Wednesday, April 1, 2009

ХУУЛИЙГ ЗОХИОДОГГҮЙ, ХАРИН НЭЭДЭГ

Алаагүй баавгайн арьс нөмөргөсөн үү?
Төр засгийн зүгээс хууль эрх зүйн актыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлан гаргах, хэрэгжүүлэх тодорхой дэг жаяг, зарчим баримталдаггүй, энэ талаар дээрээ ч доороо ч нэгдсэн нэг ойлголтгүйгээс болж шинээр гаргасан хууль нь ард иргэд, байгууллагуудын зүгээс хүчтэй эсэргүүцэл, саад бэрхшээлүүдтэй тулгарч дорхноо “гууль” болох байдал ажиглагдаж байна. Энэ нь олон янзын үзэл бодлыг тандах, урьдчилсан судалгаа, хэлэлцүүлэг явуулах, тал талын бодитой мэдээллээр сонирхогч талуудыг хангаж, ойлголцоход цаг хүч зарцуулдаггүй, хамгийн гол нь тухайн хууль хэрэгжих учиртай салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсдоггүйтэй холбоотой юм. Үүний хамгийн “гоё” жишээ бол алт, зэсийн үнийн өсөлтийн 68%-ийн татварын тухай хууль.
УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж баталсны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ Сангийн сайд Баяртсайхан уг хуулийн “буян”-аар 88.0 тэрбум төгрөг орж ирэхээр тооцсон, тэр мөнгийг ард түмнийхээ нийгмийн халамж хамгааллын зардалд зориулна гэж мэдэгдсэнийг олон хүн, тэр тусмаа уг халамжийг хүртэх учиртай хүмүүс мартаагүй байгаа нь лав. Харин ч Засгийн газар арай эрүүл саруул хандсан бололтой. Түүнээс биш хууль санаачлагч гишүүд бол өдөрт л 700-аад сая, жилдээ 200-аад тэрбум төгрөг орж ирээд монголчууд мөддөө идэж барахгүй юм ярьж ухуулга хийж байсан гээч. Гэтэл “алдарт 68%”-ийн хуулийг баталсан өдөр буюу 5 сарын 12-ноос хойш нэг сар өнгөрөхөд нэг унци алтны үнэ 200 шахам ам.долл, нэг тн зэсний үнэ 2000 ам.доллараар уначихсан байв. Одоо нөгөө 88,0 тэрбум маань юу болох бол? “Алаагүй баавгайн арьс” нөмөргөчихсөн байсан болж таарах юм биш биз дээ, арай!
Нөгөөтэйгүүр амьдрал дээр яаж хэрэгжүүлэх талаар урьдаас юу ч бодож төлөвлөөгүй, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагын хүмүүстэйгээ урьдчилж яриагүй, бэлтгээгүй гаргачихсан хууль учир өнөөдөр тэр татварыг ямар аргачлалаар тооцож, хэрхэн хурааж авах талаар Татварын Ерөнхий Газар, Сангийн яамны мэргэжилтнүүд өдөр шөнөгүй тархиа гашилгаж буй сурагтай.
Хуулийн 4.1.4-т “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хассаны дараа үлдсэн орлогыг” гэсэн заалт мэргэжлийн хүмүүсийн дунд онигооны сэдэв болсон. Учир нь Лондонгийн металлын бирж дээр алтны үнийг тогтоодоггүй аж. МУУҮА-аас зохион байгуулсан нэгэн семинар дээр “The Balloch Group” –ын Ерөнхийлөгч Ховард Баллок гэдэг хүн “Хойд Америкийн зах зээлийн шаардлагууд болон ойлголтууд” гэсэн илтгэл тавих үедээ Лондонгийн металлын бирж дээр алт арилжаалдаггүйг хэлж байсныг дашрамд сонордуулъя.
Энэ хууль батлагдсанаас болж жирийн иргэд Бямбасүрэн гуайн ”түүхт” 20-р тогтоолоос дутахааргүйгээр хэл ам, хэрүүл тэмцэл босгож, хууль тогтоогч эрхмүүдийн тэртэй тэргүй тааруухан нэр хүндийг улам унаж, хууль ч хэрэгжиж эхлээгүй байхдаа л “гууль” болох замдаа оров.

