Showing posts with label Түүхэн уламжлал. Show all posts
Showing posts with label Түүхэн уламжлал. Show all posts

Monday, November 23, 2009

ХААН ХҮНИЙ 35 ЭРДЭМ

1. Сайн бүхний үндэс – билэг оюун төгсөх
2. Энэ ба хойт хэргийг санаж сэтгэлээ шинжих
3. Буяны дээд багшийг шүтэх/мэдлэгтэй хүмүүсийг хүндлэх, дагах/
4. Буруу явдалтай хилэнцэт нөхрийг үл тэвчих
5. Гэм бүгдийн гарах орон буруу үзлийг тэвчих
6. Шалтгаан, үрийн барилдлагыг мэдэх
7. Эрдэм билэг төгөлдөр итгэмжит нөхрийг шүтэх
8. Эрдэмтэй, эрдэмгүй, сайн ба муу ардыг ялган таних
9. Худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үнэнд үл барих, зохист утгаар шинжих
10. Арга башир ихтэй, ач тусыг үл санагч муу нөхрийг тэвчих
11. Номын ёсоор явах/хуулийн дагуу/
12. Олон түмний сэтгэлд нийлэмжтэй уран яруу өгүүлэх
13. Эрдэм билгийн дайсан – залхуу хойргыг тэвчих
14. Аливаа үйл хэргийг хийхийн өмнө нягтлан шинжих/бусдын санал сонсох/
15. Хэр хэмжээтэй зоог барих
16. Бууран доройтохын үндэс-үлэмж нойрыг тэвчих
17. Эм хүний үгэнд үл орох/хамааралгүй эмийн үг/
18. Өтгөс, нялхас, дорой буурайг үл хууран мэхлэх
19. Уур хилэнг сайтар дарж, номхон хүлцэнгүй байх
20. Хотол сайн явдал төгсөх
21. Эцэг, эх болон амраг саднаа хайрлах
22. Ард олноо эд агуурсаар гачигдуулахгүй байх
23. Албат иргэдээ алба татвараар дарахгүй байх
24. Хэрцгий догшин авиргүй, урсгал зөөлөн сэтгэлээр ард олноо жаргаах
25. Өвөг дээдсийн өв уламжлалыг хадгалан хамгаалах

26. Хамаг амьтны тусын тулд өглөгт хичээх

27. Цаг үргэлж үнэн өгүүлэхийг хичээх
28. Тачаал, шуналын сэтгэлийг үл хэрэгсэх
29. Чухаг дээд гурвыг шүтэх
30. Сайн нөхрийг шүтэх
31. Үр хүүхдүүдээ хайрлан энхрийлж, сайн мөрд оруулах
32. Ард олноо асран тэтгэх
33. Албат иргэдээ номчлон тэтгэх/гэгээрүүлэх/
34. Өөрийгөө болоод бусдыг арван буяны мөрд оруулах/зөв амьдрах/
35. Дээдийн номыг дэлгэрүүлэх/сургаал, номлол, мэдлэг/

Wednesday, April 1, 2009

ЭХ ТҮҮХЭЭ ӨМӨӨРӨХҮЙ

Одоогоос хоёр жилийн өмнө дөө, та нар санаж байгаа байх, Япон, Монголын хамтарсан Чингис хааны тухай кино гарсан. Тэр киног үзчихээд шал дургүй хүрч миний найз бид хоёр хэсэг сүржигнэсэн юм. Хэдийгээр уран сайхны л кино ш дээ гээд тоохгүй орхиж болох ч цагаа тулахаар дургүй хүрээд болдоггүй юм билээ. Тэр үед бичиж байсан юмнуудынхаа заримаас сонирхуулья. Ерөнхийлөгч хариу өгсөн, Ерөнхий сайд бас хариу өгсөн, харин Японы Элчин ямар ч хариу өгөөгүй санагдана.

