Saturday, August 1, 2009

УИХ-ын гишүүдийг “уулгаж идүүлэхээс” нааш бүтэхгүй

Энэ сарын 09-ний Баасан гаригт Ашигт малтмалын тухай хууль болон уул уурхай тойрсон бусад олон асуудлуудаар төрийн түшээд, мэргэжлийн хүмүүс оролцсон ярилцлагад очиж сонирхлоо. Урд орой нь МҮТВ-ийн ММ агентлагийн мэдээгээр Монгол банкны ажилтан эмэгтэй ярилцлага өгөхдөө “… өмнөх жилийн яг өдийтэй харьцуулахад Монгол банкинд тушаасан алтны хэмжээ 700 гаруй кг-аар бага байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр ноднингоос хавьгүй өндөр байхад олборлолт буурахгүй нь ойлгомжтой учир Зэс, алтны үнийн гэнэтийн өсөлтөөс авах 68%-ийн татвар нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэ хууль батлагдсанаас хойш сарын хугацаа өнгөрөхөд ганц кг ч алт Монгол банкинд тушаагдаагүй байна” гэсэн нь миний анхаарлыг өөрийн эрхгүй татаж, нөгөө “их санасан газар есөн шөнө хоосон хонох”-ын үлгэр болж байгаа юм биш биз дээ гэж бодогдоход хүргэсэн учир хэн ч уриагүй, бас одоохондоо мэргэжлийн байгууллагадаа ажиллаагүй байгаа ч энэ уулзалтанд хэрэгт дурлаж очсон хэрэг.
МУУҮА-ынхан, уул уурхайн компаниудын төлөөлөл болох 30гаруй хүн цугларсан байв. УИХ-ын 10 гаруй гишүүдийг нэр заан урьсан боловч хэн нь ч ирсэнгүй, мөн МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулахаар тохирсон ч бас хүн алга байна гэж МУУҮА-ийн Ерөнхийлөгч До.Ганболд ярилцлагыг нээхдээ хэлэхэд оролцогчид “За, уул уурхайн салбарыг татан унагах хуулиудыг нууцаар шахам үйлдвэрлэн гаргаж байгаа гишүүд уул уурхайнханаас зугатах нь тодорхой. Харин Дэмбэрэл дарга яагаад бултав?” хэмээн янз бүрийн таамаглал дэвшүүлцгээж байв.
Миний хувьд тус салбартай холбоотой олон чухал мэдээллүүдийг өнөөдөр ажлаа хийж яваа уурхайн дарга, инженерүүдээс авч, тэднээс өндөр татвар хурааж ард бидэндээ тарааж өгөх гэсэн төрийнхөө шийдвэрийг дотроо дэмжиж явсан бодол минь жаахан эргэлзэл тээнэгэлзлээр солигдох янзтай болж ирэв. Гэхдээ энэ удаа тэр тухай бус тэс өөр зүйл хэлэх гэсэн юм.
Ярилцлага 11.00 цагаас эхэлсэн ч 13.00 цаг болж, оролцогчид уван цуван гарч эхэлсэн хойно УИХ-ын гишүүн Бадамдамдин орж ирсэн нь танхимд үлдэгсдийн идэвхийг сэргээв. Яриа хоёр талаасаа шулуухан, бас халуухан эхлэв. Энд би ярианаас өөрийн тэмдэглэж авч амжсанаа товчлон хүргье.
Оролцогч: Та нарын одоо гаргах гээд бэлэн болгосон байгаа Ашигт малтмалын тухай хуулийн төсөл чинь янз янзын хүмүүс, янз бүрийн үзэл санаагаар биччихсэн төслүүдийг механикаар холиод, зүйрлэвэл үхэр толгойтой, мууран сүүлтэй, адуу хөлтэй “аймшгийн амьтан” шиг юм болсон байна ш дээ. Ийм хууль гарвал хэрэгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Хууль гэдэг чинь уялдаа, авцалдаатай, тодорхой үзэл баримтлалтай баймаар.
Гишүүн: Манай ажлын хэсэгт Авдай, Энхболд, Дамиран, би, ахлагч Одхүү гэсэн хүмүүс орж байгаа. Эд нар чинь зарим нь 68%-ийн татварын хууль санаачилсан, зарим нь ашигт малтмалын тухай хуулийн өөрийн төслийг бичиж өргөн барьсан хүмүүс болохоор тэрийгээ л хамгаална ш дээ.