Олон санаат оргож чаддаггүй гэдэг
Бид ямар ч зүйлд хандахдаа хоёр туйл руу савлаж байдаг араншинтай болжээ. Дээрх хуулийг боловсруулан гаргасны нөгөө туйл нь жил шахам хэлэлцсэн нэртэй хэрэлдэж маргалдаж байгаа ч одоо болтол олигтой үр дүнд хүрсэн юмгүй доороо л хий дэвхцэх “Ашигт малтмалын тухай” хууль юм. Үүний явцыг ажиглахад хууль эрх зүйн актын үндсэн зорилго, ач холбогдол, агуулгыг чухалчлах бус “амтай” болгоны үг хэл, үзэл бодлыг “эхийг эцээхгүй, тугалыг тураахгүй” гэсэн зарчмаар ямар нэг хэмжээгээр тусгаж оруулахад л гол нь анхаараад байна уу гэлтэй. Агуулга, зорилго, үзэл баримтлал нь ардчиллын үнэт зүйлсийг алдагдуулахгүй байх нь чухал болохоос бус хуулийн үг үсэг бүрийг хүн хүнээс цуглуулан оруулснаар “ардчилсан хууль” болохгүй нь ойлгомжтой.
Шинэчлэн гаргах хуулийн заалтууд алдаатай байх аваас ард иргэд нийтээр хохирч, оновчтой сайн болох аваас хэн хүнгүй бүгд хожих учир маргаанд хэн дийлж, хэн дийлдэх нь чухал бус харин хэр зэрэг сайн хууль болох нь туйлын өндөр ач холбогдолтой юм.
Дор хаяж л “гавьяа байгуулдаггүй юмаа гэхэд гай тарихгүй” байх ёстой. Үүний тулд явж өнгөрснөө, яг одоогийн бодит нөхцлөө сайтар харж, таньж мэдсэн байх шаардлагатай. 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийн хамгийн эхний заалт нь: “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн буй. Тэгвэл өнөөдөр энэ хуулийг тойрон гарч байгаа маргаан шуугиан нь тэр хязгаараас бүр хальж, ашигт малтмал хайх, ашиглах тухай биш гадаадын хөрөнгө оруулалт, татвар, гааль, газар шороо, засаг захиргааны нэгжийн тухай хуулиудын заалтуудтай хүртэл хутгалдаж, жирийн иргэд зарим үед учрыг нь олоход бэрх холион бантан гэгч болж байна.
Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд гадаадын компаниуд манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн процесс нь дан ганц уг хуулиар бус “Гадаадын хөрөнгө оруулалтын”, “Татварын” гэх мэт олон хууль эрх зүйн актуудаар зохицуулагдаж ирсэн боловч түүний эерэг сөрөг үр дагавруудыг дан ганц ашигт малтмалын хайгуул, олборлолттой холбон тайлбарлаж байна. Хэрэв гадаадын компаниуд Монголд орж ирээгүй бол хуулиудыг тойрсон ямар ч маргаан гарахгүй, гарсан ч хуулиудыг гадныханд илүү их ээлтэй болгох шаардлагатай байгаа талаар л яригдах байсан даа гэж мэргэжлийн зарим хүмүүс ярьж байгаа нь эргэцүүлэх асуудал мөн.