* * *

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛД
нар танаа

Монгол улсын Засгийн газар өвөг дээдэс хийгээд ирээдүй хойчийнхоо өмнө ялт хэрэг үйлдэв. Японы тэрбумтан ноён Кадакова тэргүүтэй хэсэг хүмүүст улсын төсвийн хөрөнгөнөөс 680 гаруй сая төгрөг өгч “захиалгаар” эх түүхээ сүйтгүүллээ. Эзэн дээдсээрээ бахархан омогших учиртай монголчууд бид харин ч эсрэгээр тэднийхээ өмнөөс ичиж зовох ёстой болов.
Япон, Монголын хамтарсан бүтээл гэх “Бөртэ чоно - Чингис хаан” киног үзсэн, түүхээ гадарлах монгол хүн бүхэн үүнтэй санал нэгдэх буй заа. Киног бүтээгчид Чингис хааны нэртэй “том хуушуур” хийн зарж их мөнгө олох гэсэн цорын ганц зорилго л агуулсан байгаасай гэж бодоход хүрэв. Учир нь уг кинонд гол баатруудын нэрээс өөр манай буурал түүхийн үнэнд нийцэх зүйл бараг алга. Түүхэн хүмүүсийн дүр, үйл явдлууд болон түүний учир шалтгаан, уламжлалт ёс заншил, угсаатны зүй гээд тухайн үеийн Монголын төр, нийгмийн бүх талыг танигдахын аргагүй болгон зэрэмдэглэсэн тул энэ бүх гажуудлыг тоочих гэвээс олон хуудас цаас болно.
Бид эх түүх, гүн ухаан, эзэн хаадынхаа тухай бодит үнэнийг мэдэх эрхгүй дэндүү урт удаан үеийг туулсан. Түүнийг мэдэх нь зөвхөн монголчуудад хэрэгтэй, харин бусдад аюултай байсан учир бидэнд мэдүүлэхгүй байхын тулд бүхнийг хийдэг байсан. Эх түүх бол ямар нэгэн цаг хугацааны дараа, тодорхой нөхцөл бүрдэхэд ирээдүй, улмаар одоо болон давтагддаг зүй тогтлыг тэд мэддэг байсан тул түүхийг минь мартуулах хатуу бодлогыг баримталж ирсэн юм.
Манж, Хятадууд түүхэн билэг чанарыг маань, Оросууд оюуны удамшлын генийг маань ор үндсээр нь устгасныг хэлж байна. Үүнийг бид ч бас мэдэж, мэдэхийнхээ хэрээр эцэг дээдсийнхээ эргэн ирэх түүхийн бүдэгхэн жимийг цөхрөлтгүй эрсээр эдүгээг хүрсэн билээ.
Дээрх киночид зөвхөн мөнгө л хөөжээ гэж арай өөдрөгөөр бодсон ч дэлхийд хамгийн дээр данстай та бидний эцэг дээдсийн дүр төрх, ааш араншин, билэг чанар, үйл хэргийг нь хэрхэн өөрсдийн санаан зоргоор өөрчилж, гутаан доромжилсныг эл киноноос үзсэн өв уламжлалаа мэдэх монгол хүн бүр жигшин зэвүүцэж байна. Учир нь бидний өв соёл, түүх, уламжлалд дэндүү харгис хандсан эрээ цээргүй халдлага болжээ. Энэ нь манай түүхээр тоглоод зогсохгүй мөн өнөөгийн та биднийг ч басамжлан тохуурхсан хэрэг юм.
Тэртэй тэргүй хатуу ширүүн хавчлага, хүнд хэцүү хувь заяаны эрхээр бүдэгрэн алдагдах шахсан эх түүхээ сэргээн тодруулж, өнөөгийн залуус болон хойч үеийнхэндээ үнэнээр нь хүргэх юмсан гэсэн үе үеийн монголчуудын хүсэл эрмэлзлэл, сэтгэл зүтгэл рүү мөнгө олох гэсэн киночид зүгээр л нулимж орхисныг Та ч бас мэдэрч байгаа гэдэгт найдна.
Хаан хүний 35 эрдмийг төгс эзэмшсэн, ганц өөрийн улс бус дэлхий дахины төрт ёсыг хэдэн зуун жилээр засан тохинуулж чадсан суу билэгт гүн ухаантан, агуу их улс төрч, цэргийн суут жанжин, эзэн богд Чингис хаан болон түүний эцэг эх, эрдэмт хатад, үр хүүхдүүд, хамгийн дотнын анд, ойр тойрных нь түүнээс дутуугүй шахам их хүмүүсийг ердөө хээр талын хэсэг зэрлэг амьтдаас цаашгүй байсан мэтээр дүрслэн харуулсан нь киночид энэ талаар үнэхээр тийм л төсөөлөлтэй байсных гэхээсээ илүү халдашгүй дархан үүх түүхийг минь үл тоомсорлон хог шороо мэт үзэж, уландаа гишгэж байгаа харуусам сэтгэгдлийг төрүүлж байна.
Японы Сёгүний хаанчлалын эцэг Ёритомогоор ийм “хуушуур” хийж зарвал худалдан авагчид олдоно доо! Их Петр хааных нь тухай ийм кино гаргасан хүнийг оросууд яах бол? Эсвэл Хятадын Цинь Ши хуанди /тэнгэрийн хөвүүн/ - ийг ийн элэглэн дооглосон бол …? Тэгвэл яах байсныг хэн ч мэдэхгүй. Учир нь хэн ч ингэж зүрхэлсэн тохиолдол дэлхийн түүхэнд байхгүй! Харин “Шулмын шүлгүүд” нэртэй ном гаргаж, ингэхдээ эртний хаадыг нь ч, түүх шаштирыг нь ч хөндөөгүй, харин шашных нь зарим нэгэн уламжлалд харшилсан мөрүүд оруулсны учир Ираны төрөөс цаазаар авах эчнээ ял сонсоод нуугдаж амьдрахаас өөр аргагүй болсон Салман Рушид гэх нэгний тухай сонссон санагдана. Бас Тайландын эзэн хааны хөргийг хар будгаар зурсан Швейцарын нэгэн зураачид Тайландын шүүхээс “эзэн хааныг үл хүндэтгэсэн” гэсэн үндэслэлээр 75 жил хорих ял оноосныг өмгөөлөгч нар нь хэтэрхий чангадсан гэж үзэн 7 жилийн ял болгуулж шударга шийтгэл оногдуулахаар заргалдаж байгаа тухай мэдээлэл өчигдөрхөн дэлхийн даяар түгснийг сонссон биз дээ. Үндэсний мэдрэмж, үндэсний бахархал бол ийм эмзэг нандин зүйл ажгуу.
Ноён Ерөнхийлөгч өө, ноён Ерөнхий сайд аа, та бүхэн эзэн Чингис хаанд хүндэтгэл үзүүлж байна хэмээн утга агуулга хомс, ур хийц болхи амь авшиггүй хөшөөнд сунаж мөргөх нь халаг аяглаж байсан тань үнэхээр хүндлэл байсан юм бол мөнгө “хийх” гэсэн гадаад, дотоодын хэдэн хүнд ард түмнийхээ татварын хэдэн төгрөгнөөс хайр найргүй базаж өгөн их хаанаа ингэж доромжлуулж, эх түүхээ ийн сэглүүлэхгүй байсан бус уу!!
Эхлээд хууртагдсан байлаа гэхэд эцэст нь өөрсдийн нүдээр үзсээр харсаар атлаа ийм киног Засгийн газар баяр баясалтайгаар хүлээн авсны учрыг огт ойлгосонгүй. Төр нь эх түүхээ, үндэс угсаагаа, ард түмнээ ингэж олз хайгчдад доромжлуулж, гишгүүлж, басамжлуулж болдог жишээг бид мэдэхгүй байна. Түүх уламжлалаа төдийлэн мэддэггүй багачууд маань өнгөрсөн түүхээ ийм байсан мэтээр бодож түүнээс ичиж явах вий гэхээс нурууны хүйтэн хөлс чийхрана. Япончуудын хувьд киног дангаараа биш, түүхийн эзэн монголчуудтай өөрсөдтэй нь хамтран хийсэн нь үзэгчдийн өмнө харуулж буй “үнэний баталгаа” юм биз ээ!
Энэ чинь бидний цорын ганц өв шүү дээ. Дэлхийн ихэнх орнуудад эд өлөг, орд харш, алт мөнгийг өвлүүлдэг бол монголчууд хойч үедээ уламжлалт гүн ухаан, төрт ёсоо өвлүүлэн үлдээснээр үр хойч нь сайн сайхан явахыг чухалчилдаг ард түмэн билээ. Гагцхүү түүнийгээ авч хэрэглэх боломж бидэнд олдоогүйгээс хэдэн зуун жилээр уруудан доройтсоор мөхлийн ирмэгт тулсан шүү дээ. Гэвч цаг наашаа эргэсэн энэ өдрүүдэд биднээс өрсөн харийнхан өв хөрөнгийг маань ухан төнхөж, түүнийг хог новш болгон олз хайж сууна. Олз хайгаад зогсохгүй хамгийн түрүүн Монголын Засгийн газарт өөрт нь дээд зэргийн өндөр үнээр зарчихлаа шүү дээ!
Эл дашрамд өгүүлэхэд, энэхүү кино нь Монгол, Японы ард түмний эдүгээ болон хойшдын харилцаанд яав ч “сайхан дурсамж” үлдээхгүйгээрээ сөрөг үр дагавартайг анхаарах ёстой болов уу.
Дээд тэнгэр, дэргэдэх шүтээн болсон эцэг өвгөдөөр минь ийнхүү тохуурхан тоглосон явдлыг тухайн үед нь таслан зогсоох ухаан дээр дооргүй дутсан ч гэлээ дараах арга хэмжээг ноён Ерөнхийлөгч, ноён Ерөнхий сайд нар даруй авч хэрэгжүүлэх нь Монгол түмний эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна. Үүнд:

