Friday, August 3, 2012

АЙРАГ УУЖ СУУХУЙ ДОР

Хүн чамаас нэгэнт уйдаж хөрсөн  бол
Хүйтэрч холдсон сэтгэлийг буцаан авчрах аргагүй
Үзэсгэлэнт биеийг нь эзэмдсээр байж болох ч
Үхсэн хүний цогцсыг тэвэрч хэвтэхээс ялгаа юун...

*      *      *

Буян нүгэл хоёрын ялгааг мэдэхгүй мунхарчаад
Буруу зөв хоёрын заагийг харахгүй сохорчоод
Бурхан алга гэж бусдад гомдоллон уйлагнах нь
      Тэвчээргүй зангаар босон суунгаа жаргал хайж
      Тэнэж явахдаа хазгай гишгэж нүхэнд уначаад
      Тэнгэрийн нар алга болчлоо гэж тэвдэн орилохоос ялгаа юун...


*      *      *

Мөнхрөхгүй гэж мэдэвч
Үхэхээ мэддэг нь цөөн
Үхнэ гэж мэдэвч
Түүнд бэлтгэдэг нь цөөн
Түүнд бэлтгэдэг нь цөөн тул
Үхэж чаддаг нь цөөн.

*      *      *

Үл мэдэхийн шүлэг: 
Эжийгээ ээж болоход нь би хүү боллоо, 
Эхнэрээ ээж болоход нь би аав боллоо, 
Охиноо ээж болоход нь би өвөө боллоо.
Олон ээжийн ачаар би бүтэн хүн боллоо.