Sunday, March 21, 2010

ХӨТӨЛБӨР “ХАЛБАГАДСАНААР” ХӨГЖИЛ ИРЭХГҮЙ

Мөрөөдөх сайхан ч мөрөөдөл биелвэл бүр сайхан. Амттай хоол мөрөөдөн аргаа барсан хоёр нөхөр “Чи сайхан хоолны нэр хэлэв аа, би тэрийг савхадваа” гэж сэтгэлээ хуурсан тухай нэгэн үлгэр манай улсын бодит амьдрал болоод удаж байна. Бүр газар сайгүй, бүх салбарт, бүх түвшинд. Барилгын салбарыг л аваад үзье. Аль 2004 оны сонгуулийн үеэс л улс төрчид “40000 айлын орон сууц хөтөлбөр” хэмээх сайхан нэр гаргаж ирэн шоу хийж эхэлсэн. Дөрвөн жил энэ нэрийг “савхадсан” ард иргэдийн тэсвэр тэвчээр барагдаж эхлэхийн үед дахин хэнэг ч үгүй “100000 орон сууцны хөтөлбөр” гэж зарлаад шоугаа үргэлжлүүлсэн. Цаашаа яахыг нь олон түмэн нүд салгалгүй ширтээд, шүүмжлээд, шаардаад амраахгүй болохоор нь “4000 орон сууц” хэмээх бас нэг хөтөлбөр гаргаад, ингэхдээ харин төрийн албан хаагчдаас бусад хүмүүст хамаагүй шүү гэж хэнэг ч үгүй зарлав. Сонгуулийн үед улс төрчдийн хувь заяаг шийддэг, өөрсдийнх нь ажил амьдрал ч эргээд тэднээс шууд хамаардаг хүмүүс бол төрийн дунд, доод шатны ажилтнууд байдаг болохоор нийт сонгогчдыг чадахгүй юм гэхэд ядаж тэднийгээ алдахгүй байж дараагийн сонгуульд дахин ашиглах арга бодож олсон нь тэр.
Засгийн газрын бондын хөрөнгөөр ОССК-ийн захиалгаар Төв аймагт 38 айлын орон сууц ашиглалтанд орж түүнээс18 орон сууцыг нь төрийн албан хаагчид авсан тухай гоё дүрстэй мэдээг сүүлийн өдрүүдэд телевиз, сонинуудаар давтан давтан цацаж байна. Хан-Уул дүүрэгт бас 63 айлын орон сууц ашиглалтанд орж нийслэлийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тууз хайчилж ч байх шиг. Төр засгийн хөтөлбөр хэрэгжээд байгаа, цаашид ч энэ мэтчилэн хэрэгжиж магадгүй гэж л ойлгуулах гээд байгаа бололтой юм. Гэхдээ тус тусдаа бие даан хэрэгжих учиртай дээрх олон хөтөлбөрийн яг аль нь ийнхүү амжилттай хэрэгжих “шахаад” байгааг ялгаж салгаж ойлгоход бэрх. Арав шахам жилийн өмнө тунхагласан 40000 уу, дараагийн сонгуулийн амлалт 100000 орон сууц ашиглалтанд ороод эхлэв үү? Эсвэл нөгөө эл дол болтол хэрүүл маргаан болоод байсан нэг квадрат метр нь 650000 төгрөгөөс илүүгүй үнэтэй 4000 орон сууцыг Засгийн газраас бариад төрийн албан хаагчиддаа олгоод буй нь энэ үү? Барилгын нэг ч компани зөвшөөрөхгүй байсан энэ үнэ тэгээд боломжтой үнэ байсан болж таарах нь уу? Барилгынхан тэгвэл үнийг зохиомлоор хөөрөгдөж ард иргэдийг ичгүүр сонжуургүй шулдаг байсан нь үнэн байх нь ээ? Ер нь тэгвэл барилгын компаниудыг төрөөс дэмжинэ энэ тэр гэж илүү ажил болж байснаас бүх л орон сууцнуудыг Засгийн газрын бондоор ОССК-ийн захиалгаар хямдхан бариад ард иргэддээ олгоод байвал яасан юм бэ? гэх зэрэг олон асуултууд ар араасаа урган гарна.