1. Энэхүү киног бүтээгчид Монголын түүхийн баримтуудыг эрээ цээргүй мушгин гуйвуулсныхаа төлөө Монголын ард түмнээс уучлал гуйх,
2. Монгол улсын төсөвт учруулсан эдийн засгийн шууд хохирол 680 сая төгрөгийг эргүүлж төлөх,
3. Киног бүрмөсөн хаах,
4. Цаашид Монголын түүх, их хаад, их хатадын нэрийг аливаа бизнесийн зорилгод ашиглах явдлыг зохицуулсан хуулийг нэн даруй УИХ-д оруулан батлуулж мөрдөх

Хүндэтгэн ёсолсон,
Түвдэндоржийн НАРАН
Ширбазарын ДАВААСҮРЭН

2007.03.14 Улаанбаатар хот

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД
НОЁН ИКИХАШИ ЯСҮЁШИ ТАНАА

Ноён Элчин сайд Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Сүүлийн арав гаруй жил Монгол, Японы ард түмэн хоорондын харилцаа улс төр, эдийн засаг, урлаг соёлын бүхий л салбаруудад эрчимтэй өргөжин хөгжиж байгаагийн сацуу Японы ард түмэн, Засгийн газраас монголчуудад үлэмж их туслалцаа үзүүлж байгааг жирийн иргэд бид өдөр бүр харж, чин сэтгэлээс баярлан талархаж явдгаа эн түрүүнд хэлэх ёстой гэж бодож байна. Тухайлбал, урлаг соёлын салбар дахь хамтын ажиллагааны бидний мэдэх хамгийн сүүлийн жишээ бол саяхан хоёр орны кино театруудад зэрэг нээлтээ хийж үзэгч олны хүртээл болсон “Бөртэ чоно Чингис хаан” кино билээ.
Гэвч харамсалтай нь Япон улсын иргэн ноён Кадакова Харуки манай зарим уран бүтээлчидтэй хамтарч бүтээсэн энэхүү кинотой холбогдуулан энэ удаа Танд таагүй захидал бичиж байгаадаа юуны өмнө хүлцэл өчье.
Учир юун хэмээвээс, уг кинонд Их Монгол улсын түүх хийгээд тэр үеийн хаад, хатадын дүр, төрт ёсны тухай үзүүлэхийг зорьсон боловч киночдын мэдлэг дутсан, эсвэл анхааралгүй хандсанаас түүхэн хүмүүсийн дүр, үйл явдлууд болон түүний учир шалтгаан, уламжлалт ёс заншил, угсаатны зүй гээд тухайн үеийн Монголын төр, нийгмийн бүх талыг танигдахын аргагүй болгон зэрэмдэглэсэн нь өөрийн үүх түүхээ мэддэг, бас дээдлэн хүндэтгэдэг, үр хүүхдүүддээ түүхээ үнэнээр нь уламжлуулахыг хичээдэг монгол хүн бүхэнд тун таагүй сэтгэгдэл төрүүлж, сэтгэл эмзэглүүллээ.
Түүхэн үнэнийг маш их гажуудуулсан ийм кино хийж олон нийтэд цацсаны бурууг бид өөрийн орны Засгийн газар, уран бүтээлчидтэй холбон үзэж байгаа бөгөөд харин нэгэнт гарсан энэ алдааг Японы тал цаашид даамжруулахгүй байхыг л хүсэж байна.
Иймийн тулд “Бөртэ чоно Чингис хаан” киног Японы болон бусад улс орнуудын кинотеатрт гаргахыг зогсоох талаар кино бүтээгчид, Япон улсын холбогдох байгууллага, хүмүүст уламжилж өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсье.
Энэ асуудлаар бид мөн өөрийн орны Ерөнхийлөгч болон Засгийн газарт хандаж байгаагаа дашрамд сонордуулья.

Хүндэтгэн ёсолсон,

Монголын түүх, гүн ухаан судлаач
Ш.ДАВААСҮРЭН
Т.НАРАН

Түүхээ шатаавал ирээдүйгээ түймэрдэнэ.

