудын үнийг шалан дээр буусан хойно нь худалдан авах гэсэн гадны овжин бизнесмэнүүд биднийг нүд салгалгүй ширтэж байна. Манай нэгэн уран сайхны кинонд гардаг шиг “Готов нь ч авна уу, Мятав нь ч авна уу” хэмээн зовож зүдрэн арга тасарсан нэгэн бүсгүй хоттой хонио хөөж байдаг шиг явдал барилгынханд бодитоор давтагдахад тун ойрхон болоод байна.
Монголчууд бидний өөрсдөө хөлс хүчээ шавхан босгосон барилгуудыг Хятад, Солонгос мэтийн орнуудын хөрөнгө сайтай компаниуд өөрийн өртгөөр нь худалдан аваад, эргүүлэн монголчуудад хоёр гурав дахин өндөр үнээр зарахыг хүлээгээд л сууцгаах уу, цөмөөрөө. Яагаад ингэж барин тавин хэлж байгаа юм бэ гэвэл, Улаанбаатарын дуусаагүй барилгуудыг Хятадуудад худалдах ажиллагаа өндөр албан тушаалтнуудын, тодруулбал, Засгийн газрын гишүүдийн дунд хэдийн эхэлчихсэн байгааг мөхөс би энэ хоёр “циймэрээрээ” харсан билээ.
Ийнхүү дэлхийн глобал хямралын сүүдэрт өртсөн нялх балчирхан барилгын салбараа УМХГ, Монгол банк, Арилжааны банкууд зэрэг “баатар”-уудын сэлэмний өмнө аваачин цаазлаад, цааш нь дайлаар мордон сөнөөх үү? Хэн нь эндээс юу олох бол???

Үргэлжлэлийг бичнэ.

Н.Од


Үргэлжлэл. Түрүүч нь ¹168-д


Иргэдийн хадгаламжаар барилга барьж болдоггүйг ойлгуулав

Өнөөдөр барилгын салбарт болж буй хямрал нь мэдээж олон шалтгаантай боловч арилжааны зээлээр буюу ард иргэдийн хадгаламжийн мөнгөөр хэзээ ч хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм гэдгийг нийтээр дээр дооргүй хүлээн зөвшөөрч, бүгдээр яс махандаа шингэтэл ойлгож авцгаасан нь эндээс үлдэж буй цор ганц ашигтай тал юм даа. Ямартаа ч мөнгө л бол мөнгө байдаггүй, хадгаламжийн мөнгө барилга барьдаг мөнгө хоёр хоорондоо эрс ялгаатай, нэгээр нь нөгөөг нь орлуулж болдоггүй гэдгийг манай мундаг банкирууд ойлгох шиг боллоо. Хамгийн өөдгүй нь өөрсдийгөө банк санхүүгийн өндөр мэдлэг боловсролтнууд хэмээн ярих дуртай эдгээр нөхөд маань эхнээсээ өөрсдөө буруу юм хийчихээд байдал хүндрээд, барилгын компаниудад өгсөн зээл, хүүгээр өсгөн буцааж авах найдвар багасаад ирмэгц бурууг бусдад нялзаан ганц хоёрхон жил, сарын өмнө үй зайгүй дотно байсан түншүүдээ “жийж” хуншгүй зан гаргаж эхэлсэнд барилгынхан ихэд бухимдаж байна. Банкууд цаанаа мөнгөтэй гэх атлаа зөвхөн дотоод засал төдий үлдчихсэн барилгыг гүйцээчихэд шаардлагатай бага хэмжээний зээлийг өгөхгүй хатуурхаж байгаа нь байдлыг улам явуургүй болгож байгаа юм. Харуул хамгаалалт, гэрэл цахилгаан, зээлийн хүү гээд дуусаагүй барилгын өртөг зардал өдөр цагаар нэмэгдэж зарим барилгын хувьд зээлийн хүү, алдангийн төлбөр нь байшингийнхаа анхны тооцоолсон өртөгт дөхөж буй талаар ч зарим хүмүүс ярьж байв. Ийм нөхцөл байдал үүсмэгц аль аль талаа бодсон эрүүл саруул шийдвэр гаргахгүй бол зээл авсан нь ч, зээл өгсөн нь чүлэмж хохирол хүлээнэ гэдгийг банкныхан ойлгохгүй зөвхөн өөрсдөө л яаж ийгээд гарз хохирол багатай гарахыг чармайж байна гэж барилгынхан шүүмжилж буй. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци дээр болсон зөвлөгөөн дээр нэгэн бизнесмен “хэрвээ банкныхан цаашид ийм маягаар новшийн зангаар хандах юм бол та бид бүгдээрээ нэгэн зэрэг дампуурлаа хуулийн дагуу зарлахаас өөр аргагүй” гэсэн санал гаргаж байв. Энэ бол мэдээж зөвхөн тухайн үед л санаанд нь орж ирснээ хэлсэн хэрэг бус харин нилээд удаан бодож эргэцүүлсний дүнд бий болсон санаа биз ээ.