Харамсалтай нь энэ бүхэн бодит ажил гэхээсээ илүү эрх баригчдаас явуулж буй суртал нэвтрүүлгийн шинжтэй арга хэмжээ болох нь өдөр өнгөрөх тусам тодорхой болж байна. Хан-Уул дүүрэгт төрийн албан хаагчдад зориулан ашиглалтанд орлоо гэж рекламдаад байгаа 63 айлын хоёр орон сууцны барилга нь өнгөрсөн онд зарлагдсан 4000 орон сууцанд огт хамаагүй, аль дивангарын 40000 орон сууцны эхнийх нь аж. Түүнээс биш төрийнхөнд зориулан босгох орон сууцнуудын мөнгө хөрөнгө хаа байгаа, хэрхэн яаж бий болгох талаар тодорхой ойлголт, бодлого чиглэл өнөөдөр хаана ч, хэнд алга. Нэг квадрат метр нь 650000 төгрөгөөс илүүгүй байх тухай яриа ч үлгэр болов. Нэгэн барилгын компаний захирал: “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд барьсан гээд байгаа тэр барилгуудын дулаан, цэвэр, бохирын шугам, цахилгаан гээд бүх дэд бүтцийн зардлыг Засгийн газраас гаргасан. Газрыг нь үнэгүй олгосон. Барилгын ажлыг ч төрөөс санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч компани банкнаас зээл аваагүй учир зээлийн хүүгийн зардал гараагүй. Дээрх зардлууд барилгын өртгийн багагүй хувийг эзэлдэг учраас эдгээрийг төрөөс дааж барилгын үнийг доогуур барих гэж оролдсон. Тэгсэн ч бидэнд тулгаад байгаа нэг кв.м-ийн үнийг 650000 төгрөгт багтаах нөхцлөө биелүүлж чадаагүй. Тийм байхад энэ бүх зардлыг өөрөө хариуцаж байгаа хувийн компаниуд яаж тийм хямд үнэтэй барилга босгох юм бэ?” хэмээн ихэд бухимдангуй өгүүлж байна. Үнэхээр дээрх барилгын гүйцэтгэгч компаниудын удирдлага ч нэг кв.м талбайн өртөг нь 730000 төгрөг болсон тухай хэвлэлээр мэдэгджээ.
40000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд ОССК зөвхөн нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт олон барилга эхлүүлсэн ч санхүүжүүлж чадалгүй зогсоод олон жилийг өнгөрөөжээ. Шалтгаан нь угаас хөтөлбөр улс төрийн зорилго чиглэлийг л голлон агуулсан болохоос эдийн засгийн үндэслэл тооцоо муутайн дээр жил тутмын барилгын зардлын өсөлтийг төр засгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын хурд гүйцэхгүй хоцорсон явдал. Төр өөрт оногдсон ажлаа хийж, барилгын салбарыг оновчтой зөв зохион байгуулах, хөтөлбөр хэрэгжих эдийн засгийн болон бизнес, эрх зүйн таатай орчныг шуурхай бүрдүүлэхийн оронд өөрөө барилгачин болох гэж муйхарлан зүтгэсэн нь ямар ч эерэг үр дүн авчирсангүй. Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Улаанбаатар хот мөнгөө нийлүүлж “Орон сууцны санхүүжилтийн корпораци” гэдэг компанийг 2006 онд байгуулснаас хойш таван жил өнгөрөхөд ямар үр ашиг гарав? Орон сууцны санхүүжилтийн корпораци гэдэг байгууллага Япон, Солонгос гээд зарим улс орнуудад байдаг тухай ярьцгаадаг. Гэхдээ тэр орнууд эхлээд корпорацийн тухай хуулиа хэлэлцэж гаргадаг, тэр хуулиараа компаниа байгуулдаг, байгуулагдсан компани нь бас мөнөөх хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эрхэлдэг юм гэсэн. Гэтэл манайд хэдхэн “ухаантай” хүн нэг өглөө босч ирээд л юуг ч, яаж ч байгуулж чаддагаараа бусдаас ялгаатай. Дэлхийн ихэнх орнуудаас100 жилийн ард хоцорч яваагаа бид дээр дооргүй халаглан ярьдаг ч энэ нь бас бусдын алдааг давтахгүй байх давуу талтайг ердөө ч ухаарахгүй юм даа. Тэдний амьдралаараа баталж бидэнд үлдээсэн хамгийн анхаарууштай зүйл гэвэл үнэхээр л улс орноо хөгжүүлэхийг хүсч байгаа бол төр засаг нь зах зээл рүү аж ахуйн нэгжүүдтэйгээ хутгалдан орж болохгүй, юуг яаж хийхийг тэдэнд дээрээс зааж зааварлаж, хянаж цагдаж болохгүй гэсэн сургамж. Үүнтэй маргаад байх хүн байдаггүй...
