Wednesday, April 1, 2009

ЭХ ТҮҮХЭЭ ӨМӨӨРӨХҮЙ

Одоогоос хоёр жилийн өмнө дөө, та нар санаж байгаа байх, Япон, Монголын хамтарсан Чингис хааны тухай кино гарсан. Тэр киног үзчихээд шал дургүй хүрч миний найз бид хоёр хэсэг сүржигнэсэн юм. Хэдийгээр уран сайхны л кино ш дээ гээд тоохгүй орхиж болох ч цагаа тулахаар дургүй хүрээд болдоггүй юм билээ. Тэр үед бичиж байсан юмнуудынхаа заримаас сонирхуулья. Ерөнхийлөгч хариу өгсөн, Ерөнхий сайд бас хариу өгсөн, харин Японы Элчин ямар ч хариу өгөөгүй санагдана.

* * *

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХБОЛД
нар танаа

Монгол улсын Засгийн газар өвөг дээдэс хийгээд ирээдүй хойчийнхоо өмнө ялт хэрэг үйлдэв. Японы тэрбумтан ноён Кадакова тэргүүтэй хэсэг хүмүүст улсын төсвийн хөрөнгөнөөс 680 гаруй сая төгрөг өгч “захиалгаар” эх түүхээ сүйтгүүллээ. Эзэн дээдсээрээ бахархан омогших учиртай монголчууд бид харин ч эсрэгээр тэднийхээ өмнөөс ичиж зовох ёстой болов.
Япон, Монголын хамтарсан бүтээл гэх “Бөртэ чоно - Чингис хаан” киног үзсэн, түүхээ гадарлах монгол хүн бүхэн үүнтэй санал нэгдэх буй заа. Киног бүтээгчид Чингис хааны нэртэй “том хуушуур” хийн зарж их мөнгө олох гэсэн цорын ганц зорилго л агуулсан байгаасай гэж бодоход хүрэв. Учир нь уг кинонд гол баатруудын нэрээс өөр манай буурал түүхийн үнэнд нийцэх зүйл бараг алга. Түүхэн хүмүүсийн дүр, үйл явдлууд болон түүний учир шалтгаан, уламжлалт ёс заншил, угсаатны зүй гээд тухайн үеийн Монголын төр, нийгмийн бүх талыг танигдахын аргагүй болгон зэрэмдэглэсэн тул энэ бүх гажуудлыг тоочих гэвээс олон хуудас цаас болно.
Бид эх түүх, гүн ухаан, эзэн хаадынхаа тухай бодит үнэнийг мэдэх эрхгүй дэндүү урт удаан үеийг туулсан. Түүнийг мэдэх нь зөвхөн монголчуудад хэрэгтэй, харин бусдад аюултай байсан учир бидэнд мэдүүлэхгүй байхын тулд бүхнийг хийдэг байсан. Эх түүх бол ямар нэгэн цаг хугацааны дараа, тодорхой нөхцөл бүрдэхэд ирээдүй, улмаар одоо болон давтагддаг зүй тогтлыг тэд мэддэг байсан тул түүхийг минь мартуулах хатуу бодлогыг баримталж ирсэн юм.
Манж, Хятадууд түүхэн билэг чанарыг маань, Оросууд оюуны удамшлын генийг маань ор үндсээр нь устгасныг хэлж байна. Үүнийг бид ч бас мэдэж, мэдэхийнхээ хэрээр эцэг дээдсийнхээ эргэн ирэх түүхийн бүдэгхэн жимийг цөхрөлтгүй эрсээр эдүгээг хүрсэн билээ.
