Tuesday, July 7, 2009

ХӨТӨЛИЙГ ХӨЛДӨӨХИЙН “ТӨЛӨӨ” ХАЙЧИЛСАН ТУУЗ

Биднийг хулхидаад байна уу, бид хулхидаад байна уу?

“Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт БНХАУ-ын Үндэстний корпорацийн 100%-ийн хөрөнгө оруулалттай "Улаан цемент" группын жилд сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын шав тавих ёслол болов” гэсэн нэгэн мэдээ энэ сарын эхээр төвийн сонин, телевизүүдээр цацагдав. Өдөр тутмын нэгэн сонин үүнийг бүр “таатай мэдээ” гэж онцолсон гээч. Тус үйлдвэрийг барьж байгуулах мэргэжлийн хятадууд хэдий нь Сэргэлэн сумд ирчихээд байгаа юм байна. Мөн “ийм өндөр хүчин чадалтай үйлдвэрийг Монголд байгуулж цаашлаад бүтээгдэхүүнээ ОХУ-руу экспортлох зорилготой гэдгээ ч үйлдвэрийн удирдлагууд нуусангүй” хэмээн бичжээ.
Юу гээч юм болоод байна аа?! Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс эхлээд салбарын яам тамгын газруудын албан бичиг баримт, хөтөлбөр төлөвлөгөөнд хаана ч тусгагдаагүй, урьд хожид хэн ч сонсож мэдээгүй нэгэн том үйлдвэр ийнхүү “газар доороос” гэнэт гараад ирсний учрыг лав л барилгын материалын үйлдвэрлэлийн салбарынхнаас надад тайлбарлаж өгөх хүн олдсонгүй.
Уг нь жилд нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барих талаар төр засгийн янз бүрийн түвшинд албан ёсоор яригдаж, шийдвэр гарч, хэрэгжүүлэх эхний алхмуудыг ч хийсэн нь бий. Тэгтэл үүнтэй зэрэгцээд, зэрэгцээд ч бус бүр түрүүлээд өөр нэг үйлдвэр ийнхүү гараад ирэв. Би андуурсан юм болов уу, эсвэл нөхцөл байдлаас болоод төр засгийн хөтөлбөр төсөл ч өөрчлөгдсөн юм болов уу хэмээн дахин дахин лавлахад хүрлээ. Үгүй байна аа. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 22-ний өдөр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Бээжин хотын “Травелер Инн Хуа Чиао Бээжин” буудлын гуравдугаарт давхарт БНХАУ-ын “Чайна Триумф Интернэшнл Инжиниринг Компани”-тай нэгэн чухал гэрээнд гарын үсэг зурсан тухай Хятадын интернет сайтуудад зураг хөрөгтэй нь тавьсан байна. Тэр нь тус компани Монголын уул уурхайн МИЗУ гэх компанитай хамтран өдөрт 3000 тонн/жилд нэг сая тонн гэсэн үг/ клинкер үйлдвэрлэх цементийн үйлдвэрийг Дорноговь аймгийн Айраг суманд барих тухай гэрээ юм. “Чайна Триумф Интернэшнл Монголоос захиалга гүйцэтгэх эрх олж авлаа” нэртэй мэдээнд дурьдсанаар 120 сая ам.