Монгол түмний маань сүлд шүтээн, өнө мөнхийн түүхэн бахархал болсон их эзэн богд Чингис хааны тухай Япон, Монголын хамтарч хийсэн “Бөртэ чоно Чингис хаан” киног үзэхээр ихэд сэтгэл догдлонгуй очлоо. Цөөнгүй жил яригдаж, манай төр хагас илүү тэрбум төгрөгөөр дэмжиж хийсэн болхоор Богд эзнийхээ боломжит дүр төрх, суу билэг, тэрчлэн түүхийнхээ нэгэн бахархалт үеийг ихэд шимтэн үзнэ дээ! гэж санасан хэрэг. Тэгээд л хүлээж, яарч, догдлож үзсэн юм.
Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчийн үлгэр болсон төдийгүй үзэгчдийн эгдүүцэл инээд хоёр өөрийн эрхгүй давхцаж байлаа. Үзэгчид дуу алдсан эгдүүцлээрээ одоогийн айхын айвал, даарахын давхац болсон төрөө шоглож, нирхийсэн инээдээрээ өөрийгөө, өөрсдийгөө элэглэж суугаа нь илт мэдрэгдэнэ. Хэдийгээр урансайхны кино ч гэлээ түүхийг ингэж гашилж исэлдсэн хоормог болгож болно гэж үү!!
Эзэн Чингис хаан маань одоогийн билгийн мэлмий нь битүүрч эдгэрсэн Энхбаяр, Энхболд, Нямдорж биш шүү дээ! Тэд нааш харж инээхдээ төрийн ордны өмнөх Чингис хааны амьгүй зэс хөшөөнд алдлан мөргөх нь холгүй шоудаж, цааш харж мөнөөхөн мөргөж сөгдөж байгаа их хаанаа хүртэл үнэлэн худалдахдаа хүрсэн нь тэдний дэмжиж хийлгэсэн энэ киноноос мунхагийн үнэр үнэртэж, муугийн ёр нь үзэгдэх мэт.
Яахав уг киноны гол дүрүүдэд тоглосон япон жүжигчдийг хүн гэгч амьтны хэлбэр галбирийн хувьд өөчилж гоочилох хэрэг алга. Даанч Монголыг, Монголын түүхийг мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй учраас Чингис хааныг далайн дээрэмчин төрхтэй зандалчин, Жамухыг хоовон толгойлсон хийрхүү самурай, Өэлүн эхийг усан нүдэлж урт хормойгоо өшигчсөн наран авгай болгон харуулахдаа огтхон ч эмзэглэсэнгүй. Тэд яахав, хэний, юуны дүрд тоглож буйгаа мэдээгүй хэрэг!
Киног бүтээгчид маань ядаж “Монголын нууц товчоо”, “Лу. Алтан товч” зэрэг эх зохиолуудыг уншчихгүй дээ! Тэгсэн бол Хэрэйдийн Тоорил хааныг цагаас нь өмнө “Ван хаан” болгон өргөмжлөхгүй, Жамух сэцэн түүнийг цавчиж алахгүй, Тэмүүжингийн унаган анд Жамух түүний сүй тавьсан Бөртэ үжинтэй садарлахгүй, Тэмүжин Жамух хоёрын хооронд хэзээ ч болоогүй дайныг “үүсгэхгүй”, Чингис хаан ууган хүү Зүчээ өлгийтэй байхад нь хөнөөх гэж давшлахгүй, мөн Зүчийн үйл хэрэг яагаа ч үгүй байхад үхүүлчихгүй, Чингис хааны хамгийн үзэсгэлэнт залуу хатан Хуланг түүний эм цэрэг, манин маягийн байлдагч болгочихгүй л байсан болов уу?!
Бид хамгийн тодорхой баримттай, хамгийн тод бахархалтай тэр түүхээ ийнхүү шатааж байна. Монголыг сурталчлахаасаа өмнө мөнгө олохыг илүүд үзсэн япончуудад Монголчуудын үүх түүх шатаж байгаа нь төдий л сонин биш. Харин бидэнд бол хэлэх үггүй гамшиг, харанхуй мунхагийн хамгийн зол заяагүйн жишээ, энэ ертөнцийн элэг доог болохын цондон юм биз ээ.
Бод доо! Бид Японы Сёгүний хаанчлалын эцэг, Ёритомогийн тухай ийм холион бантанг нь хутгасан кино хийсэн бол тэд яах бол?! Япончууд Оросын I Петр хааны тухай ийм кино хийсэн бол Оросууд яах бол?! Аль нэг гадаад орон Хятадын их хаан Цэнь Ши хуандигийн тухай ийм элэглэл дооглол хийсэн бол хятадууд ер нь яах байсан бол?! Хамгийн гайхалтай нь ийм жишээ байдаггүй юм байна.
Дэлхий дахинаа нэрд гарсан зохиолч, яруу найрагч Салман Рушид “Шулмын шүлгүүд” ном бичсэнийхээ төлөө Ираны төрөөс цаазын ял сонсоод одоог хүртэл нуугдан амьдарч байгааг бид мэднэ. Гэтэл тэр номонд Ираны түүхийг ч, эртний хаадынх нь дүр төрх, үйл хэргийг ч гуйвуулсан, гутаасан зүйл нэгээхэн бээр үгүй юм гэдэг. Зөвхөн шашных нь зарим нэг уламжлалд үл нийцсэн мөрүүд тэрхүү номонд орсны төлөө эл ялыг хүлээжээ. Үндэсний мэдрэмж, үндэсний бахархал гэдэг бол ийм эмзэг нандийн зүйл байдаг бөлгөө.
Гэтэл бид төрт ёсныхоо 800 жилийн ойд зориулан ард түмнийхээ халаасыг сэгсрэн байж олсон тэрбум шахуу төгрөгөөр ийм кино хийлгэж байгаа нь ард бидний хувьд гүн эмгэнэл, Монгол төрийн хувьд эцэг дээдэс, ард түмнийхээ өмнө үйлдэж буй ялт хэрэг гэлтэй. Төр нь ард түмнээ, үүх түүхээ, үндэс язгуураа ингэж доромжилж, ингэж басамжлана гэж ер байх уу? Түүхээ шатаана гэдэг бол ирээдүйгээ түймэрдэж байгаа хэрэг юм.
Бөртэ үжинийг жирэмсэн болгосных нь төлөө Өэлүн эхийн аль эртний авааль нөхөр /уг нь Бөртэг олзолж Чилгэр бөхөд өгсөн тухай түүхэнд тэмдэглэгдсэн/ Чилэдүг ухаан алдталаа улайран жадласаар алж байгаа нь Чингис хааны бүү хэл мөнөөх жүжигчнийхээ төрөлхийн дүр төрхийг нь ч гэсгээж байх мэт.
Энэчлэн олон гол дүрийн дотоод сэтгэлийн илэрхийлэл, гадаад төрх байдал нь манай түүхийн тов тодорхой нөхцөл байдал, мөн чанартай огтхон ч нийцсэнгүй. Жишээ нь, Чингис хаан киноны туршид малгайгүй, тэрчлэн Хөх Монгол гэдгийг тодруулах гэсэн арга ядалт бололтой, цэргүүд нь бүгд цэнхэр тэрлэгтэнгүүд. Жамух гэгч сэтгэлийн хөдөлгөөнгүй, баргар “нөхөр” Чингис хааныг “Чи намайг өөрийн гараар боймилж ал” хэмээн андын тангаргаараа гул барин тулгасаар өөрийгөө тэгэж егүүтгэж байх жишээтэй. Энэ бас бага хэрэг.
Монгол эрчүүдэд эмэгтэй хүн бол юу ч биш байсан гэнэ. Тэдний хувьд эмэгтэйчүүд ердөө хоёрхон зүйлд л хэрэгтэй байжээ. Нэгд, зугаа цэнгэл, хүсэл тачаалыг хангах хэрэгсэл, хоёрт, хэнийх нь ч хамаагүй хүүхэд гаргах л үүрэгтэй байсан гэнэ ээ!!! Бидний агуу их өвөг дээдэс маань бүсгүйчүүддээ ингэж хандаж байсан гэвэл одоогийн япончууд бүү хэл бид өөрсдөө ч тэднийхээ эргүү тэнэгийг гайхаж үзэн ядах биз ээ. Магадгүй, түүх уламжлалаа төдийлэн мэддэггүй багачууд маань элэнц хуланцаа ийм малнууд байжээ гэж бодох вий гэхээс ар нуруунаас хүйтэн хөлс чийхрана.
Хэрэг дээрээ хэнд ч захирагдахын аргагүй өндөрт гарсан Чингис хаан хатан эх Өэлүн, их хатан Бөртэ үжин нарын үнэн үгэнд ямар ч эргэлзээгүйгээр захирагдаж гаргасан шийдвэрээ өөрчилж байсан явдал “Нууц товчоо”-нд ч хэдэнтээ давтан тэмдэглэгдсэн байдаг билээ. Тэр үеийн монгол эмэгтэй бүхэн хас төрийнхээ хатан ээж, халуун галтай голомт нь болж, өөрийн хөвүүдээ өрлөг их дайчид, хонгор охидоо хорвоогийн хайр энэрэл, хатан ээжүүд болгон хүмүүжүүлж байв. Энэ хүмүүжлийн үр дүнд Их Монгол улс байгуулагдсан гэдгийг шууд утгаар нь хэлж болно. Үүний үлгэр жишээ болсон эмэгтэйчүүдийг Алунгоо эхээс эхлэн Мандухай сэцэн хатныг хүртэл үг сургааль, үйл амьдралтай нь дүрслэн тоочих аваас Монголын ард түмний буурал түүх, өв соёл, гэгээн билэг нь ямар ч засвар, ямар ч хэтрүүлэг үгүйгээр өнө мөнхийн шижир алт болн цогцлох буй заа. Үүх түүхээ мэдэхийг хүсдэг, өв соёлоо хамгаалахыг мэддэг залуус мянга мянгаараа бий шүү.
Уут уут лангаар улсаа худалддаг, түм түм лангаар түүхээ худалддаг “дээдсүүд” маань үүнийг мэдэж байх нь тэдэнд биш юмаа гэхэд үр хүүхдүүдэд нь өлзий болох биз ээ.