Дээрх киночид зөвхөн мөнгө л хөөжээ гэж арай өөдрөгөөр бодсон ч дэлхийд хамгийн дээр данстай та бидний эцэг дээдсийн дүр төрх, ааш араншин, билэг чанар, үйл хэргийг нь хэрхэн өөрсдийн санаан зоргоор өөрчилж, гутаан доромжилсныг эл киноноос үзсэн өв уламжлалаа мэдэх монгол хүн бүр жигшин зэвүүцэж байна. Учир нь бидний өв соёл, түүх, уламжлалд дэндүү харгис хандсан эрээ цээргүй халдлага болжээ. Энэ нь манай түүхээр тоглоод зогсохгүй мөн өнөөгийн та биднийг ч басамжлан тохуурхсан хэрэг юм.
Тэртэй тэргүй хатуу ширүүн хавчлага, хүнд хэцүү хувь заяаны эрхээр бүдэгрэн алдагдах шахсан эх түүхээ сэргээн тодруулж, өнөөгийн залуус болон хойч үеийнхэндээ үнэнээр нь хүргэх юмсан гэсэн үе үеийн монголчуудын хүсэл эрмэлзлэл, сэтгэл зүтгэл рүү мөнгө олох гэсэн киночид зүгээр л нулимж орхисныг Та ч бас мэдэрч байгаа гэдэгт найдна.
Хаан хүний 35 эрдмийг төгс эзэмшсэн, ганц өөрийн улс бус дэлхий дахины төрт ёсыг хэдэн зуун жилээр засан тохинуулж чадсан суу билэгт гүн ухаантан, агуу их улс төрч, цэргийн суут жанжин, эзэн богд Чингис хаан болон түүний эцэг эх, эрдэмт хатад, үр хүүхдүүд, хамгийн дотнын анд, ойр тойрных нь түүнээс дутуугүй шахам их хүмүүсийг ердөө хээр талын хэсэг зэрлэг амьтдаас цаашгүй байсан мэтээр дүрслэн харуулсан нь киночид энэ талаар үнэхээр тийм л төсөөлөлтэй байсных гэхээсээ илүү халдашгүй дархан үүх түүхийг минь үл тоомсорлон хог шороо мэт үзэж, уландаа гишгэж байгаа харуусам сэтгэгдлийг төрүүлж байна.
Японы Сёгүний хаанчлалын эцэг Ёритомогоор ийм “хуушуур” хийж зарвал худалдан авагчид олдоно доо! Их Петр хааных нь тухай ийм кино гаргасан хүнийг оросууд яах бол? Эсвэл Хятадын Цинь Ши хуанди /тэнгэрийн хөвүүн/ - ийг ийн элэглэн дооглосон бол …? Тэгвэл яах байсныг хэн ч мэдэхгүй. Учир нь хэн ч ингэж зүрхэлсэн тохиолдол дэлхийн түүхэнд байхгүй! Харин “Шулмын шүлгүүд” нэртэй ном гаргаж, ингэхдээ эртний хаадыг нь ч, түүх шаштирыг нь ч хөндөөгүй, харин шашных нь зарим нэгэн уламжлалд харшилсан мөрүүд оруулсны учир Ираны төрөөс цаазаар авах эчнээ ял сонсоод нуугдаж амьдрахаас өөр аргагүй болсон Салман Рушид гэх нэгний тухай сонссон санагдана. Бас Тайландын эзэн хааны хөргийг хар будгаар зурсан Швейцарын нэгэн зураачид Тайландын шүүхээс “эзэн хааныг үл хүндэтгэсэн” гэсэн үндэслэлээр 75 жил хорих ял оноосныг өмгөөлөгч нар нь хэтэрхий чангадсан гэж үзэн 7 жилийн ял болгуулж шударга шийтгэл оногдуулахаар заргалдаж байгаа тухай мэдээлэл өчигдөрхөн дэлхийн даяар түгснийг сонссон биз дээ. Үндэсний мэдрэмж, үндэсний бахархал бол ийм эмзэг нандин зүйл ажгуу.