Улс төрчдийн талцал буюу “Анод”-ын араас хэнийг явуулах вэ?

Барилгын салбарт болж буй энэхүү бужигнааны талаар эргэцүүлэн бодоход манай арилжааны банкууд өнөөх улиг домогт хадгаламж зээлийн хоршоодтой ижил байдалд орж буй бололтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр элдвийн гоё зар сурталчилгаа тасралтгүй цацаж өндөр хүү уралдан амалсаар хүмүүсээс татсан хадгаламжийн мөнгийг цааш нь өндөр хүүтэй зээлүүлэн өсгөх гэсэн ганцхан хүсэл сонирхол нь тэднийг өнөөдрийн хүндрэлтэй учруулжээ. Дашрамд хэлэхэд манай төр засаг дэлхийд байхгүй шахам хачин сонирхолтой нэгэн шийдвэрийг банкны салбарт гаргасан нь иргэдийн хадгаламжид төрийн баталгаа гаргасан явдал. Нэгэнт төр ийм баталгаа гаргаж түүнийгээ зарласан болохоор ард иргэд цаад банкны хэн болохыг сонирхохгүй шахам мөнгөө хадгалуулахын зэрэгцээ банкууд ч хүний мөнгийг хадгалахад гарах эрсдлийг өөрсдөө хариуцахгүй санаа амар болжээ. Барилгынхны ярьж буйгаар банкныхан мөн л бизнесээ эрхэмлэх сэтгэлгээтэй учир зарим нэг нь барилгын компаниуд буюу зээлдэгчдээ хүнд байдалд ормогц нь хаях биш харин өөрсдөөс хамаарах бүхнээ аль аль талаасаа хийх хэлбэрээр хамтран гарц хайх эрмэлзэл байгаа боловч зарим улс төрийн хүчин, улс төрчдийн зүгээс ийм алхам хийхэд нь тээг тавьж, тэр ч бүү хэл “илүү дутуу юм дураараа хийх гээд байвал “Анод”-ын араас явуулна шүү” хэмээн заналхийлж байгаа учраас нам болсон гэнэ лээ гэх яриа таржээ. Хэнээс ч хараат бус хувийн хэвшлийн банкууд яахаараа хэн нэгэн улс төрчийн дохио зангаанд ордог билээ гэж та асууж магадгүй. “Анод”-ын хэрэг явдалтай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж байгаа болон хүмүүс хоорондын яриаг анхаарах аваас хэрэв хүсэх юм бол манай ихэнх арилжааны банкуудаас “Анод”-ынх шиг зөрчил дутагдлыг илрүүлэх боломжтой бөгөөд тэд ч өөрсдөө үүнийгээ сайтар мэдэх тул эрх мэдэлтнүүдийн харцан дор дальдчин явдаг бололтой. Улс төрийн хүчнүүдийн, хүчнүүдийн ч гэж дээ, МАХН ба АН хоёрын хоорон дахь зөрчил тэмцэл, зөвшил хэлцэл дор Монгол орны хувь заяа оршиж буй нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа болохоор хямралд орсон барилгынхан болон банкныхан ч тэднээс ангид байж чадсангүй. Засгийн газар гадаадын орнуудаас олж ирэхээр уйдтал яригдаж буй 300 тэрбум төгрөгөөс багаханыг ч болов хувиарлуулан авч асуудлаа шийдүүлчих гэсэн энэ хүмүүст улс төрчдийн өмнө аятайхан бөхөлзөхөөс өөр арга өнөөдөр харагдахгүй байна. Гай болоход энэ хоёр нам Засгийн газрыг хамтран байгуулсан болохоор хэн нэгэнд нь мдэгдэхгүйгээр аль аль талд нь бөхөлзөнө гэдэг үнэхээр зориг зүрх, бас авьяас шаардсан ажил ажгуу.