Оролцогч: Бид ерөөсөө энэ хуулийг хэлэлцэн гаргах хэрэггүй, бүр хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Тэртэй тэргүй 68%-ийн татвараар гадаадынхныг айлгаад хөөчихсөн юм чинь одоо сайн хууль гаргаад ч хэрэггүй.
Гишүүн: Хуулийг хойшлуулна гэж байхгүй. Нийгмийн уур амьсгал ч түргэн гаргахыг шаардаж байгаа. Ард түмэн уул уурхайгаас хувиа хүртэхийг яарч байна. Сая гишүүд хөдөөгөөр яваад 68%-ийн татвар аваад та нарт тарааж өгнө гээд хэлчихсэн, тэд хүлээхээс ч аргагүй.
Оролцогч: Ганц энэ хууль ч биш бүх л хууль тогтоомж нь дандаа зах зээлийн харилцааны эсрэг гардаг. Тэгсэн мөртлөө зах зээлийн нийгэм сонгосон, энэ замаар хөгжинө гээд байгаа. Ерөөсөө Монголын төр дампуурсан, ямар ч чадамжгүй болсон учир төр засгаа шинэчилж, өөрчилж байж л дараа нь хуулиа яримаар байна.
Гишүүн: Би ч гэсэн УИХ-ыг тараая гэдэг саналыг дандаа л тавьж байгаа ш дээ. Та нар зүгээр ингээд л шүүмжилж, хойшлуулах энэ тэр юм ярьж суусанд орвол өөрсдийнхөө саналыг тусгах талаар хөөцөлд л дөө. Төр засгийг өөрчилнө, дараагийн сонгуулийг хүлээнэ энэ тэр гэж байх хооронд чинь энэ хуулийг энэ чигээр нь батлаад гаргачихвал та нар л хохирно ш дээ, би л лав хохирохгүй. /Энэ хууль зөвхөн уул уурхайн компаниудад л хамаатай, өөр юунд ч хамаагүй юм байх даа?/
Оролцогч: Бид нарын санал бодлыг албан ёсоор, соёлтой байдлаар тавиад байхад сонсдоггүй юм бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.
Гишүүн: Хурц хэлбэр гэж юу хэлээд байгаан, чи? Жагсах юмуу?
Оролцогч: Жагсана!
Гишүүн: Та нар жагсаж чадахгүй ээ. Та нар чинь капиталистууд ш дээ. Капиталистууд жагсаад хожиж байсан түүх дэлхийн түүхэнд байдаггүй юм. Харин ядуучууд жагсаж дийлдэг. Капиталистууд бол сонгууль дээр ажиллах гэх мэт өөр аргууд л хэрэглэж зорилгоо биелүүдэг болохоос…/ямар арга гэж та бодож байна?/
Оролцогч: Бид нар ямар юмны чинь капиталист байдаг юм бэ! Төр засаг харин дандаа биднийг дарамталж байхынхаа оронд капиталист болгочихоод татвараа өм цөм авч байх хэрэгтэй ш дээ.
Гишүүн: Би нарыг дэмжиж байгаа болохоороо л ирлээ ш дээ. Надаас өөр хэн ч ирээгүй байгааг харж байгаа биз дээ. Яагаад тэд нар ирэхгүй байгаа гэж бодож байна? Ерөөсөө манайд барууны ийм үзэл урагшаа явахгүй байгаа юм аа. Цаана чинь дандаа л зүүний үзэл бодолтой хүмүүс хуулин дээр ажиллаж, санал өгч байна.
Оролцогч: Биднийг капиталист, жагсаж чадахгүй ч гэх шиг юм яриад байна. Уул уурхайд 30000-аад хүн ажиллаж байгаа. Нэг хүний цаана 4 хүн байгаа гэж бодвол 120000-аад хүний хувь заяа, санал бодол байна. Эд нар чинь бас л ард түмэн шүү дээ. Гэтэл манайд 500000-хан л ажил хийх чадвартай хүн байдаг ш дээ. Гудамжны аргыг сонгоод жагсая гэвэл тэрэн шиг амархан юм харин ч байхгүй шүү. Сүхбаатарын талбайг дүүртэл нь жагсаах санхүүжилтийг бид гаргачихаж чадна. Тэр жагсаал цуглаан чинь л Монгол орны хувь заяаг шийдэж байх ёстой, төр засаг зөвхөн тэдний үгийг л сонсох юм бол тэр Ганбаатар энэ тэрийгээ Ерөнхий сайд ч болгоод яв л даа.