Ноён Ерөнхийлөгч өө, ноён Ерөнхий сайд аа, та бүхэн эзэн Чингис хаанд хүндэтгэл үзүүлж байна хэмээн утга агуулга хомс, ур хийц болхи амь авшиггүй хөшөөнд сунаж мөргөх нь халаг аяглаж байсан тань үнэхээр хүндлэл байсан юм бол мөнгө “хийх” гэсэн гадаад, дотоодын хэдэн хүнд ард түмнийхээ татварын хэдэн төгрөгнөөс хайр найргүй базаж өгөн их хаанаа ингэж доромжлуулж, эх түүхээ ийн сэглүүлэхгүй байсан бус уу!!
Эхлээд хууртагдсан байлаа гэхэд эцэст нь өөрсдийн нүдээр үзсээр харсаар атлаа ийм киног Засгийн газар баяр баясалтайгаар хүлээн авсны учрыг огт ойлгосонгүй. Төр нь эх түүхээ, үндэс угсаагаа, ард түмнээ ингэж олз хайгчдад доромжлуулж, гишгүүлж, басамжлуулж болдог жишээг бид мэдэхгүй байна. Түүх уламжлалаа төдийлэн мэддэггүй багачууд маань өнгөрсөн түүхээ ийм байсан мэтээр бодож түүнээс ичиж явах вий гэхээс нурууны хүйтэн хөлс чийхрана. Япончуудын хувьд киног дангаараа биш, түүхийн эзэн монголчуудтай өөрсөдтэй нь хамтран хийсэн нь үзэгчдийн өмнө харуулж буй “үнэний баталгаа” юм биз ээ!
Энэ чинь бидний цорын ганц өв шүү дээ. Дэлхийн ихэнх орнуудад эд өлөг, орд харш, алт мөнгийг өвлүүлдэг бол монголчууд хойч үедээ уламжлалт гүн ухаан, төрт ёсоо өвлүүлэн үлдээснээр үр хойч нь сайн сайхан явахыг чухалчилдаг ард түмэн билээ. Гагцхүү түүнийгээ авч хэрэглэх боломж бидэнд олдоогүйгээс хэдэн зуун жилээр уруудан доройтсоор мөхлийн ирмэгт тулсан шүү дээ. Гэвч цаг наашаа эргэсэн энэ өдрүүдэд биднээс өрсөн харийнхан өв хөрөнгийг маань ухан төнхөж, түүнийг хог новш болгон олз хайж сууна. Олз хайгаад зогсохгүй хамгийн түрүүн Монголын Засгийн газарт өөрт нь дээд зэргийн өндөр үнээр зарчихлаа шүү дээ!
Эл дашрамд өгүүлэхэд, энэхүү кино нь Монгол, Японы ард түмний эдүгээ болон хойшдын харилцаанд яав ч “сайхан дурсамж” үлдээхгүйгээрээ сөрөг үр дагавартайг анхаарах ёстой болов уу.
Дээд тэнгэр, дэргэдэх шүтээн болсон эцэг өвгөдөөр минь ийнхүү тохуурхан тоглосон явдлыг тухайн үед нь таслан зогсоох ухаан дээр дооргүй дутсан ч гэлээ дараах арга хэмжээг ноён Ерөнхийлөгч, ноён Ерөнхий сайд нар даруй авч хэрэгжүүлэх нь Монгол түмний эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна. Үүнд:

1. Энэхүү киног бүтээгчид Монголын түүхийн баримтуудыг эрээ цээргүй мушгин гуйвуулсныхаа төлөө Монголын ард түмнээс уучлал гуйх,
2. Монгол улсын төсөвт учруулсан эдийн засгийн шууд хохирол 680 сая төгрөгийг эргүүлж төлөх,
3. Киног бүрмөсөн хаах,
4. Цаашид Монголын түүх, их хаад, их хатадын нэрийг аливаа бизнесийн зорилгод ашиглах явдлыг зохицуулсан хуулийг нэн даруй УИХ-д оруулан батлуулж мөрдөх

Хүндэтгэн ёсолсон,
Түвдэндоржийн НАРАН
Ширбазарын ДАВААСҮРЭН

2007.03.14 Улаанбаатар хот

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД
НОЁН ИКИХАШИ ЯСҮЁШИ ТАНАА

Ноён Элчин сайд Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Сүүлийн арав гаруй жил Монгол, Японы ард түмэн хоорондын харилцаа улс төр, эдийн засаг, урлаг соёлын бүхий л салбаруудад эрчимтэй өргөжин хөгжиж байгаагийн сацуу Японы ард түмэн, Засгийн газраас монголчуудад үлэмж их туслалцаа үзүүлж байгааг жирийн иргэд бид өдөр бүр харж, чин сэтгэлээс баярлан талархаж явдгаа эн түрүүнд хэлэх ёстой гэж бодож байна. Тухайлбал, урлаг соёлын салбар дахь хамтын ажиллагааны бидний мэдэх хамгийн сүүлийн жишээ бол саяхан хоёр орны кино театруудад зэрэг нээлтээ хийж үзэгч олны хүртээл болсон “Бөртэ чоно Чингис хаан” кино билээ.
Гэвч харамсалтай нь Япон улсын иргэн ноён Кадакова Харуки манай зарим уран бүтээлчидтэй хамтарч бүтээсэн энэхүү кинотой холбогдуулан энэ удаа Танд таагүй захидал бичиж байгаадаа юуны өмнө хүлцэл өчье.
Учир юун хэмээвээс, уг кинонд Их Монгол улсын түүх хийгээд тэр үеийн хаад, хатадын дүр, төрт ёсны тухай үзүүлэхийг зорьсон боловч киночдын мэдлэг дутсан, эсвэл анхааралгүй хандсанаас түүхэн хүмүүсийн дүр, үйл явдлууд болон түүний учир шалтгаан, уламжлалт ёс заншил, угсаатны зүй гээд тухайн үеийн Монголын төр, нийгмийн бүх талыг танигдахын аргагүй болгон зэрэмдэглэсэн нь өөрийн үүх түүхээ мэддэг, бас дээдлэн хүндэтгэдэг, үр хүүхдүүддээ түүхээ үнэнээр нь уламжлуулахыг хичээдэг монгол хүн бүхэнд тун таагүй сэтгэгдэл төрүүлж, сэтгэл эмзэглүүллээ.
Түүхэн үнэнийг маш их гажуудуулсан ийм кино хийж олон нийтэд цацсаны бурууг бид өөрийн орны Засгийн газар, уран бүтээлчидтэй холбон үзэж байгаа бөгөөд харин нэгэнт гарсан энэ алдааг Японы тал цаашид даамжруулахгүй байхыг л хүсэж байна.
Иймийн тулд “Бөртэ чоно Чингис хаан” киног Японы болон бусад улс орнуудын кинотеатрт гаргахыг зогсоох талаар кино бүтээгчид, Япон улсын холбогдох байгууллага, хүмүүст уламжилж өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсье.
Энэ асуудлаар бид мөн өөрийн орны Ерөнхийлөгч болон Засгийн газарт хандаж байгаагаа дашрамд сонордуулья.

Хүндэтгэн ёсолсон,

Монголын түүх, гүн ухаан судлаач
Ш.ДАВААСҮРЭН
Т.НАРАН

Түүхээ шатаавал ирээдүйгээ түймэрдэнэ.

