Friday, July 31, 2009

БОДЛОГЫН ХОМСДОЛООС ЧӨТГӨРИЙН ТОЙРОГТ

Барилгынхан бужигнаж эхэлж буй сураг гарч, бүр жагсаал цуглаан хийх юм гэнэ гэсэн “бор шувуу” газар сайгүй нисэж эхлэв. Оюутолгой, Тавантолгой хэмээн орилолдож, жагсаж цугласаар тав зургаан жил өнгөрөхөд үзээд буцаагаад өгьч гэсэн өчүүхэн төдий харагдах үр дүн гарсангүй, хэзээ ч эргэн үл ирэх урт хугацаа, дахиад хэзээ олдох нь бүү мэд дэндүү сайхан боломжуудыг л үүрд алджээ. Үл ойлголцлын манан дунд үрэгдэл чирэгдлээс өчүүхэн төдий өөрийг үл авчрагч ийм явдал одоо барилгын салбарт бас дахин давтагдах гэж байгаа юм биш биз дээ, арай?
Яг юу болоод, цаашид болох гээд байгааг мэдэх санаатай барилгын салбарт ажилладаг зарим хүмүүстэй уулзлаа. Саяхан л барилга барих газар олох гэж, барьсан барилгаа нэгнээсээ өрсөн борлуулах гэж “уран мэхийг уралдуулж” байсан барилгын олон компаниудын байдал шал өөр болчихож. Монголын барилгын үндэсний ассоциаци гэдэг төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж буй аж. Бүгдээрээ нийлж жагсаал цуглаан хийх талаар ярилцацгааж байгаа нь ч үнэн бололтой. Хүмүүс зовлон бэрхшээл үзээд эхлэхээрээ л нэгдэн нийлж эхэлдэг гэсэн үг бий. Тэгвэл манай барилгачдыг нэгтгэх болсон тэр зовлон бэрхшээл нь юу вэ?

Барилгын компаниудыг бид мөнгө хөрөнгө нь багтаж ядсан, дур зоргоороо загнасан, жаргал нь дэндсэн тусгайдаа хүмүүс мэт төсөөлөх нь элбэг. Амьдрал дээр тийм биш ажээ. Олонхи барилгын компаниуд үлэмж хэмжээний өр зээлийн дарамтанд орж, түүнээс гарах арга зам бараг мухардсанаас энэхүү дарамт өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгааг нотлох бодит баримт жишээ элбэг байна. Манай улсын бүх л салбарын бизнес эрхлэгчдийн нэгэн адил тэд ч богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийг арилжааны банкуудаас авч урт хугацааны үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа санхүүжүүлж иржээ. Энэ бол ямар ч төрлийн бизнесийн урсгал зардлыг үлэмж өсгөхийн зэрэгцээ өндөр эрсдэл дагуулдаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэдгээр эрсдлийн нэг нь бараа эргэлтийн хугацаа удаашрах явдал. Өөрөөр хэлбэл угаас харьцангуй удаан хугацааны технологийн циклтэй барилгын борлуулалт удаашрах юм бол гүйцэтгэгч тэр хэмжээгээр санхүүгийн алдагдал шууд хүлээнэ гэсэн үг.

Тэгвэл өдгөө манайд барилгын борлуулалтын хугацаа удаашрах бус бүр таг зогссон нь аюулын харанга дэлдэж байна. Танай борлуулалт чинь зогсчихсон юм бол бид зээлийнхээ хүүг бас зогсооё доо гэх банк харамсалтай нь даанч байхгүй учраас барилгын компаниудын алдагдал сар өдөр, цаг минуттай уралдан тасралтгүй өссөөр байх нь ойлгомжтой. Яагаад ийм болов? Үүний шалтгааныг учир мэдэх хүмүүс хэдэн хэдэн талаас нь тайлбарлаж байна. Мэдээж хэрэг, анхдагч шалтгаан нь дэлхий даяар нүүрлээд буй санхүүгийн глобал хямрал. Сүүлийн 5 жилд барилгын нийлүүлэлтийн зах зээлд тулгарсан хамгийн бэрхшээлтэй хүчин зүйлүүд, тухайлбал дэлхийн зах зээлд тодорхой хугацаанд үргэлжилсэн түүхий эд болон барилгын үндсэн материалуудын үнийн өсөлт, түүнийг залган үүссэн санхүү-эдийн засгийн хямрал, тэрхүү хямралаас улбаалсан санхүүгийн эх үүсвэрийн хомсдол зэрэг нь барилгын салбарын хөгжлийн хурдцыг сааруулж, зарим нэгийг нь дампуурахад хүргэжээ.
Өнгөрсөн жилүүдэд орон сууцны үнэ огцом өсөж үүнийг эдийн засагчид болон улс төрийн хүрээнийхэн янз бүрээр тайлбарлаж, ингэхдээ зарим нь үнэн бодит шалтгааныг олохыг хичээж байсан бол зарим хүмүүс өөрийн улс төрийн юмуу бусад үл мэдэгдэх зорилго сонирхолд нийцүүлэн үндэслэл муутай мэдээлэл хийж байсан нь ч бий. Хамгийн бодитой шалтгаан бол импортын, тэр тусмаа хоёр хөрш орны барилгын материалын үнийн өсөлт байв. Жишээлэхэд, өнөөдөр 600-700 ам.доллар байгаа арматур төмөр тонн нь 1200 ам.доллар, тонн нь өдгөө 50-60 ам.доллар байгаа цементийн үнэ 150 ам.доллар хүрч байж. Түүнээс гадна газрын үнийн өсөлт, барилгыг дэд бүтцийн нэгдсэн сүлжээнд холбох нэмэгдэл зардал, түлш шатахууны үнийн болон ажиллагсдын цалин хөлсний өсөлт гээд олон хүчин зүйлүүд нөлөөлжээ.
Барилгын үнэ өсөхөд шууд нөлөөлдгөөс гадна бизнес эрхлэгчдэд цаг хугацааны алдагдал болон сэтгэл санааны хүнд дарамт учруулж ирсэн “сонирхолтой” баримт олон байдгийн нэгийг хэлье. Газрын тухай хуулиар барилга барих газрыг дуудлага худалдаагаар юмуу төсөл сонгон шалгаруулах журмаар олгодог гэж байгаа. Дуудлага худалдаанаас гадна мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлэх замаар олж авсан газар дээрээ, эсвэл сонгон шалгаруулсан төслөөр барилга барихад зөвшөөрөл авах, зураг төсөл батлуулахаас эхлээд барилга эхлэх, ашиглалтанд өгөх хүртэл төр, орон нутгийн захиргаа, хяналтын байгууллагуудаас нийт 114-124 хүн оролцож гарын үсэг, зөвшөөрөл өгдөг ба эдгээр гарын үсгийг бүрдүүлэхэд 6-18 сар шаардагддаг байна. Энэ болгонд мөнгө урсана. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар барилгын зураг хянаж эрүүл ахуйн дүгнэлт бичиж өгөхдөө 15.0 мянган төгрөг авдаг байхад Онцгой Байдлын Ерөнхий Газрын галын байцаагч өнөөх зургийг хянахдаа150.0 мянган төгрөгийн буюу 10 дахин өндөр хураамж авдаг нь ойлгомжгүй. Нийслэлийн Барилга, Хот Байгуулалт Төлөвлөлтийн Газар ерөнхий төлөвлөгөө батлахад 1500.0 мянган төгрөгийн хураамж авдаг бөгөөд өмнө нь аж ахуйн байгууллага байхдаа мөрддөг байсан энэ тарифыг одоо захиргааны байгууллагын статустай болсон хэрнээ мөрдсөөр “барилгын компаниудын турах энэ газрын таргалах хоёр тэнцсээр” л байгаа гэнэ.