Гишүүн: Би та нарыг ойлгож байна аа. Гэхдээ өнөөдөр цаг үе нь ийм болчихоол байна ш дээ. Та нар их хурлын гишүүдтэй л сайн ажилла л даа. Ядаж 20 гишүүнийг өөрийнхөө талд оруулахад л хуулийг ямраар ч батлуулж болно ш дээ. Тооцоо хий, саналаа хэлж, ярьж ойлгуул. Эвтэйхэн харьцвал тэд нар чинь бас ойлгоно ш дээ. Сая татварын хууль хэлэлцэхэд хар л даа, компаниуд ерөөсөө шүүмжилж бариагүй ш дээ. Гишүүдийг лоббидоод л саналаа өөрсөддөө ашигтайгаар оруулчихсан. НӨАТ-ыг 10%-аас ихгүй байлгах, татварыг нэг шатлалтай байлгах… гээд л.
Оролцогч: Бид маш олон удаа, маш олон санал өгсөн. Бидний хүргүүлсэн саналыг эмхтгэвэл бүтэн боть ном болно. Бидний саналыг Засгийн газар л нааштай хүлээж авсан. Харамсалтай нь Засгийн газрынхаа өргөн барьсан хуулийн төслийг УИХ өнөөдөр зүгээр нэг хувь хүмүүсийн амбицаар улс төржсөн саналуудаас дорд үзэж байна.
Гишүүн: Би харин хэлээд байна ш дээ. Гишүүдтэй биечлэн уулзаад санал бодлоо аятайхан тайлбарлаад ойлгуулсан нь дээр.
Оролцогч: Би Бадамдамдин гишүүний яриаг сонсоод шал дургүй хүрч байна. Та нар их хуралд сонгогдмоор байна, тэгвэл та нарынхаа төлөө зүтгэнэ барина гэж уйлан донгодоод л, биднээс мөнгө гуйгаад л явсан ш дээ. Тэгсэн чинь өнөөдөр та нарын хохь ч гэх шиг юу яриад байгаан?? Та нар хэний хүчинд, хэний саналаар сонгогдчихоод ийм юм яриад байгаан?? Одоо та нарт зовлонгоо ойлгуулах гээд хоолонд оруулаад явахаас өөр аргагүй гэх гээд байгаа юмуу? Бид нар та нарыг сонгож болсон юм чинь эргүүлээд хэн ч биш болгож бас чадна ш дээ.
Гишүүн: Би та нарт тус болох болов уу л гэж ийм яриад байна ш дээ. Та нар ингэж яриад байвал цаадуул чинь уур нь хүрээд эсрэг саналын кноп л дарна ш дээ!! Одоо та нар эсэргүүцээд, шүүмжлээд юу ч хийж чадахгүй. Түүний оронд гишүүдтэй л ажилла, лобби хий.
Энд “оролцогч” гэсэн нь нэг хүн биш янз янзын хүмүүс байсан бөгөөд нэгд, хэн гэдэг нь ач холбогдол багатай, нөгөөтэйгүүр, би ихэнхийг нь танихгүй хүмүүс учир ийн авав. “Гишүүн” гэдэг нь УИХ-ын гишүүн Бадамдамдин гэдгийг уншигчид ойлгосон байх.
Ярилцлага дуусаж хүмүүс үүд рүү чиглэцгээх үед хэн нэг нь эрхэм гишүүнээс: “Сая татварын хууль хэлэлцэхэд хэн тийм сүрхий лобби хийсэн юм бэ?” гэж хэрэгт дурласан уу, туршлагыг нь судлах гэсэн үү асуухад Бадамдамдин гуай “ Дэмбэрэл л байхгүй юу” гэх нь сонсдлоо. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга С.Дэмбэрэл байх гэж би ойлголоо. Хэрэв тийм бол тэр дахиад л Ашигт малтмалын тухай хуулийн “лобби” хийх гэж явахаас тээршээх, эсвэл эрхэм гишүүдийг “лоббиг”оор залхаахаасаа зайлсхийх байлгүй дээ.
Уул уурхайн компаний захирлууд тав арван төгрөгөндөө гар татсандаа биш юмаа гэхэд хор шарандаа эрхэм гишүүдийн “хүсэлтийн хариуг” биелүүлэхгүй байсаар саяхны 68%-ийн хууль шиг “сонирхолтой” хууль гаргуулчихгүй байгаа даа гэхээс би санаа зовж л сууна. Учир юун гэвэл төрийнхөн ба уурхайчдын хоорондын тэмцлээс болоод “амьдралгүй” хууль гарчихвал эцэст нь жирийн иргэд, тэдний үр хүүхэд, Монголын ирээдүй л улам бүрхэг, тодорхойгүй болж үлдэх болно шүү дээ.


Н. АРИУНТУЯА /Сэтгүүлч/

2006.06.09

No comments:

Post a Comment