Монгол түмний маань сүлд шүтээн, өнө мөнхийн түүхэн бахархал болсон их эзэн богд Чингис хааны тухай Япон, Монголын хамтарч хийсэн “Бөртэ чоно Чингис хаан” киног үзэхээр ихэд сэтгэл догдлонгуй очлоо. Цөөнгүй жил яригдаж, манай төр хагас илүү тэрбум төгрөгөөр дэмжиж хийсэн болхоор Богд эзнийхээ боломжит дүр төрх, суу билэг, тэрчлэн түүхийнхээ нэгэн бахархалт үеийг ихэд шимтэн үзнэ дээ! гэж санасан хэрэг. Тэгээд л хүлээж, яарч, догдлож үзсэн юм.
Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчийн үлгэр болсон төдийгүй үзэгчдийн эгдүүцэл инээд хоёр өөрийн эрхгүй давхцаж байлаа. Үзэгчид дуу алдсан эгдүүцлээрээ одоогийн айхын айвал, даарахын давхац болсон төрөө шоглож, нирхийсэн инээдээрээ өөрийгөө, өөрсдийгөө элэглэж суугаа нь илт мэдрэгдэнэ. Хэдийгээр урансайхны кино ч гэлээ түүхийг ингэж гашилж исэлдсэн хоормог болгож болно гэж үү!!
Эзэн Чингис хаан маань одоогийн билгийн мэлмий нь битүүрч эдгэрсэн Энхбаяр, Энхболд, Нямдорж биш шүү дээ! Тэд нааш харж инээхдээ төрийн ордны өмнөх Чингис хааны амьгүй зэс хөшөөнд алдлан мөргөх нь холгүй шоудаж, цааш харж мөнөөхөн мөргөж сөгдөж байгаа их хаанаа хүртэл үнэлэн худалдахдаа хүрсэн нь тэдний дэмжиж хийлгэсэн энэ киноноос мунхагийн үнэр үнэртэж, муугийн ёр нь үзэгдэх мэт.
Яахав уг киноны гол дүрүүдэд тоглосон япон жүжигчдийг хүн гэгч амьтны хэлбэр галбирийн хувьд өөчилж гоочилох хэрэг алга. Даанч Монголыг, Монголын түүхийг мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй учраас Чингис хааныг далайн дээрэмчин төрхтэй зандалчин, Жамухыг хоовон толгойлсон хийрхүү самурай, Өэлүн эхийг усан нүдэлж урт хормойгоо өшигчсөн наран авгай болгон харуулахдаа огтхон ч эмзэглэсэнгүй. Тэд яахав, хэний, юуны дүрд тоглож буйгаа мэдээгүй хэрэг!
Киног бүтээгчид маань ядаж “Монголын нууц товчоо”, “Лу. Алтан товч” зэрэг эх зохиолуудыг уншчихгүй дээ! Тэгсэн бол Хэрэйдийн Тоорил хааныг цагаас нь өмнө “Ван хаан” болгон өргөмжлөхгүй, Жамух сэцэн түүнийг цавчиж алахгүй, Тэмүүжингийн унаган анд Жамух түүний сүй тавьсан Бөртэ үжинтэй садарлахгүй, Тэмүжин Жамух хоёрын хооронд хэзээ ч болоогүй дайныг “үүсгэхгүй”, Чингис хаан ууган хүү Зүчээ өлгийтэй байхад нь хөнөөх гэж давшлахгүй, мөн Зүчийн үйл хэрэг яагаа ч үгүй байхад үхүүлчихгүй, Чингис хааны хамгийн үзэсгэлэнт залуу хатан Хуланг түүний эм цэрэг, манин маягийн байлдагч болгочихгүй л байсан болов уу?!
Бид хамгийн тодорхой баримттай, хамгийн тод бахархалтай тэр түүхээ ийнхүү шатааж байна. Монголыг сурталчлахаасаа өмнө мөнгө олохыг илүүд үзсэн япончуудад Монголчуудын үүх түүх шатаж байгаа нь төдий л сонин биш. Харин бидэнд бол хэлэх үггүй гамшиг, харанхуй мунхагийн хамгийн зол заяагүйн жишээ, энэ ертөнцийн элэг доог болохын цондон юм биз ээ.
Бод доо! Бид Японы Сёгүний хаанчлалын эцэг, Ёритомогийн тухай ийм холион бантанг нь хутгасан кино хийсэн бол тэд яах бол?! Япончууд Оросын I Петр хааны тухай ийм кино хийсэн бол Оросууд яах бол?! Аль нэг гадаад орон Хятадын их хаан Цэнь Ши хуандигийн тухай ийм элэглэл дооглол хийсэн бол хятадууд ер нь яах байсан бол?! Хамгийн гайхалтай нь ийм жишээ байдаггүй юм байна.