Ш.Даваасүрэн

ТҮҮХИЙН ДАВТАМЖ, СҮҮЛЧИЙН БОЛОМЖ

* * *

Хожимдоогүй дээрээ сэрж сэхээрч эс чадваас хэзээ ч, хэнд ч дийлдэшгүй мэт хүчирхэг байсан улс гүрэн уруудан доройтсоор нэгдсэн төр засаг, удирдлагагүй, нэгдмэл эрх ашиггүй болж задарч бутардаг, улмаар дэлхийн данснаас үүрд хасагдан устаж алга болдог үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд олонтаа тохиолдож байсан байна. Тухайлбал, аль эртнээс агуу хүчирхэгээрээ цуурайтаж байсан Асир, Мисир, Грек, Ром, Рим, Мамлюк, Алтан орд, Их Юань, үзэсгэлэнт Перс, Хорезм, манай хаяанд мандан бадарч асан Манж Чин улс гээд тоочоод байвал урт жагсаалт болно.
Хамгийн гайхалтай нь, Монголчуудад ийм ноцтой аюул занал олон удаа учирсан ч дээрх улсуудын хувь заяаг давтаагүйгээр үл барам бүр ч өмнөхөөсөө хүчирхэгжин босч ирж байсан бөгөөд үүнийгээ өөрсдөө “Мөнх тэнгэрийн хүч”-ний таалал дэмжлэгийг авсных гэж тайлбарлаж байсан ажгуу. Харин үүний “жинхэнэ” нууцыг олох гэж Арабын түүхч Раш-ад-дин, Персийн түүхч Жувейни, Ромын хамын элч Карпини, Германы гүн ухаантан Гегель, Энэтхэгийн ерөнхийлөгч, соён гэгээрүүлэгч Ж.Неру, Оросын түүхч Л.Гумилёв гээд дэлхийн олон арван эрдэмтэд олон арван жилийн хугацаагаар тархиа гашилгасан боловч үр дүнд хүрсэн нь үгүй. Манай эдүгээ үеийн судлаачид, түүхчид, эрдэмтэд ч тэднээс дээр юм хэлж чадалгүй өдий хүрчээ.
Яагаад түүхийг судалдаг вэ? Яагаад гэвэл тухайн улс үндэстний түүх бол түүний ирээдүйг тарьж ургуулах хөрс байдаг. Ирээдүй гэж тусдаа бэлэн зүйл дангаар байдаггүй агаад зөвхөн өөрийн өнгөрснөө танин мэдэж чадваас түүндээ тулгуурлан ирээдүйг бүтээдэг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн түүх тодорхой хугацааны дараа ирээдүй болон хувирдаг. Мэдээж нэгэнт бий болчихсон ирээдүй бидэнд дороо л ирнэ. Таны ирээдүй таны өнгөрсөнд л буй. Монголын ирээдүй гадаадын аль ч улс оронд бус Монголын өнгөрсөнд л буй. Дэлхийн бусад улс гүрнүүд хичнээн өндөр хөгжөөд ч тэнд Монголын ирээдүйг “үйлдвэрлэхгүй”. Дээрх түүхч, мэргэд монгол хүмүүс биш учир Монголын түүхийг хичнээн ухаад ч үйл явдлуудын хэлхээсийг л олсон уу гэхээс тэдгээр үйл явдлуудын учир шалтгааныг тайлж чадаагүй. Гэхдээ тэдний хийсэн “техник ажил”-уудын зарим үр дүн бидэнд хэрэгтэй, бид ашиглах боломжтой.
Харин эл өгүүллийг чадан ядан тэрлэгчид хувь заяаны эрхээр ч юмуу, бурхан тэнгэрийн ивээлээр ч юмуу, хорвоогийн зугаа цэнгэл, хоногийн хоолны төлөө тэмцэхийг ор тас умартан хувийн амьдрал ахуйгаа зольсны шан хөлсөнд ч юмуу тэдний олж харж чадаагүй олон зүйлийг олж хараад, цочин балмагдаж, гайхан биширч, өөрсөддөө итгэж ядсаар хэдэн жилийг өнгөрөөсний эцэст эдүгээ мөнөөх түүхэн цаг, тохироо нь ирсэн тул энэ далай шиг агуу зүйлийн зах сэжүүрээс цухуйлгахаар шийдсэн бөлгөө.
Гэвч “оллоо!” хэмээн олон түмний дунд орилон тунхаглаж болохгүй, “үзвэл үнс, харвал хальс болдог” юм их ажээ. Буурал дээдсийнхээ чанд нууцлан үлдээсэн өвийг буруу зүгийн салхинд туугдан одохоос хамгаалах нь олж үзсэнээс ч илүү хэцүү бэрх үүрэг байх төдийгүй дээдсийн минь илд мэт хатуу зарлиг болой. Юутай ч гэсэн эх түүхийн минь элбэрэл гэж байдаг, түүний ивээлд багтаж чадваас сая мандан бадрах учиртай болохыг ухаж мэдэрсэн тул ийн тэрлэв.