долларын өртөгтэй уг үйлдвэрийг барих судалгааны ажлыг дээрх компани өнгөрсөн оны есдүгээр сараас хийсэн бөгөөд бүх зүйл “окей” гарсан тул үйлдвэрийг гурван жилийн дотор талууд хамтран барих гэрээ хийсэн юм байна.
Үүнийг мэдэж байсан Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд МИЗУ компаниас “Танайх үйлдвэрээ Төв аймагт барихаар болчихоо юу?” гэвэл цаадуул нь “Үгүй ээ манайх биш, ямар юм болоод байгааг бид ч ойлгохгүй гайхаад явж байна” гэжээ.
Дээрхийг бататгасан нэгэн баримт нь сая тоннын үйлдвэрийн туузыг Төв аймагт хайчлахаас хоёр хоногийн өмнө ЗТБХБЯ-аас зөвхөн Хятадын компаниудад хандан сонинд нийтлүүлсэн нэгэн тендерийн зар юм. Англи хэл дээр бичсэн энэ зарын утга нь БНХАУ-ын Экспорт Импортын банкнаас Монгол улсын Засгийн газарт олгосон 300,0 мянган ам.долларын зээлийн хүрээнд Дорноговь аймгийн Айраг суманд барих өдөрт 3000 тонн клинкер үйлдвэрлэх цементийн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах тухай юм. Харахад Х.Баттулга сайдын гарын үсэг зурсан дээрх гэрээний үргэлжлэл ажил гэдэг нь ойлгомжтой. Эндээс манайх жилд тус бүр сая тонн цемент хийх хоёр том үйлдвэрийг Хятадаас оруулж ирэх гэж байгаа мэт. Хятадууд шинээр үйлдвэр барих бүү хэл амбаар ч барих зайгүй шахцалдаж, гаднаас газар нутаг олохын түүс болж буй учир биднийгээ хулхидаад нэг үйлдвэрийг хоёр болгочихов уу, эсвэл бид ганц үйлдвэр бариулна гэж тохирчихоод тэднийг хулхидаад хоёр үйлдвэр оруулаад ирэв үү? Эсвэл... нэгэн танил маань намайг шоолж “Тендер зарласан нь төрийн бизнес, Төв аймгийнх нь хувийн бизнес л байхгүй юу даа” гэсэн нь үнэн юм болов уу?
Гэхдээ асуудлын гол нь хэн ийнхүү “сэргэлэнтсэн”-д биш. Энэ бол манай төр засгийн өнөөгийн жирийн л дүр төрх учир гайхаад байх юм алга. Харин...