Ёстой л бор зүрхээрээ зүтгэж арай ядан хөлөө олох гэж ядаж зүдэж яваа үндэсний барилгын цөөн хэдэн компаниа дэмжиж тэтгэж гийгүүлдэггүй юм гэхэд ард түмний татварын мөнгөөр төрийн үлэмж давуу эрх бүхий монополь компани байгуулан санхүүжүүлж, хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдүүлж болохгүй гэдгийг эрх баригчид мэдэхгүй байсан гэж үү? Ийм үйлдэл нь салбарыг эдийн засгийн хувьд сөхрүүлээд зогсохгүй ёс суртахууны хувьд ч дэндүү харгис явдал юм. Энэ нь барилгын салбарыг зах зээлийн эдийн засгийн эрүүл саруул замаар хөгжүүлэхэд үлэмж их саад бэрхшээл учрах нэг гол шалтгаан болсон. Үүнийг даруйхан засаж залруулмаар байтал харин ч өнөөх ОССК гэгч нь барилгын салбарын хамгийн мундаг байгуулага болж хямд орон сууцнууд барьж хүмүүст өгөөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх зорилгоор хоосон суртал ухуулгыг хэвлэл мэдээллээр тасралтгүй явуулж. Яг үнэндээ бол иргэд бидэнд төрийнх нь үү, хувийнх нь уу аль компани нь барьсан нь чухал бус харин аль болох түргэн орох оронтой болж, утаа угаараасаа салах нь амин хэрэгцээ болоод байна.
Барилга, орон сууц, хот суурингийн утаа угаарын асуудлыг түргэн шийдэх санхүү, эдийн засаг, нийгмийн орчныг төр бүрдүүлж, харин уг ажлыг гардан хийж гүйцэтгэх нь барилгын салбар, түүнийг тойрсон байгууллага, хүмүүсийн ажил үүрэг баймаар санагдана. Гэтэл ард иргэдээ далайн хөвөөн дэх “өвгөн эмгэн хоёр” болгоод, төр өөрөө “алтан загас” байх гэж зүтгээд байх хандлага сүүлийн жилүүдэд улам бүр хүчтэй ажиглагдаад байх юм. Угаас “Алтан загасны үлгэр” амьдралд хэрэгжих боломжгүй учраас хичнээн сайн төр байгаад ч алтан загасны ид шидийг үзүүлж чадахгүй билээ. Тиймээс дэлхийн зах зээл өндөр хөгжсөн улс орнуудын төр засгийн хийдэг ажлуудыг л манай төр засаг хийдэг баймаар. Тухайлбал, барилгын компаниудынхаа зах зээл, орлого ашиг, нийгэм дэх байр суурийг булаалдан өрсөлдөх бус тэднээр ажлыг нь хийсэн шиг хийлгэж улс орондоо үр өгөөжийг нь хүртээмээр байна. Манхэттэн дүүрэг дэх “Эзэнт гүрэн” хэмээн нэрлэгддэг 102 давхар, 448.07 метр өндөр алдарт барилгаа америкчууд 1929-1931 оны хооронд гуравхан жилд багтаан босгосон гэдэг. Энэ бол 100 шахам жилийн өмнөх жишээ. Тэгэхээр барилга барих гэдэг бол энэ ертөнцөд огтхон ч шинэ зүйл биш гэдэг нь наанадаж л эндээс харагдах бөлгөө.