* * *

Монголчуудын гүн ухаан, төр ёсыг үндэслэгч, Хүннү гүрний их эзэн Модун шаньюгаас хойш бидний өвөг дээдэс үхэл мөхлийн ирмэгт тулж ирэх бүртээ түүхийнхээ ивээлд эргэн багтсанаар сэргэн босч байсан агаад Сяньби, Нирун, Кидан гүрнүүд бүгд Монголын төр ёс, өв уламжлал дээр байгуулагдаж ирсэн. Та бидний мэдэх хамгийн сүүлчийн хүчирхэг төрийг байгуулж чадсан хүн бол Эзэн Чингис хаан минь билээ. Монголын ийм агуу төр ёсон сэхэх үү, бүр мөсөн мөхөх үү гэдгийг өнөөдрийн та бид шийдэх болчихоод байна!!! Мөхөл нүүрлэсэн түүхийн давтамж бидний хувьд 300 жилд сулавтар, 500 жилд илүү хүчтэй, 800 жилд бүр газрын хөрснөөс арчигдах аюул заналтайгаар тохиодог байна.
Манай эриний өмнөх 200-аад жилд Хүннү гүрэн байгуулагдан цэцэглэснээс хойш 300 жилийн дараа Сяньби, 500 жилийн дараа Нирун, түүнээс хойш яг 800 жилийн дараа Их Монгол улс хөл дээрээ боссон түүхтэй. Цаг, цаас хэмнэх үүднээс үүнээс өмнөх түүхийн үйл явдлуудыг түр орхиод хойшхи давтамжийг товч авч үзье.
ЕвроАзийн гуравны хоёрыг эзлэн байсан Монголын эзэнт гүрэн ердөө 300 жилийн дотор задарч Алтан орд, Цагаадайн улс, Ил хаадын улс, Их Юань гүрэн энэ л хугацаанд “алтан аргамж”-наасаа алдран одов. Одоогийнхоор бол улс төрийн намууд, олигархи бүлэглэлүүд болсон бага хаадын хоорон дахь эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцлийн хөлд Гурван гол, Өвөрлөгч Хөх нуур, Алтайн Монголчууд тарж бутран, тусгаар тогтнолын үндсэн мөн чанар болох оюун санааны нэгдмэл байдлаа салхинд хийсгэн алджээ. Гэвч арай ч бүх зүйл дуусчихсангүй. XV зууны сүүлээр Мандухай сэцэн, Батмөнх даян хаан нар үлдсэн монголчуудаа нэгтгэж чадсанаар түүхэн давтамжийн эхний цохилтыг тэсэж гарчээ. Харамсалтай нь тэд уламжлалт гүн ухаан, төр ёсоо бүрэн бүтнээр нь сэргээж чадаагүй юм. Их Юань улсын үеэс төртэй зиндаархсан Буддизмын нөлөө Монголын уламжлалт гүн ухаан, төр ёсны дэг жаягийг улам бүдэгрүүлэн түрсээр байв.
Ерөөс Хубилай хааны хойч үеийнхнийхээ өмнө хийсэн хоёр том алдаа байдгийн нэг нь Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлсэн, нөгөөх нь Төвдөөс Пагва ламыг залан ирж ордны их ламтанаар өргөмжилснөөр төрд шашныг гүнзгий нэвтрүүлсэн явдал билээ. Батмөнх даян хааны дараа Түмэдийн Алтан, Халхын Автай хаанууд эзэмшил газартаа шарын шашныг идэвхтэйгээр дэмжин дэлгэрүүлж эхлэв. Энэхүү байдал цаашид үргэлжилсээр Монголын уламжлалт төр ёсон амин чанараа бүрмөсөн алдаж шашны мухар сүсгийн хүлээсэнд агдлан хүлэгджээ. Нэгэнт шашны эрхшээлд дөрлүүлсэн ард түмнийг удирдахад төр ёс хэрэггүй болов…
Яг энэ үе буюу XVII зууны эхээс түүхэн давтамжийн 500 дахь жилийн гүн хямрал тулгарч ирэв. Энэ үед Түшээт хан Чахундорж, анхдугаар Богд Занабазар, Ойрадын хаан Галдан бошигт нар улсаа нэгтгэх бодлого явуулсан хэдий ч тухайн цагт ид хүчирхэг байсан Манж Чин улс тэдэнд ийм боломж олгосонгүй. Тэдний олон удаагийн оролдлого, зүтгэл талаар өнгөрсөн түүхийн гашуун баримтуудыг эдүгээ ч олон хүн мэдэх бөлгөө. Тиймээс энэ хямрал нь Монголчуудын хувьд мөхлийн цохилт болон хувирч 1691 онд Манжид дагаар орсноор Монгол үндэстэн бүх талын тусгаар тогтнолоо бүрмөсөн алдсан юм. Энд анхаарахгүй өнгөрч хэрхэвч үл болом нэгэн баримт буй нь Манж нар өөрсдөө Монгол угсааны Зүрчид аймгийн үр хойчис байсан тул Монголчуудыг Хятадад уусгах бодлого явуулаагүйгээр үл барам газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь хуульчлан хамгаалж байсан явдал бөлгөө. Үүнийг өндөр гэгээн Занабазарын холч ухаантай ч бас түүхчид холбон тайлбарладаг. Харамсалтай нь, Манж Чин улсын төрд хятадууд олноор шургалан орохын хэрээр уламжлалт бодлого өөрчлөгдөн Монголыг хятадчилах үйл явц илэрхий болсон ажгуу. Эргүүлж тогтоох боломжгүй шахам болсон энэ уналтыг Ойрадын хан Амарсанаа, Хотгойдын ван Чингүнжав нарын үүсгэсэн хөдөлгөөн, тэмцэл ихээхэн саармагжуулж чадсаны сацуу марксист, социалист үзэл санаа тодорхой бүс нутагт ялан мандсан нь биднийг бүрмөсөн сөнөж мэдэх аюулаас аварсан нь гарцаагүй үнэн билээ.

* * *

Өнөөдөр бид түүхэн давтамжийн бас нэгэн 800 жилийн цохилтонд өртөн муужраад байна. Чингис хааны төр байгуулагдахын өмнөх “орондоо унтах завгүй олзлон булаалдаж” байсан олон овог, аймгуудын дүр төрх, эсхүл Мандухай хатны “айх амь минь алдрав, ичих нүүр минь эвдрэв” гэж халаглахад хүргэсэн бага хаадын эрх тушаал, олз омгийн төлөөх ичгүүр сонжуургүй тэмцэл, урвалт шарвалт, хууран мэхлэлтийн дүр зураг дахин давтагдаж, улс үндэстэн минь мөхлийн ёрыг дуудаж буйг та бид бэлхнээ харж сууна.
Та бид зах зээл, эдийн засгийн өсөлт хөгжилтийн төлөөх олон улсын дайн тулаанд газар нутаг дээрээ навсайтлаа ялагдаад, идэх уух, өмсөх зүүхээр өлөн зэлмэг, ёс суртахуун, оюун санааны гүн хямралд орчихоод, булууны яс булаалдах ноход шиг өвөр хоорондоо хэмхэлдэж суугаа бус уу, өнөө.
Тийм ээ, яг ийм цаг үе бидэнд тулгарч байсан ч Монгол гүн ухаан, төр ёсныхоо “ид шид”-ээр түүнийг гэтлэн даваж хүчирхэг улс орныг байгуулж байсан тэр тохиолдол ч бас давтагдах учиртай юмаа. Эзэн Чингис хаан биеэрээ дахин залрахыг хүлээж “бэлэнчлэх” гэвэл түүн шиг утопи юм үгүй. Харин түүний “Монгол минь эмээлээ гэдсэндээ авсан морь шиг болох”-ын цагт авч хэрэглэхийг захиж өвлөн үлдээсэн төр ёс, хууль цаазыг сэргээн залваас таваас аравхан жилийн дотор улс орон маань хөл дээрээ босож, улмаар Монгол гэдэг хүчирхэг гүрэн дэлхийн тэргүүн эгнээнд орж ирнэ гэдэгт эргэлзэн тээнэгэлзэх аваас алдас тэр болой.