Үндэсний үйлдвэрлэгчдийн хөсөр хаягдсан хувь заяа

Манай улсын цементийн хэрэглээ өнгөрсөн жилд 1.2 сая тонн байсан гэнэ. Хөтөлийн ба Дарханы цементийн хоёр үйлдвэр нийлээд 360.0 мянган тонныг нийлүүлсэн гэвэл үлдсэн 860.0 мянга нь Хятадаас орж ирсэн гэсэн үг. Хилээр орж ирсэн цементийн тал хувийг татвараас бултуулдаг учир албан ёсны статистик тоо үүнээс хамаагүй бага байдаг гэнэ. Манайд цементийн эрэлт хэрэгцээ нь дотоодоос хийх нийлүүлэлтээс ийнхүү хамаагүй өндөр байгааг ажигласан үндэсний компаниуд цементийн үйлдвэрүүд барихаар хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Төр засгаас дотоодын үйлдвэрлэлийг, тэр тусмаа импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихээ тасралтгүй тунхагласаар байгаа нь ч тэднийг ийм шийдвэр гаргахад түлхсэн байж таарна. Мөн компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх бизнесийн сонирхлын зэрэгцээ ажлын байр нэмэгдүүлж, байнгын цалин орлоготой хүний тоог нэмэх, дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөнд зохих хувь нэмрээ оруулах гэсэн эх оронч сэтгэл ч тэдэнд байх нь эргэлзээгүй.
Миний мэдэхээр Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө сүүлийн хэдэн жил өөрөөс шалтгаалах бүхнийг хийж байгаа. “МАК”ХХК Дорноговийн Даланжаргаланд шохойн үйлдвэр барьж ашиглалтанд оруулаад одоо цементийн үйлдвэрээ барьж байгаа бол “Монполимет”ХХК Дорноговийн Өргөнд бас нэг цементийн үйлдвэр босгохоор ажиллаж байгаа. “Шинэ Ялгуун интернэшнл” гэдэг компани цементийн үйлдвэртэй болохоор хөөцөлдөж яваа гэж дуулдсан. Мэдээж, Дарханы цементийн үйлдвэр ч бусдаасаа хоцрохыг юу гэж бодох билээ... Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт дотоодын үйлдвэрлэл хөгжиж, өрсөлдөөн бий болж, чамгүй олон ажлын байр нэмэгдэж, барилгын компаниудаар дамжин жил бүр Хятадын цементийн үйлдвэрүүд рүү урсдаг их мөнгөний хагас нь ч болов Монголд үлдэх ирээдүй бодитоор харагдаж эхэлсэн юм.
Гэтэл жилд сая тонн цемент үйлдвэрлэдэг Хятадын үйлдвэрүүд ороод ирэхээр эд маань одоо яах вэ? Тэдэнтэй өрсөлдөх ёстой гэж хэлэх гээгүй биз дээ, арай. Хятадууд эхний үедээ цементээ бараг үнэгүй тарааж байгаад Монголын алга дарам зах зээлийг өөрийн болгохоо хэнээр ч заалгахгүй. Одоо ажиллаж байгаа хоёр үйлдвэр хаалгаа бариад, эхэлж амжаагүй байгаа хэд нь оруулсан хөрөнгө оруулалтаараа бүрэн “шатаад” хоцрохын цагт нэгэнт монополь болсон хятад үйлдвэрийн эзэн зөвхөн өөрийнхөө зохиосон дүрмээр тоглож, дураараа дургих болно. Монголыг хангаад зогсохгүй Орос руу цемент экспортлоно гэдгээ “нуугаагүй”-г санаж байгаа биз дээ? Өөрөөр хэлбэл манай үндэсний үйлдвэрүүдийг эх орных нь зах зээлээс шахан зайлуулж, бас экспортынх нь гарцыг бүрэн эзэгнэж дампууруулаад энэ талбарт ганцаар ноёрхоно гэсэн үг. Үндсэн түүхий эдийг нь атгаж суугаа хүн түүгээрээ дамжуулан Монголын барилгын салбарын хувь заяаг бүхэлд нь шийддэг болоход төвөггүй...
Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, импортыг орлуулах, гаднаас хараат бус байх, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах, шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, олон ажлын байр шинээр бий болгох, хийж чадах юмаа өөрсдөө хийж өөрийгөө тэжээдэг болох ... гээд байнга улиглаж байдаг засаг төрийн өнөөх бодлого хаа байна? Ингэхэд ер нь Монголд төр засаг гэж байна уу? Байгаа бол тэр нь Хятадын төр засгаар ажлаа хийлгээд байгаа юм уу???