1997 оны “Ашигт малтмалын тухай” хууль хэрэгжих хугацаандаа ямар эерэг болон сөрөг, шууд болон дам нөлөөллийг Монгол орны амьдралд үзүүлснийг бодитой харуулах баттай судалгаа, мониторингийн материал байхгүй шахам, гол төлөв хувь хүмүүсийн сэтгэлийн хөөрөл зонхилсон “ам” маягийн мэдээллүүд сонин хэвлэлээр цацагдаж байна. Ер нь ч манай улсын хэмжээнд салбаруудын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд л байхаас бус дотоод, гадаадын компани байгууллагуудын зүгээс байгаль экологи, ард иргэдийн нийгмийн асуудал, хуулийн сахин мөрдөлтийн асуудал, тэдний ёс зүйн хэм хэмжээний эерэг юмуу сөрөг үйлдлүүдийн талаар аль нэгэн байгууллага, хүмүүсийн хийсэн судалгаа, албан ёсны тоон мэдээлэл байдаггүй нь ямар нэг харьцуулалт, дүгнэлт хийхэд бэрхшээлтэй юм.
Тийм учраас зарим нэгэн “уур ихтэй” нөхдүүдийн яриад байгаа шиг “Алт хөтөлбөр л Монголыг балласан” гэх юмуу гадаадын “түрэмгийлэгчдийг” хөөгөөд гаргачих юм бол монголчууд жаргалын дээдийг эдлэнэ гэж шууд батлан хэлэх боломжгүй байна.
Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулсан өнөөгийн төслийг харахад олон янзын үзэл бодлоор хийсэн олон төслийг механикаар нийлүүлчихсэн, үзэл санаа, үндсэн зорилго чиглэл нь тодорхой бус гэж мэргэжлийн хүмүүс бичсэн байна лээ. Зарим заалтууд нь хэтэрхий жижгэрч байгууллагын дотоод журмыг санагдуулам байхад зарим нь Үндсэн хуулийнхтай дүйж очихуйц томорсон байх жишээтэй.
Уул уурхай, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, татвар, лиценз, газар эзэмшил…Монголын тусгаар тогтнол… гээд маш олон асуудлыг ганц хуулиар, ганц далайлтаар нэг мөсөн зохицуулах гэсэн үл бүтэх оролдлого юм шиг санагдсан.
“Олон санаат оргож чаддаггүй” гэсэн өвгөдийн ухаант үгийг энэ хууль “хүчингүй” болгож чадна гэдэгт би л хувьдаа итгэхгүй.

Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав бай!

Хууль боловсруулах, батлан гаргах процедур бүдүүн тойм байгаагаас амьдрах чадваргүй хууль олноор гарч, хуулийн нэр хүнд унаж, сүүлдээ хуулийг “тоодог” хүн үгүй болох нь.
УИХ-ын гишүүдийн “үндсэн ажил” нь үг хэлэх, бас, уучлаарай, идэх хоёр учир энэ үг хамгийн их хамаатай болж таарна. “Идэх” гэдгийг би шууд, өөрөөр хэлбэл дайллага цайллага, уулзалт хүлээн авалтанд орох, гадаад дотоод явах гэсэн утгаар л хэлж буй болохоос өөр санаа агуулаагүй юм шүү. Юуны төрийн өндөр албан тушаалтнууд хэлж буй үг, хийж буй үйлдлийнхээ төлөө хамгийн хатуу хариуцлага хүлээдэг баймаар санагдана. Яагаад гэвэл тэд өөрийгөө биш ард түмнийг төлөөлж, тэдний нэрийн өмнөөс, тэдний олгосон эрх мэдэлд дулдуйдаж, тэдний бүтээж бий болгож буй хөрөнгө мөнгө, баялгийг хэрэглэж үгээ хэлж, үйлээ бүтээдэг. Өндөр албан тушаалтнуудын үг яриа, үйл ажиллагаанаас нийт ард иргэдийн өнөө болон ирээдүй хойч шууд шалтгаална.
Нэгэн зүйл: Хамгийн наад зах нь УИХ-аас батлан гаргаж байгаа хууль болгонд албан ёсны товч мэдээллийг хавсаргадаг байх. Тэнд хуулийг бүхэлд нь болон заалтуудыг санаачилсан, боловсруулсан, дэмжсэн, татгалзсан гишүүдийн нэр, хуулийг боловсруулж, хэлэлцэж баталсан хугацаа гээд товч боловч чухал мэдээллүүдийг багтааж болно. Санаачилж батлуулсан хууль нь сөрөг үр дагавар авчирсны төлөө шийтгээд байдаггүй юмаа гэхэд маш мундаг хууль баталж, тэр нь ард түмэнд үлэмж тус болох юм бол шагнадаг, эцсийн үр дагавар нь ямар байхаас үл хамааран муу бол “хэний тарьсан гай”, сайн бол “хэний байгуулсан гавьяа” гэдгийг ядаж цөмөөрөө мэддэг байя л даа.
Нэгэн зүйл: Зарим оронд 10-аас доошгүй парламентын гишүүн нийлж байж хууль санаачлах эрхтэй байдаг гэж би сонссон. Манайд авч хэрэглэх л жишээ. Тэгэхгүй бол “наад Гүндалай чинь Засгийн газарт ч хэлэлгүй ганцаараа хууль биччихээд түүнийгээ батлуулах гэж гишүүдэд “69” энэ тэр өгнө гэж лоббидоод байна шүү. Хуулийг нь битгий батлаарай, та минь” гэсэн төрийн ажил гэхэд хэцүү үйл явдлууд тасрахгүй янзтай.
Нэгэн зүйл: Онцгой ач холбогдолтой, хамрах хүрээ нь маш өргөн суурь хуулиудыг парламентын бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь баталснаар хүчин төгөлдөр болдог жишиг ч бий аж. Манайд Үндсэн хуулиас бусад хуулиудад ийм заалт байхгүй санагдана.
Нэгэн зүйл: Аливаа салбарын зохицуулалт бүхий хуулийг заавал тухайн салбарын мэргэжилтнүүдийн түлхүү оролцоотойгоор боловсруулж баталдаг байхгүй бол адгийн наад зах нь мэргэжлийн хэллэг, нэр томьёо утга учраа алдах нь. Одоо бэлэн болоод байгаа Ашигт малтмалын хуулийн төслийг уншсан Маркшейдерийн холбооны тэргүүн, ШУТИС-ийн багш, манай уул уурхайн салбарын урдаа барьдаг ахмад мэргэжилтнүүдийн нэг Д.Дондов гуай бүр аргаа барчихсан суухтай нь би таарсан. “Дэлхийн бөмбөрцөг бөөрөнхий байдаг учир лицензийн талбайн цэгүүдийг шулуун шугамаар холбосон байх тухай ойлголт хэзээ ч байж болохгүй гэдгийг л эд нар мэдэхгүй байна шүү дээ. Ганц энэ биш мэргэжлийн бус бүү хэл мэргэжлийн хүн ч уншаад ойлгохын аргагүй алдаатай юм өч төчнөөн. Хуулийн тэр үзэл баримтлал нь хамаагүй гэхэд энэ чинь надад хамаатай юм шүү дээ” гээд бухимдаад байгаа юм даа.
Тиймээс ямар ч хуулийг батлахаасаа өмнө өндөр мэргэжлийн хүмүүсээр экспертизийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулдаг байх нь чухал ач холбогдолтой байх болно.

