Friday, July 31, 2009

ҮЛГЭР ДУУСАХ ЦАГААР

Ширүүн борооны үерт хот, хөдөөд олон хүн амиа алдсан тухай аймшигт мэдээ ойрын өдрүүдэд мэдээллийн хэрэгслээр тасралтгүй цацагдав. Алс хязгаарын аймагт арван хэдээрээ осолдсон бол өнөөх л нийслэлийн гэр хорооллынхон хамгийн түрүүнд аюулд өртөж, нэг айлын ам бүл бүгдээрээ шахам нэгэн зэрэг эндсэн тухай мэдээ сэтгэл сэрдхийлгэв. Гамшгийн газарт очсон хотын дарга, тэр хавьд оршин суугч нэгэн эмэгтэй хоёрын яриа өнөөх л гэр хорооллыг орон сууцжуулах тухай. Үерт сүйтгэгдэн нурж авахын аргагүй болсон гудамж хашаа, шавар шавхай, цэвэр цэмцгэр дэгжин хувцастай дарга нар, тэднийг тойрон яахаа үл мэдэн зогсох номхон ноорхой хүмүүсийн аврал горьдлого тээсэн харц, тэгээд бас тохилог орон сууц барьж орох тухай яриа... Үлгэр ээ, үлгэр. “Чи сайхан хоолны нэр хэл ваа, би савхад ваа”.

Тийм ээ, Монголын төр засаг амтат сайхан үлгэр зохиож ярьдаг, мань мэт түүнийг нь сонсож бор хоног өнгөрөөдөг болсоор олон жилийг үдэж байна. Олон ч сайхан үлгэр сонсож, олныг нь ч та бид цээжээр мэддэг боллоо. Үүний нэг нь сүүлийн 10 шахам жил яригдаж буй “40000 орон сууц хөтөлбөр” гэсэн эхлэлтэй, “100000 айлын орон сууц барих төсөл” гэсэн үргэлжлэлтэй. Одоо л үлгэр болоод байгаа болохоос энэ уг нь манай Засгийн газрын бодлого, албан ёсны хөтөлбөр, төлөвлөж төсөвлөсөн бүтээлч ажил гэж ойлгогдож байсан. Хамгийн түрүүнд , хамгийн их талархан дэмжиж хүлээж авсан хүмүүс бол нийт барилгачид. Учир нь ард иргэдийн хувьд удахгүй тохилог сайхан орон сууцтай болох нь гэсэн найдвар төрж, ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж эхэлсэн бол тэдний хувьд ажил хөдөлмөрийн, бизнесийн таатай орчин бий болох нь гэж урамшсан. Нэгэнт төр засгийн зүгээс албан ёсоор тунхаглан зарлаж, амлаж байсан болохоор энэ таатай боломжийг ашиглах гэсэн хүмүүс барилгын салбар руу нийтээр хошуурцгаах болсон. 2008 оны байдлаар гэхэд манай улсад барилга угсралтын 1500 компани, барилгын материалын 500 үйлдвэр ажиллаж, 2007 онд энэ салбарт 60000 хүн ажиллаж байсан бол жилийн дараа энэ тоо 90000-д хүрсэн гээд бод доо.
Ийнхүү дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүд ихээхэн урамшин, зах зээлд нийлүүлэх орон сууцны тоо хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө бүх хүч, боломжоо дайчилж эхэлснээр барилгын салбарын хөгжилд ч багагүй түлхэц болсон. Үүнийг батлах нэгэн жишээ бол 2000-2004 онуудад 4500 айлын орон сууц ашиглалтанд орж байсан бол 2004-2008 онуудад 30000 гаруй болж өсчээ...

