Showing posts with label Түүхий шүлгүүд. Show all posts
Showing posts with label Түүхий шүлгүүд. Show all posts

Friday, August 3, 2012

АЙРАГ УУЖ СУУХУЙ ДОР

Хүн чамаас нэгэнт уйдаж хөрсөн  бол
Хүйтэрч холдсон сэтгэлийг буцаан авчрах аргагүй
Үзэсгэлэнт биеийг нь эзэмдсээр байж болох ч
Үхсэн хүний цогцсыг тэвэрч хэвтэхээс ялгаа юун...

*      *      *

Буян нүгэл хоёрын ялгааг мэдэхгүй мунхарчаад
Буруу зөв хоёрын заагийг харахгүй сохорчоод
Бурхан алга гэж бусдад гомдоллон уйлагнах нь
      Тэвчээргүй зангаар босон суунгаа жаргал хайж
      Тэнэж явахдаа хазгай гишгэж нүхэнд уначаад
      Тэнгэрийн нар алга болчлоо гэж тэвдэн орилохоос ялгаа юун...


*      *      *

Мөнхрөхгүй гэж мэдэвч
Үхэхээ мэддэг нь цөөн
Үхнэ гэж мэдэвч
Түүнд бэлтгэдэг нь цөөн
Түүнд бэлтгэдэг нь цөөн тул
Үхэж чаддаг нь цөөн.

*      *      *

Үл мэдэхийн шүлэг: 
Эжийгээ ээж болоход нь би хүү боллоо, 
Эхнэрээ ээж болоход нь би аав боллоо, 
Охиноо ээж болоход нь би өвөө боллоо.
Олон ээжийн ачаар би бүтэн хүн боллоо.



Tuesday, July 31, 2012

УРЬД ШӨНИЙН ЗҮҮД

Уугаагүй айраг зөндөө үлдсэн байна
Үхэж болохгүй.
Учраагуй тохиол зөндөө олон байна
Өтөлж болохгүй.
Гараагүй оргил зөндөө олон байна
Цуцаж болохгүй.
Хараагүй одод зөндөө олон байна
Аньж болохгүй.

*        *       *

Дуулаагүй дуу зөндөө олон байна,
Хоолойгоо гамна.
Туулаагүй тал зөндөө их байна,
Унаагаа гамна.
Биелээгүй хүсэл дэндүү их байна,
Сэтгэлээ гамна.
Эдлээгүй жаргал хавьгүй их байна,
Биеэ гамна.

*        *       *

Галд хийгээд улайсгаж байх шиг
Сорогдож байна.
Гантай хуурайгаар үрж байх шиг
Зорогдож байна.
Галзуу юм шиг зүтгэсээр яваад
Хорогдож байна.
Гачлант хорвоог мэдсээр хэрнээ
Хоргодож байна.

*        *       *

Хонхор мөртлөө далайн түвшнээс дээш газрыг уул гэх үү?
Хорьтой мөртлөө далан настнаас хоцорч сэтгэгчийг залуу гэх үү?

ЖИРГЭЭ МӨРҮҮД

Авхаалжтай эрд архи цутгавч дийлдэхгүй 
Арчаагүй эрийг рашаанд угаагаад ч өөдлөхгүй...

Өөртөө итгэлтэй хүнд 
Өндөр уул ч дов мэт харагдана... 
Өөртөө итгэдэггүй хүнд 
Өвсний толгой ч жад мэт үзэгдэнэ...

Онгод хийморьтой эрийн үйлс 
Согтуу явахад нь ч бүтэлтэй... 
Олхиогүй эрийн ажил амьдралд 
Бурхан тусалсан ч бүтэлгүй...

Алтан ууланд эзэн суух гэж 
Амиа золин зүтгэж явсангүй... 
Алдар хүндийн боол болж 
Алтан шороор дөрлүүлж явсангүй...

Буян хичнээн бодлоо чиг 
Бурхан шиг явж чадсангүй... 
Бузраас хичнээн зугатлаа чиг 
Бусдын жишгээс гажсангүй...

Аяга тагш юм балгасан ч 
Амьтнаас нуух гэж зүдэрч явсангүй 
Сэтгэлийн дарамтаа шилгээж явсан ч 
Шилний ёроол руу унаж явсангүй



Хорвоогийн жамыг үл ухан
Хомхой сэтгэлийн боол явсаар
Хойд насандаа нохой болон төрвөөс
Хооллох идүүр чинь алтан байгаад ч яах юм билээ. /2013.07.08/

Sunday, July 22, 2012

БОГИНО МӨРТҮҮД

Төрөхийн цагт хорвоог ээжийнхээ сүүгээр зөөллөв
Туулахын цагт амьдралыг ханийнхаа хайраар зөөллөв
Төгсөхийн цагт орчлонг үрсийнхээ жаргалаар зөөллөнө.

*           *          *
Дарсанд согтож үзээгүй хүний сэтгэл хатуу
Дурлалд согтож үзээгүй хүний сэтгэл хүйтэн.

*           *          *
Шилэн лонхны доторх 
Шингэн амтанд живмээр байна
Шилэн цонхны цаадах шингэн дуунд
Шингэмээр байна.

*           *          *
Дээдсийн хүрээлэн дэх ноёдтой
Тэрсэж амьдрах тэнхээтэй бай
Дэргэдээ байгаа хүнийг
Энэрч амьдрах сэтгэлтэй бай

*           *          *
Зэрэглээт говийн салхи залгилсан
Зэрлэг хулангийн азарга шиг яваад
Зээрийн янзага шиг бүлтгэрхэн охинд
Зэлтэй унага шиг уягдан үлдэв ээ.

*           *          *
Эзэд ноёдын харшид хоригдсон
Эрхэмсэг хатагтай нэртэй явснаас
Эрчүүдийн өвөрт шидийг үзүүлэгч
Эрх чөлөөтэй янхан бай.