Т.НАРАН
Ш.ДАВААСҮРЭН

Saturday, February 14, 2009

ЧОНО ӨӨРӨӨР ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ?

Төр гэмэгц л хамгийн түрүүнд дарга, цагдаа, шүүх, шорон санаанд тань орно. Ингэхээс ч өөр яах билээ. Эдүгээгийн төр гэдэг ойлголт ийм л юм чинь. Шоронгуудыг бүгдийг устгая гэвэл өнөөдөр шоронд өөрөө ороогүй байгаа хүн бүхэн эсэргүүцнэ. Тэнд байгаа бүх хоригдлууд гарч ирэх юм бол хүн төрөлхтний амар тайван амьдрал дуусна гэж эмээнэ. Хамаг муу муухай, хог шаар болсон хүмүүсийг шоронд хийж цоожилчихоод сайн хүмүүс нь амар тайван амьдарч байгаа юм байна л даа. Үүнийгээ "нийгмээс тусгаарлах" энэ тэр гэж нэрлэнэ. Харамсалтай нь өчүүхэн ч тусгаарлагдсан юм байхгүй л байгаа байхгүй юу. Нүдээ аньчихаад "гэрэл алга болчихлоо" гэж байгаатай яг адил. Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш энэ орчлон дээр амьдрах аргаа олоогүй байна. Түүний хамгийн наад захын жишээ нь шүүх, цагдаа, шорон. Нэг их жаргалтай, амар тайван, эвтэй найртай сайхан амьдрах гэсэн чинь бие биенийхээ өмчийг хулгайлаад, луйвардаад, бие биенээ алаад, дээрэмдээд амар заяа үзүүлэхгүй болжээ. Чухам хэнийх нь буруугаас ийм юм болоод байгаа дээр санал нэгдэж чадахгүй байсан тул ерөөс үүнийг тодорхой хэлж чаддаг "ариун шударга амьтан"-ыг бодож олсон нь шүүх. Бас шүүхийн шүүх, тэдгээрийн шүүх, бүр хамгийн дээд шатны шүүх… Шүүх л буруутай гэсэн бол буруутай гэж үзэхээр хэлэлцэн тогтов/Гэхдээ үүнээсээ буцаж, булзах, нөгөө шүүхээ яллах нь энүүхэнд болсныг орхьё/. Тэгээд буруутай нөхдүүдийг яахав? Ингээд л шорон, шоронгоо "ажиллуулах" хөрөнгө мөнгө, багаж зэвсэг, "мэргэжлийн" хүмүүс, манах хуяг, баривчлан авчрах цагдаа, энэ салбарыг хариуцсан яам, сайд, мэргэжлийн сургууль, багш… гээд л ар араасаа хөвөрч өгсөн хэрэг. Гэсэн ч юу ч дээрдсэнгүй, харин ч байдал улам дордон уруудсаар атал эдүгээ үүнээс өөрөөр байх аргагүй гэсэн итгэл үнэмшил хэвийн зүйл болон хувирав. Нүгэлтнүүдийг гэсгээх ёстой шорон нь гэгээнтнүүдийг харгислан тарчлааж үхүүлэх тамын орон болж хувирсан шүү дээ. 1930-аад онуудад шоронгууд ямар хүмүүсээр дүүрэн байсныг санацгаа. Хамгийн билэг төгөлдөр оюунлиг эрдэмтэддээ, яруу найрагчиддаа, соён гэгээрүүлэгчиддээ, хүний ертөнцийн сайн сайхан ирээдүй, нийгмийн ариун шударгын төлөө зүтгэгчиддээ хүн төрөлхтөн "өгдөг" орон сууц нь шорон болсон. Яг өнөөдөр бол байлдаад ялсан нь ялагдсанаа, эсвэл төрийн эрх баригч хэсэг бүлэг нөхөд өөрсдийнх нь бузар булайг илчилсэн, эсэргүүцэл үзүүлсэн, эрх мэдэл, алба тушаал булаалдаж магадгүй нэгнийгээ барьж хорьж, тамладаг газар болсныг нийтээр мэдэж буй. Өнөөдөр шоронд суугсад нь маргааш төрийн эрхэнд гармагцаа нөгөө өчигдрийн "сайдууд"-аа "гэмт хэрэгтэн" гэж зарлан өөрсдийнхөө оронд аваачиж цоожлох жишээтэй. Гэтэл жинхэнэ гэм нүгэлтнүүд нь үй олноороо байсаар, байсаар үл барам тооны хувьд улам үржин өссөөр, "мэргэшлийн"-ийн хувьд улам төгөлдөржсөөр эдүгээ хүрэв. Аргаа барахдаа "хүүхдийн", "эмэгтэйчүүдийн", "цэргийн", "улс төрийн", "анх хэрэг үйлдэгчийн", "засрашгүй хэрэгтний"/рецедив/, "насаараа хоригдогчийн", "эдийн засгийн хэрэгтний", "цагаан захтны", "урьдчилан хоригдогчдын" гэх мэтээр тоолоод барагдамгүй олон нэр төрлийн шоронгуудыг байгуулсаар, тэр тусам байдал нь доройтсоор л байна. Ажаад байхад удахгүй хүн төрөлхтний тал нь шоронгийн хоригдол, үлдсэн нь шоронгийн хуяг болох бололтой. 10 тэрбум төгрөг халааслаад орсон хүний хувьд шорон нь шорон биш, орон ч биш бүр ордон болно. Шоронгийн хоригдлууд төдийгүй албан хаагчид нь тэр чигээрээ түүний үйлчлэгч, хамгаалагч, шадар туслагч, халамжлагч нь болно. Шорон нь хамгаалалт, хангамж, халамж үйлчилгээ, аюулгүй, аятай тухтай, амар тайван амьдрах орчин нь болон түүнд зүтгэдэг жамтай. Өнөөгийн моод өнөөгийн Монголоор дуусдаг болохоор манайд дөнгөж одоо нэвтэрч байгаа болохоос ер нь ганц удаа олигтойхон том дээрэмдэж, хулгайлж чадвал нэг насаараа, тэр бүү хэл хэдэн үеэрээ эд хөрөнгөөр дутагдаж гачигдахгүй амьдарч болдог гэдгийг "өндөр хөгжилтэй" орны хүмүүс аль эрт "нээчихээд" хэдэн зууны турш улам боловсронгуй болгон хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн шүү дээ. "Төмөр зам дээрх вагонтой ачаанаас хулгай хийвэл хулгай, харин ачаатай вагоныг төмөр замтай нь хулгай хийж чадвал бизнес" гэсэн тодорхойлолт одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгааг мэдэж байгаа биз дээ.