Дээр гарсан бүх тоонуудын цаана томоохон утга агуулга бий. Олон мянган айл өрхийн ахуй амьдрал, үр хүүхдийнх нь ирээдүй, маргаашдаа итгэх итгэл найдвар, хөдөлмөрлөж бүтээж амьдрахын жаргалыг хүмүүс өөрийн биеэр мэдэрч, өөрийн нүдээр харж байв. Барилгын үйлдвэрлэл бол улс орны эдийн засгийн суурийг тавьдаг гэдэг. Бидний шүтээн шахуу болчихоод байгаа Солонгос улс гэхэд дайны дараагаас улс орноо хөгжүүлэхийн тулд барилгын салбараа босгож эхэлсэн, үүний тулд хамгийн түрүүнд цементийн үйлдвэрүүдээ барьж эхэлсэн гэж би сонссон. Нэг барилга барихад хичнээн төрлийн материал хэрэглэдгийг хэлэх аргагүй. Нэг байшин босоход түүнийг дагаж маш олон жижиг, том үйлдвэрүүд босдог. Тэдгээр үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр дараагийн барилга босож, энэ үед дахиад өнөөх материалын жижиг, том үйлдвэр, бизнесийн нэгжүүдийн тоо нэмэгддэг. Зөвхөн баригдаж буй тухайн барилгаас гадна эдгээр дагалдах үйлдвэр, байгууллагуудад маш олон хүн ажиллаж, амьдралаа залгуулж байдаг. Энэ бүх хүн засаг төрөөс халамж тэтгэлэг нэхдэггүй. Хамгийн ойр, хүн бүхний нүдэнд ил харагдах ганц жишээ бол бидний “100 айлын” гэж нэрлэдэг барилгын материалын зах. Тэнд бэлэн бараа бүтээгдэхүүн импортлон борлуулагчдаас гадна хичнээн олон жижиг үйлдвэр байдаг гээч. Тэд хэрэглэгчдийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг ямар түргэн шуурхай үйлдвэрлэж нийлүүлдгийг бид бүгд мэднэ. Ажлын цаг дууссан, амралтын өдөр тул ажиллахгүй гэсэн ойлголт тэдэнд байхгүй.
Мөн сантехникийн, цахилгааны, дохиолол хамгаалалтын, холбооны, гадна дотор тохижилтын...гээд ус, тог оруулдаг, үл үзэгдэх харуул манаач тавьдаг, интернетэд холбодог, зүлэг мод тарьдаг, зам талбай хийдэг гээд урьд хожид үзэгдэж дуулдаагүй олон компаниуд, хүмүүс хаанаас яагаад бий болоод байна?
Тэдний мэдлэг дадлага, ажлын бүтээмж, бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, өрсөлдөх чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж байдаг. Зах зээлийн орчинд бизнес хийж өөрийнхөө амьдралыг өөд нь татаж, эх орны хөгжлийг түргэтгэхэд нүдэнд харагдаж гарт баригдахуйц хувь нэмэр оруулж яваа энэ бүхэл бүтэн “ажилсаг шоргоолж”-уудын ангийг хэн бий болгов? Төр засаг өөрийнхөө зардлаар гадаадад явуулж сургаагүй. Нийслэлийн хотын удирдлагууд лангуу талбай барьж өгч цалинжуулж суулгаагүй.
Тэднээс гадна барилгын зөвхөн тоосго, цемент, дулаалгын материал, эсвэл дээвэр, хана, шал, хаалга цонх дагнан үйлдвэрлэдэг орчин үеийн төрөлжсөн иж бүрэн үйлдвэр Улаанбаатарт болон хөдөө орон нутагт хичнээн ажилладгийг, шинээр хичнээн бий болсоор байгааг хүмүүс тэр болгон мэддэггүй. Эд бол зүй тогтлынхоо дагуу их барилгыг даган төрж гарсан жинхэнэ мэргэшсэн арми, Монголын хөрсөнд өөрөө ургаж бий болсон үнэт баялаг билээ.

Харамсалтай нь энэ дүр зураг удаан үргэлжилсэнгүй. Барилгын салбарт буцалж байсан их амьдралын эрч хүч, хэм хэмнэл өдрөөс өдөрт буурсаар бараг зогслоо. Барилгын компаниуд орон тоогоо цомхотгож, зарим нь бүр харуул манаачаас бусдыг нь “түр чөлөө” олгож, тэгэхдээ “түр” гэж чухам ямар хугацаа болохыг дарга нь ч цэрэг нь ч хэлж мэдэхгүй авай. Тэднийг даган бужигнаж, буцалж байсан өнөөх ажилч “шоргоолжнууд” маань ч яахаа мэдэхээ болин баахан үймэлдсэнээ одоо муужирцгааж эхэлж байх шиг байна. Энэ жилдээ л лав тэд дахин өндийх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл манай оронд барилгын ажил богинохон хугацаанд явагддаг. Одоо намар болж байна, дараа нь хахир хатуу өвөл, зэвэргэн шороон шуургатай уртаас урт хавар...

“100000 айлын орон сууц” хэмээх Засгийн газрын төсөл гээч нь үлгэр байгаад ийнхүү дуусах нь энэ үү? Хэрэв тийм бол үерийн усанд урсаж байхдаа ч орон сууц мөрөөдөн ярьж, үхэхээс нааш санаа үл амрах ядарсан иргэд бидэндээ үнэнийг шуудхан хэлж аль. Хэрэв үнэхээр албан ёсны төсөл хөтөлбөр юм бол түүнийгээ хэрэгжүүлэх талаар жаахан ч гэсэн санаа тавьж, жаахан ч гэсэн урагш ахиулж аль гэж гуйя, төр засаг минь.



Н.Гэрэл

No comments:

Post a Comment