Монгол банк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн нь мөн ч оновчтой сайн ажил боллоо, тэгээгүй бол Монгол улс өдийд юу болох байсныг хэлэхэд ч бэрх хэмээн өөрийгөө магтан дуулсаар л байгаа. Гэвч барилгын салбарыг мухардалд оруулах гол шалтгаан нь энэ болсон гэж тус салбарынхан хэлж байна. Оронд нь ямар арга хэмжээ авахаа бодож төлөвлөөгүй байж шууд л барилгын компаниуд буюу нийлүүлэгчид, нөгөө талаас худалдан авагчид буюу иргэдэд арилжааны банкуудад олгож байсан урт, богино хугацаатай зээлийг бүр мөсөн зогсоосноос болж энэ зах зээл дээрх амьдрал “амьсгал хураажээ”. Үр дүнд нь улсын хэмжээнд 35000 орчим айлын 450 орон сууцны барилга дуусаж амжилгүй зогссон болох нь 2009 оны 5-р сард хийгдсэн бүрэн бус судалгаагаар тогтоогджээ. Эдгээр дуусаагүй барилгын зах зээлийн үнэлгээ 1.0 триллион орчим төгрөг болох бөгөөд энэ их хэмжээний мөнгө эдийн засгийн эргэлтээс гарч үхмэл хөрөнгө болсон гэсэн үг юм. Нэгэнт банк зээл өгөхөө больсон болохоор орон сууц худалдан авах тэнхэлтэй хүн байхгүй болж, худалдан авагчгүй болсон болохоор барилгын компаниуд орлогогүй болж, орлогогүй болохоор зээл, зээлийнхээ хүүг төлөх тэнхэлгүй болж, харилцагчид нь мөнгө оруулахаа байсан болохоор банкуудын тамир тэнхээ барагдах тийшээ хандаж. Аргагүй юм. Арилжааны банкуудаас барилгын салбарт олгосон зээлийн хэмжээ нь тэдний нийт зээлийн 20% буюу 540,0 тэрбум гаруй төгрөгт хүрч байсан бөгөөд мөнгөний энэ урсгалыг зогсоосон нь амьтнаар бол артерийн судсыг нь тасалснаас өөрцгүй юм.
Ийм үзэгдлийг чөтгөрийн тойрог гэж нэрлэдэг. Чөтгөрийн тойрогт нэг л орчихвол гарахад маш их бэрхшээлтэй байдаг тул боловсролтой ухаантай хүн, бодлоготой зорилготой улс орон ийм байдалд орохоос зайлсхийж чаддаг юм байна. Харин бид яав?

Мөнгө төгрөг элбэг дэлбэг байх сайхан цагт бодлоготой бодлогогүй яаж ийгээд амьдраад байдаг бол санхүү мөнгөний хомсдол нүүрлээд ирэх үед бодлого, тэр тусмаа ухаалаг бодлого, түргэн шуурхай үйл ажиллагаатай баймааж бэрхшээлээс хохирол багатай гарах учиртай атал манай төр засаг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй мунгинаж цаг алдсаар байгаад чөтгөрийн тойрогт бүрэн орж байх шиг байна. Товчоор хэлэхэд бид санхүү мөнгөний хомсдол гэхээсээ илүү бодлогын хомсдолд нэрвэгдсээр байна. Үүний золиос нь өдөр болгон та бидний нүдний өмнө сэрийх дуусаагүй барилгууд, зээлийн дарамтанд шаналах барилгын компаний эзэд, ажилгүй, цалингүй санаашрах олон мянган барилгачид, орон сууц мөрөөдөн ганихрах хэдэн зуун мянган айл өрхүүд юм.



Инженер Т.НАРАН

No comments:

Post a Comment