Хадгаламж зээлийн хоршоодын луйвар, "Хадгаламж" банкны хулгай бол "их юм"-ны зөвхөн эхлэл, оролдлого төдий зүйл юм. Дахин ийм зүйл, үүнээс ч илүү аймшигтай, урьд өмнө нь бидний зүүдэнд ч орж байгаагүй үйлдлүүд гарах болно. Гарах гарахдаа өмнөх "туршлагууд" дээрээ тулгуурлан бүр улам боловсронгуй, улам харгис, улам эрээ цээргүй, улам олон хүнийг хамарсаар байх болно. Монгол төрийн "алтан аргамж"-ны бодлоготнууд байх учиртай дипломат ажилтнууд маань гадаад улс орнуудын хил зөрчиж, бусдын хууль ёсыг уландаа гишгэж хар тамхины наймаа хийж баригдах нь ердөө азгүйтэл мэт харагдах болно. Саяхан даа, Гансүх гэдэг залуу 90 сая төгрөгийн залилангийн хэрэг хийсэн нь бөөн сенсаци л болж байсан биз дээ? Тэгвэл өнөөдөр тэр бол зүгээр л саваагүй хүүхдийн гэнэн үйлдэл байсан мэт, эсвэл арай эрт түрүүлж хөдлөөд баригдчихсан золгүй хүн шиг танд санагдахгүй байна гэж үү? Тэгвэл хамгийн гайхалтай, бас гунигтай нь өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй гэж нэрлэгдээд байгаа орнуудыг юун улс манатай ердөө хэсэг бусаг хүн сүргүүд байхад нь төрт улс байсан Монголд ийм "балиар" юм байгаагүй юм. Байгаагүй ч гэж дээ, бидний өвөг дээдэс байлгаагүй юм. Та бүхэн "Монголын нууц товчоо", "Лу.Алтан товч" гээд өдгөө сургуулийн хүүхдүүдийн сурах бичиг болчихсон номуудад "цагдаа" ч юмуу "шорон", "шоронгий хулгайч", "шүүх хурал" энэ тэр гэсэн үг хэр зэрэг олныг олж үзсэнээ бодоод үзээрэй. Монголын төрд шүүх, шорон, цагдаагийн хэрэгцээ байсангүй. Хулгайч, дээрэмчид, луйварчид, алуурчид нь чөлөөтэй тэнэж, хүссэнээ хийж явдаг байсан байх нь гэж бодуузай. Тэднийг нартад ерөөс төрүүлдэггүй байсанд хамаг учир оршино. Гэмт хэрэгтэн болох хүнийг гэдсэнд байхад нь таньж мэдчихээд хонины бэлчээр дээр аборт хийдэг байж гэж орчин үеийн ухаанаар бодуузай. Үүнийг мэс ажилбараар бус төрийн бодлогоор зохицуулдаг байж. Монголчуудын баримталдаг зарчим нь муу муухайг бий болгочихоод дараа нь тэрийгээ дарах гэж бөөн юм болох биш ерөөс муугийн үрийг тарихгүй байх, тийм үр бүрэлдэн бий болохоос хатуу чанд сэргийлж чаддаг тийм нийгмийн систем үйлчилдэг байлаа. Нэг үгээр хэлэхэд аливаа үйлийн үр дагавартай нь тэмцэх бус тийм зүйл үүсэх шалтгааныг бий болгохгүй гэсэн үг юм. Бүр тодотговоос ямар ч жигшүүрт алуурчин, дээрэмчин эхийн хэвлийд үр болон бүрэлдээд, тэндээсээ хүмүүсийн дунд төрдөг энгийн үнэнд тулгуурлан ердөө эхийн хэвлийд хулгайчийн үр бүрэлдүүлдэггүй байжээ. Хүмүүс өөрсдөө л араатан мэт аюулт "амьтан"-ыг төрүүлж, өсгөдөг, үржүүлж олшруулдаг болохоос тэд дур зоргоороо бий болдоггүй. Нэгэнт төрсөн бол амьдрах жамаараа л амьдрана. Нийгмээс тусгаарлаад хорьчихоор л "ухамсар" суугаад сайн сайхан "амьтан" болоод хувирчихгүй. Хулгайчаас хулгайч л төрдөг, тэр нь хулгай хийж л амьдардаг. Чоно болж төрсөн бол чонын амьдралаар л амьдрахаас өөрөөр яаж амьдрах юм бэ?! Монголчууд араатнаас араатан л төрдөг байгалийн хуулийг танин мэдэж чадсан учраас өөрсдийнхөө дунд араатан төрүүлэхгүй байх аргыг эзэмшиж чадсан ард түмэн. Мэдээж төгс төгөлдөр зүйл хаа ч байдаггүй тул ямар нэгэн "цоорхой"-гоор муу үр соёолчихвол түүний "үйл үрийг" цаашид үргэлжлүүлэхгүй тэр даруй таслан зогсоодог байв.Эл өгүүлэлд шорон, гэмт хэрэгтэн, шүүх цагдааг нэг л жишээ болгосныг ойлгоно биз ээ. Баахан сэтгэцийн өвчтэй хүмүүс бий болгочихоод тэднийгээ "маллаж, өсгөж үржүүлэх" гэж бөөн юм болдог, эсвэл хэсэг "траншей"-ны хүүхэд төрүүлчихээд "Хүүхэд асран хүмүүжүүлэх төв"-үүдийг ярайтал байгуулж, тэр хүүхдүүдээсээ ч олон "хүүхэд хамгаалах" байгууллага, дарга нар бий болдог, мөн тоймоо алдсан олон "эмзэг бүлгийн" хүнийг төрүүлж өсгөчихөөд дараа нь тэднийгээ "хүний дайтай" болгох нэрийн дор дэлхий хэсүүчлэн гуйлга гуйж явдаг гээд өнөөгийн нийгмийн "халамжтай" холбоотой асуудлууд бүгд үүнээс үүдэлтэй юм шүү. Ядарсан зүдэрсэн, өвчтэй зовлонтой нэгнийгээ харж хандах нь хүний ёс, энэрэнгүй сэтгэл мөн боловч зарим нэгийгээ тийм дорд "заяатай" болгож төрүүлэх нь хамгаас харгис явдал билээ. Тэгвэл яаж үүнийг шийдвэрлэдэг байсан юм бэ гэсэн асуулт мэдээж гарна. Одоогийнхоор бол төрийн хүн ам зүйн бодлогоор, уламжлалт ухаанаар бол байгалийн удамшлын хуулинд нь нийцүүлэн үүнийг зохицуулдаг байжээ!Өмнөх үеэ үл тоосоор, өв уламжлал, унаган ухаанаасаа холдон холдсоор мөхлийн ирмэгт ирж, бусдын боол болохынхоо цагт эргэн ирж авагтун хэмээн хэрхэн, яаж хэрэгжүүлэх арга замыг нь ч бидэнд мөн хэлж үлдээсэн юм шүү. Үлдээснийг нь олж үзсэний учир элэг нэгтнүүддээ хандан үүнийг тэрлэвэй.

Тайлбар: 2008 оны эхээр доктор Л.Түдэв гуайн “Дал” сонинд анх нийтлүүлсэн.
Т.НАРАН