Эрхэм гишүүн Э.Бат-Үүл, С.Баярцогт, О.Чулуунбат нарт

Та бүхэн УИХ-ын гишүүн болох гэж явахдаа Хөтөлчүүдэд зөндөө сайхан юм амалсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Сонгуулийн үеийн улс төрчдийн “Та нар надад саналаа л өгчих, бусдыг нь би хийчихье” гэдэг нийтлэг дүр төрхөөс нэг их ангид байгаагүй биз ээ. "Улаан цемент" группын дэд ерөнхийлөгч Мү Юан сонинуудад өгсөн ярилцлагадаа Монголын одоогийн зах зээлээс гадна шинээр барих онгоцны буудал, төмөр зам, авто зам гээд удахгүй бий болох шинэ зах зээлийг ч эзэгнэнэ гэдгээ мэдэгджээ. Нэгэнт үйлдвэрээ барьчихвал бүх зүйл түүний хэлснээр болох нь гарцаагүй. Бас нийт ажилчдынх нь 90% нь монголчууд байх, тэднийг Хятадад явуулж сургаж байгаад ажиллуулах гэнэ. Дархан, Хөтөлийн цементийн үйлдвэрүүд байгуулагдсанаар Монголд цемент үйлдвэрлэлийн өндөр мэргэшлийн бүхэл бүтэн анги бий болсон гэхэд болно. Тэд үүнээс хойш хэнд ч хэрэггүй хүмүүс болох нь л дээ. Эсвэл орчин цагийн тохилог сайхан хот, орон сууц, гэр орноо орхиод Сэргэлэн суманд очиж Хятадуутай хамт амбаар сав, майхан палатканд амьдарч ажиллах хэрэг гарах нь. Ингэж хэлэхийн учир нь жилд 500.0 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хөтөлийн үйлдвэрт ажиллах хүмүүст зориулж иж бүрэн хот барьсан юм. Гэтэл үүнээс хоёр дахин их хүчин чадалтай үйлдвэр барих тухай ярианд хот тосгоны тухай ямар ч үг үсэг алга.
Өнөөдөр 8000 гаруй хүн амьдарч байгаа Хөтөл хотын нийгэм, ахуйн асуудлыг цементийн үйлдвэр дангаараа үүрч явдгийг би мэдэх юм. Үйлдвэр зогсох нь байтугай үйл ажиллагаа нь доголдох л юм бол дулааны станц нам зогсож Хөтөл хот тэр чигээрээ хөлдөх аюул тулгардаг нь одоог хүртэл хэвээр гэсэн. Дулааны станцыг ажиллуулж, тэндхийн оршин суугчдын амьдралыг хэвийн байлгахын тулд үйлдвэр жил бүр олон зуун саяын алдагдал хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэр эх орны хэрэгцээг зөвхөн цементээр хангаад зогсохгүй олон зуун айл өрхийн ая тухтай амьдралын орчныг бүрдүлэн авч явдаг гэсэн үг. Харин Хятадын цементийн үйлдвэр бүхэл бүтэн хотыг байтугай нэг монгол айлыг ч үнэгүй халааж өгөхгүй.
Цементийн үйлдвэр борлуулалтгүй болсноор Хөтөл хот бүрэн хөлдөнө. Хөтөлийнхөн бүгдээрээ ажилгүй болно. Хөлдүү хотод ажилгүй хүн хэрхэх билээ?
УИХ-ын эрхэм гишүүдээ, сая тоннын Хятад үйлдвэрүүд Монголд орж ирснээр хамгийн түрүүнд Та бүхний сонгогчдын хувь заяа хөсөр хаягдаж байна гэдгийг сануулахын учир нэр цохон та нарт хандлаа. Уг нь үйлдвэрийн төлөө хүн амьдардаггүй, хүний төлөө л үйлдвэр байгуулдаг баймаар. Хөтөл хөлдөж, цементийн төслүүд царцах нь хэнд ч хамаагүй гэж үү??

Хөтөлийн болон Дарханы цементийн үйлдвэрүүдийн удирдлагууд, цементийн төсөлд олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулсан дотоодын компаниуд, тэрчлэн Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоод ч өдийд юу бодож суугаа нь сонин байна! Хятадууд 200 ажлын байр бий болгож өгсний хариуд одоо байгаа болон ойрын ирээдүйд бий болох боломжтой 20000 ажлын байраа монголчууд өөрсдөө устгах хэрэг үү? Энэ нь манай эрх мэдэлтнүүд ядуу тарчиг иргэдийнхээ аягатай хоолыг харийнханд өөрийн гараар булааж өгснөөс огтхон ч ялгаагүй.
Эх орондоо цемент үйлдвэрлэж, үйлдвэрээ түшиж амьдралаа залгуулдаг ард иргэдэд хандан хэлэхэд, та нар өөрсдөө л өөрийнхөө хувь заяаны төлөө санаа тавин тэмцэхгүй бол та нарыг хайхрах эрх мэдэлтэн, халамжлах төр засаг алга аа.




Инженер Т.НАРАН

No comments:

Post a Comment