Хятадын үйлдвэрийг түших үү, ипотекийн хууль хэрэгжихийг хүлээх үү?

Хоёр намынхны хувийн ашиг сонирхол, улс төрийн амбицаас шалтгаалан хэдэн он дамжин гацаж байж арайхийн дөнгөж сая батлагдсан “Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай” буюу бидний хэлж заншсанаар ипотекийн хууль өнөөдөр хонгилын үзүүр дэх цорын ганц гэрэл болж байна. Өдгөө учирч буй бас нэг бэрхшээл бол ард иргэдийн гар дээрх мөнгө хомсдож тэр хэрээр тэдний худалдан авах чадвар буурснаас бэлэн болсон орон сууцнууд борлуулалтгүй зогсох болсон явдал юм. Энэ нь дутуу баригдсан барилгуудыг гүйцээсэн ч гэсэн мөн л үхмэл хөрөнгө хэвээр байх байдал хадгалагдах тул худалдан авагч талыг санхүүжүүлэх замаар барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгоор дээрх хуулийг гаргахаас өөр аргагүйд хүргэсэн билээ. Гэтэл барилга, банкны салбарын чадавхи өдрөөс өдөрт доройтон буй энэ үед нэг ч болов хоногийн өмнө уг хуулийг хэрэгжүүлж эхлэх учиртай Монгол банк, Сангийн яамныхан яах гээд байгаа нь мэдэгдэхгүй цаг нөхцөөсөөр. Хэрэв санхүүгийн эх үүсвэр олох ажлыг шуурхай шийдээд орон сууц хүссэн иргэдэд ипотекийн зээл олгоод эхэлвэл тэр мөнгө барилгачдад очиж, дуусаж амжилгүй зогссон орон сууцууд ээлж дараагаар ашиглалтанд орж өнөөх Засгийн газрын 100000 айлыг дөрвөн жилд орон сууцжуулах хөтөлбөр гээч нь амь орох билээ. Дуусахад маш бага ажил үлдсэн, тодруулбал гүйцэтгэлийн хувь 80%-аас дээш байгаа 30000 гаруй айлын орон сууц эзэндээ очиход л энэхүү төслийн 30% биеллээ гэсэн үг юм.
Гэтэл үүнтэй зэрэгцээд Төв аймгийн Сэргэлэн суманд Хятадууд жилд 1.0 сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулахаа зарлаад одоо өдөр шөнөгүй шамдаж буй гэх. Энэ үйлдвэрийн талаар нилээд судалж мэдсэн барилгын материал үйлдвэрлэгчдийн яриагаар бол тэнд тийм том цементийн үйлдвэрийг Хятадууд даруй ашиглалтанд оруулахгүй. Харин наана нь тэнд тоосго, блок, замаск, хана, дээврийн хавтан, будаг, шохой гээд бүх л төрлийн барилгын материалын жижиг үйлдвэрүүдийг ажиллуулах, мөн түүнийгээ дагуулаад дотоод засал чимэглэлд шаардлагатай материалуудыг оруулж ирэх юм байна. Мэдээж манай барилгынхан санхүүгийн ямар ч боломжгүйг тэд мэдэх хойно дээрх хэрэгцээт материалуудыг барилгын компаниудад барьж буй барилгыг нь барьцаалан зээлээр өгөх тооцоотой байгаа юм байх. Үүнийг үнэн үү, худал уу гэж батлах шаардлагагүй. Учир нь энэ бол байж болохгүй зүйл огтоос биш.