Хуулийг зохиодоггүй…

Перестройка эхэлж байх үед шиг санагдана, Оросын хуульч-сэтгүүлч, эрдэм номтой нэгэн хүн: “Манай хуульчид хуулийг зохиодгоос болж маш их алдаа гаргаж байна. Ньютон ч, Дарвин ч хуулиудаа зохиогоогүй, нээсэн юм шүү дээ. Хуулийг зохиодоггүй, харин нээдэг юм. Нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд ч нэгэн адил” гэж бичсэн байж билээ. Хараад байхад барууны өндөр хөгжилтэй орнууд энэ ойлголтын дагуу л ханддаг юм шиг санагддаг. Юу гэвэл, тухайн хуулийг сахиж мөрдөхөд хувь хүнд ч, байгууллагад ч учрах хүндрэл бүрхшээлийг аль болох бага байлгах, баяртайгаар хүлээж аваад сахиж мөрдөөд эхэлдэггүй юмаа гэхэд эсэргүүцээд, зугатаагаад байхгүйгээр хуульчлахыг хичээдэг юм шиг харагддаг. Иргэд нь танхай, боловсролгүй, бүдүүлэг байснаараа хууль дандаа зөрчигдөөд байдаг ч юм биш, бас хууль нь бүдүүлэг, тэнэг учраас хэрэгжиж чадахгүй байх олон тохиолдол бий.
Зүлгэн дээр гишгэвэл 5 төгрөгөөр торгоно гэж айлгадаг байсан цаг л даа. Миний нэгэн танил Герман ч бил үү Европын нэгэн социалист оронд явж ирэхдээ тэд яагаад зүлгэн дээрээ гишгэдэггүйн “нууцыг” мэдчихээд ирснээ ингэж ярьсан юм.
Тэд шинэ барилга барьчихаад өмнө нь шууд зүлэг суулгаад эхэлдэггүй гэнэ. Эхлээд зүлэг суулгах талбайгаа сайхан тэгшлээд орхичихно. Байшингаас гарч ирсэн хүмүүс тэр дээгүүр нь гишгэцгээгээд л байх аж. Хоёр гурав хоногийн дараа хүний хөлөөр нарийхан жимүүд үүсэх бөгөөд яг тэр дагуу нь явган зам тавиад бусад газарт нь зүлгээ суулгачихдаг юм байна лээ. Түүнээс биш тэднийхэн нэг их соёлтойдоо ч зүлгээ гишгэдэггүй юм биш байна лээ гэж тэднийг “муу хэлсэн” юм.
Гэтэл бидний сэтгэлгээ ямар билээ? Зун болохоор модны мөчир, сүүдэрт халхлагдаад харагдац муутай болчихдог авто замын тэмдгүүд байдаг. Тийм тэмдгүүдийн цаахан талд замын цагдаа зогсож байдаг. Жолооч нар тэмдэг харалгүй өнгөрөөд осол аваарт орчих вий гэж санаа тавьсандаа тэгдэг гэж бодож байна уу, та? Үгүй дээ. Жолооч нар тэмдэг харалгүй өнгөрөөд ирэхээр нь торгох гээд отож байдаг юм. Энд та хэн нэгнийг буруутгахгүй байх аа. Учир нь манай улсын хууль, дүрмүүд л үйлчилж байна шүү дээ.
Энэ бол харин ч ойлгомжтой байна. Бүр дагаж мөрдөх бүү хэл, ойлгохын аргагүй далд утгатай ч юмуу, эсвэл ерөөс огт утгагүй ч юмуу “зохиол” бичих нь элбэг. Захын ганцхан жишээ татахад л “Ашигт малтмалын тухай” хуулийн хэзээ хэзээгүй батлуулахад бэлэн болчихоод байгаа төсөлд “…Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөлтэй, цэрэг дайны зориулалтаар ашиглаж болох, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогод нөлөөлөх хэмжээний үйлдвэрлэл явуулах боломж бүхий ашигт малтмалыг хуримтлалыг стратегийн орд гэнэ… Тэрчлэн төрийн хяналтад байх ёстой атом, цөмийн болон эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагддаг эрдсийн түүхий эдийг стратегийн ашигт малтмал” гэнэ хэмээн тодорхойлсныг уншихад юу гэх гээд юу гээд байгааг үнэхээр ойлгоход бэрх болжээ. Гадаад, дотоодын хүмүүс хувийнхаа өмч хөрөнгөөр ашигт малтмалын орд газруудыг олж нээснийх нь дараа аль өнгөтэй өөдтэйд “стратегийн” гэсэн нэр өгөөд төрийн мэдэлд хурааж авах юм байна гэснээс өөр утга энд алга байна. Тэгвэл үүнийгээ энгийн ойлгомжтой, шууд л хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ямар үр дүн гарахыг нь хүлээцгээе. Харин “зохиолч” тодорхой байх ёстой гэсэн санаагаа би дээр хэлсэн.

Ps: Энэ нийтлэлийг тэр үедээ “Өнөөдөр” сонинд нийтлүүлсэн юм.

Т.НАРАН 2006.06.21

No comments:

Post a Comment