Дэлхий дахинаа нэрд гарсан зохиолч, яруу найрагч Салман Рушид “Шулмын шүлгүүд” ном бичсэнийхээ төлөө Ираны төрөөс цаазын ял сонсоод одоог хүртэл нуугдан амьдарч байгааг бид мэднэ. Гэтэл тэр номонд Ираны түүхийг ч, эртний хаадынх нь дүр төрх, үйл хэргийг ч гуйвуулсан, гутаасан зүйл нэгээхэн бээр үгүй юм гэдэг. Зөвхөн шашных нь зарим нэг уламжлалд үл нийцсэн мөрүүд тэрхүү номонд орсны төлөө эл ялыг хүлээжээ. Үндэсний мэдрэмж, үндэсний бахархал гэдэг бол ийм эмзэг нандийн зүйл байдаг бөлгөө.
Гэтэл бид төрт ёсныхоо 800 жилийн ойд зориулан ард түмнийхээ халаасыг сэгсрэн байж олсон тэрбум шахуу төгрөгөөр ийм кино хийлгэж байгаа нь ард бидний хувьд гүн эмгэнэл, Монгол төрийн хувьд эцэг дээдэс, ард түмнийхээ өмнө үйлдэж буй ялт хэрэг гэлтэй. Төр нь ард түмнээ, үүх түүхээ, үндэс язгуураа ингэж доромжилж, ингэж басамжлана гэж ер байх уу? Түүхээ шатаана гэдэг бол ирээдүйгээ түймэрдэж байгаа хэрэг юм.
Бөртэ үжинийг жирэмсэн болгосных нь төлөө Өэлүн эхийн аль эртний авааль нөхөр /уг нь Бөртэг олзолж Чилгэр бөхөд өгсөн тухай түүхэнд тэмдэглэгдсэн/ Чилэдүг ухаан алдталаа улайран жадласаар алж байгаа нь Чингис хааны бүү хэл мөнөөх жүжигчнийхээ төрөлхийн дүр төрхийг нь ч гэсгээж байх мэт.
Энэчлэн олон гол дүрийн дотоод сэтгэлийн илэрхийлэл, гадаад төрх байдал нь манай түүхийн тов тодорхой нөхцөл байдал, мөн чанартай огтхон ч нийцсэнгүй. Жишээ нь, Чингис хаан киноны туршид малгайгүй, тэрчлэн Хөх Монгол гэдгийг тодруулах гэсэн арга ядалт бололтой, цэргүүд нь бүгд цэнхэр тэрлэгтэнгүүд. Жамух гэгч сэтгэлийн хөдөлгөөнгүй, баргар “нөхөр” Чингис хааныг “Чи намайг өөрийн гараар боймилж ал” хэмээн андын тангаргаараа гул барин тулгасаар өөрийгөө тэгэж егүүтгэж байх жишээтэй. Энэ бас бага хэрэг.
Монгол эрчүүдэд эмэгтэй хүн бол юу ч биш байсан гэнэ. Тэдний хувьд эмэгтэйчүүд ердөө хоёрхон зүйлд л хэрэгтэй байжээ. Нэгд, зугаа цэнгэл, хүсэл тачаалыг хангах хэрэгсэл, хоёрт, хэнийх нь ч хамаагүй хүүхэд гаргах л үүрэгтэй байсан гэнэ ээ!!! Бидний агуу их өвөг дээдэс маань бүсгүйчүүддээ ингэж хандаж байсан гэвэл одоогийн япончууд бүү хэл бид өөрсдөө ч тэднийхээ эргүү тэнэгийг гайхаж үзэн ядах биз ээ. Магадгүй, түүх уламжлалаа төдийлэн мэддэггүй багачууд маань элэнц хуланцаа ийм малнууд байжээ гэж бодох вий гэхээс ар нуруунаас хүйтэн хөлс чийхрана.
Хэрэг дээрээ хэнд ч захирагдахын аргагүй өндөрт гарсан Чингис хаан хатан эх Өэлүн, их хатан Бөртэ үжин нарын үнэн үгэнд ямар ч эргэлзээгүйгээр захирагдаж гаргасан шийдвэрээ өөрчилж байсан явдал “Нууц товчоо”-нд ч хэдэнтээ давтан тэмдэглэгдсэн байдаг билээ. Тэр үеийн монгол эмэгтэй бүхэн хас төрийнхээ хатан ээж, халуун галтай голомт нь болж, өөрийн хөвүүдээ өрлөг их дайчид, хонгор охидоо хорвоогийн хайр энэрэл, хатан ээжүүд болгон хүмүүжүүлж байв. Энэ хүмүүжлийн үр дүнд Их Монгол улс байгуулагдсан гэдгийг шууд утгаар нь хэлж болно. Үүний үлгэр жишээ болсон эмэгтэйчүүдийг Алунгоо эхээс эхлэн Мандухай сэцэн хатныг хүртэл үг сургааль, үйл амьдралтай нь дүрслэн тоочих аваас Монголын ард түмний буурал түүх, өв соёл, гэгээн билэг нь ямар ч засвар, ямар ч хэтрүүлэг үгүйгээр өнө мөнхийн шижир алт болн цогцлох буй заа. Үүх түүхээ мэдэхийг хүсдэг, өв соёлоо хамгаалахыг мэддэг залуус мянга мянгаараа бий шүү.
Уут уут лангаар улсаа худалддаг, түм түм лангаар түүхээ худалддаг “дээдсүүд” маань үүнийг мэдэж байх нь тэдэнд биш юмаа гэхэд үр хүүхдүүдэд нь өлзий болох биз ээ.

Ш.Даваасүрэн

No comments:

Post a Comment