Барилгын салбарын хувь заяа зөвхөн барилгачдын асуудал биш

Барилгын компаниуд дампуурч байна, барилгыг нь нураах шийдвэр гаргажээ, үйл ажиллагааг нь зогсоожээ, үлэмж ихээр торгожээ гэх мэдээллүүдийг та бид сонсоод өөрт огтхон ч хамааралгүй мэтээр, тэр ч бүү хэл зарим нэгэн болчимгүй хүн “хохь нь” хэмээн санаж болох юм. Тийм биш ажээ. Хэрэв айл өрхүүд шинээр орон сууцанд орохгүй бол юун хөлдөөгч, телевиз, компьютер, хөшиг, гэрэл чийдэн, хивс дороож худалдан авах, элдэв төрлийн засвар үйлчилгээ хийлгэх. MCS, BSB, Номин электроникс, Компьютер лэнд, Нарантуул, Хархорин, 100 айл, Их дэлгүүр, Гермес центр бүгдийн үйл ажиллагаа, арилжаа худалдаа, борлуулалт царцана. Нэгэнт эдгээр бараа бүтээгдэхүүний эрэлт байхгүй болохоор нөгөө жижиг зээл, лизингийн ч хэрэггүй болно. Түүнээс гадна барилыг дагаж явдаг томоохон салбар ачаа тээвэр. Төмөр зам, авто тээвэр ялгаагүй. Хавраас намар хүртэл тээврийнхэн бараг өдөр шөнөгүй, амралт баяр ёслолын өдөр гэлтгүй борви бохисхийлгүй ажиллаж тэрнийхээ хэрээ орлого ашиг олж байдаг. Томоохон компаниуд гэлтгүй Гурвалжингийн гүүр, Амгалан гээд хотын энд тэндгүй парклан зогсох бидний шоглон нэрлэдгэр “горьдлого компанийхан” ч барилгаас л амьдрал ахуй нь шууд хамаарч байдаг. Нэг үгээр хэлэхэд засаг төрөөс ажлын байр, цалин тэтгэлэг нэхэлгүй амьдралаа авч явдаг олон мянган хүн барилгын салбарын хямралаас болж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсээр байна. Судлаачид, мэргэжилтнүүдийн тооцоолсноор барилгын бизнес араасаа 100 гаруй төрлийн бизнесийг дагуулж, тэтгэн тэжээж явдаг аж. Мөн манайд өнөөдөр хамгийн их анхаарал татаж түгшүүр төрүүлж буй явдал барилгынхан дампуурвал араасаа банк санхүүгийн системийг тэр чигт нь татан унагах аюул нүүрлэж буйд оршино. Өнөөдөр хөл дээрээ гүйцэд босож чадаагүй, хөлд орох хүүхэд адил тэнтэр тунтар яваа банк, санхүүгийн салбар унавал улс орон, нийт ард иргэдэд юу тохиолдох нь ойлгомжтой. Барилгын бизнес нь галт тэрэгний урт цувааг чирэх зүтгүүр лугаа адил гэж манай барилгын нэгэн томоохон бизнесмен хэлсэн байна лээ. Үүнтэй маргах арга үгүй.
Тиймээс өнөөдрийн барилгын компаний босгосон байшингуудыг элдэв шалтгаан, дарамт шахалтаар нурааж буурин дээр нь өөрийнхөө ордонг барих тухай бодож төсөөлөхийн ч хэрэггүй бөгөөд хазгай муруй ч гэсэн арайхийн босгосон барилгуудаа нураах тухай биш харин нурахаас нь сэргийлэн нэмэлт багана тулгуур хийх тухай яримаар байна. Нуран унаж буй барилга бүрийн тоогоор эх орон минь эмтэрч байгаа гэж бод.



Н.ОД

No comments:

Post a Comment