Цалин орлого багатай жирийн иргэдийг боломжийн орон сууцаар хангах бололцоо бий юү гэж асуухад надтай тааралдсан барилгын компаний захирал болгон л ам нэгдсэн юм шиг “байлгүй яахав” гэж хариулж байлаа! Тэгээд юу саад болоод байна? гэхэд мөн л цөмөөрөө үгссэн юм шиг “Төр засаг өөрт оногдсон ажлаа хийхгүй байна” гэж байх юм. Өнөөдөр Улаанбаатар хотыг орон сууцжуулахад нэн тэргүүнд ямар ажил хийх шаардлагатай байгааг тэд ийнхүү тайлбарлаж байна. Хамгийн эхэнд гэр хорооллуудын эзэлж буй газрыг чөлөөлөх, дараа нь тэр газарт дэд бүтэц бий болгох, үүний дараа тэнд орон сууцууд барих ажлыг зохион байгуулах. Мэдээж энэ бүх ажлуудыг хийхэд мөнгө хэрэгтэй. Мөн энэ ажлуудыг хийж гүйцэтгэх арга механизмыг маш зөв оновчтой боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Одоогийн арга барилаар хол явахгүй гэж байна. Ямар арга механизм хэрэглэвэл сайн үр дүнд хүрэх талаар хувийн хэвшлийнхэн нилээд олон янзын тооцоо судалгаа, үнэлэлт дүгнэлт гаргажээ. Гагцхүү тэдний бодож боловсруулсан зүйлийг анхаарч сонсох, ажил болгон хэрэгжүүлэх төр засгийн байгууллага өнөөдөр алга. Дээрх асуудлыг шийдэхийн тулд төрөөс гарцаагүй эн тэргүүнд хийх ёстой ажил нь хөрөнгө мөнгө босгох асуудал. Энд нэг бол Засгийн газар, Монгол банк өөрсдөө гадаад, дотоодоос хөрөнгө босгох, эс бөгөөс ийм нөхцөл боломжийг хувийн компаниудад олгох ёстой болж байна. Газрын доорхи баялаг нийт ард түмний буюу төрийн өмч мөн юм бол, түүнийг нийт ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө зориулах ёстой юм бол баялагтаа түшиглээд гадаадаас хөрөнгө босгож, орон сууцжуулах асуудлаа шийдэх бололцоо өдгөө манай улсад бүрэн байгаа гэж барилгачид ярьж байна. Хүн бүрт, айл бүрт мөнгө тарааж эх орныхоо баялгийг аманд ч үгүй, хамарт ч үгүй цацсанаас барилгын салбарт хөрөнгө оруулалт хийвэл монголчууд бид бүгдээрээ орон сууцтай болж чадна гэдэгт тэд эргэлзэхгүй байгаагаа ч хэлж байна.
Барилга барих газрыг хэрхэн бий болгох, дэд бүтцийг яаж байгуулах, хөрөнгө мөнгө хэрхэн босгох, үүнд төрийн, хувийн хэвшлийн, жирийн иргэдийн үүрэг оролцоо ямар байх, хүн болгоны амнаас гарах болсон ТХХТ/төр, хувийн хэвшлийн түншлэл/ гэх стандарт хэллэг, үүнийг хэрэгжүүлэх зорилгоор дөнгөж батлагдаад байгаа хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хүмүүст нилээд олон талын бодол эргэцүүлэл, нарийн ширийн хувилбарууд байдаг юм байна. Газраа байраар солих хсэлтэй иргэдэд зориулан түр орон сууц барих тухай яриаг хамгийн тэнэг шийдвэр гэж олон хүн шүүмжилж байна. Бололцоо олдвоос энэ тухай болон бусад асуудлуудын талаар жич өгүүлэх болно.
Барилга барих газаргүй, дэд бүтэц байхгүй, мөнгөгүй болохоор та бид өнгөрсөн жилүүдийн л адил цаасан дээрх хөтөлбөрүүдээ л “халбагадаж” суухаас хэтрэхгүй нь ээ. Хөтөлбөр “халбагадсанаар” хөгжил ирдэгсэн бол Монгол улс аль хэдийн дэлхийн супер гүрэн болчихсон байх байлаа даа.


Т.НАРАН ppp_2010@ymail.com