Wednesday, April 1, 2009

ТУЙЛД АМЬДРАХАД ТУЙЛЫН ХЭЦҮҮ

Мөсөн далайгаас мөсөн далайд
Монголыг дэлхийд ганц хоёрхон өдрийн дотор “алдаршуулсан” 68%-ийн татварын хууль гарсны дараахан гадаадын нэгэн бээр надтай уулзахдаа “…танайхан туйлд их дуртай хүмүүс юмаа. Хойд туйлд байж байснаа гэнэт тэндээсээ явахаараа шууд л өмнөд туйлд очоод буучих юм. Огт татвар авахгүй байснаа гэнэт 68%-ийн татвар тогтоогоод л, хуулиа бүхэл бүтнээр нь өөрчилж өмнөхийнхөө яг эсрэг заалтууд оруулаад л эхлэх юм. Түүний оронд бүгдээс нь 30%-ийн орлогын албан татвар авдаг болчиход л өнөөгийн яриад байгаа олон асуудал шийдэгдэнэ шүү дээ” гэж үнэхээр гайхширсан байдалтай өгүүлж байсан. Зүгээр л туйлшрах буюу нэг хязгаараас нөгөө хязгаарын хооронд савлах бус бүр яг хойд туйл буюу Арктика, өмнөд туйл буюу Антарктида хоёрыг ээлжлэн сонгоод байна шүү дээ гэсэн утгаар тэр хүн хэлсэн юм. Товчоор хэлэхэд, очиж амьдрахад энэ хоёр туйлын ялгаа тийм ч их биш байж таарна. Тэр хоёр туйлын чинь хооронд зөндөө том, олон янзын уур амьсгал, цаг агаар, байгаль орчинтой, энэ дэлхийн хүмүүс бараг цөмөөрөө амьдардаг газар байдаг юм шүү дээ. Гэтэл та нар заавал нэг мөсөн далайгаас нүүхээрээ нөгөө мөсөн далайд оччихоод байх юм гэсэн үг л дээ.
Харамсалтай нь зарим манай “хар ухаантай” мундагчууд “гадаадынхан биднийг луйвардах гэж худлаа ярьж байгаан. Тэр муусайн юмнууд юу юм, бид тэднээс хавьгүй илүү ухаантай, юу хийх, ямар хууль гаргахаа тэднээр заалгахгүй” гэж томорцгоодог боллоо. Гадаадын ажил хэргийн түншүүд болон амин хувийн найз нөхөддөө үүнийг нь “зөв” ойлгуулах гэж мань мэт нь аргаа барж байна.
“Холын хүнээс үг сонс” гэсэн манай сайхан сургаал үг бий. Бид гадны хүмүүсийн үгийг сонсох, сонссоноо эргэцүүлэн бодох ёстой. Учир нь тэд бидний дөнгөж хөл тавин мунгинаж, будилж яваа өнөөгийн энэ үеийг аль хэдий нь өөрсдийн биеэр туулаад, юуг яаж хийвэл болдог, яавал болдоггүйг амьдрал ахуйгаараа баталж, нотлоод мэддэг болчихсон хүмүүс. Бас манай зарим хүмүүсийн яриад байгаа шиг дандаа бусдыг хууран мэхэлж, шулж мөлжөөд, эх орныг нь цөлмөчихөөд явахаас өөр юм боддоггүй хүмүүс ч биш гэдгийг би мэднэ. Бид материаллаг байдлаасаа хавьгүй илүүтэй оюун сэтгэлгээний хувьд ядуу байгаа нь хамгийн аймшигтай явдал юм. Өөрсдийнхөө ийм ядуу сэтгэлгээний цар хүрээгээр бусдыг шүүж, үнэлэж дүгнэж, тэр дүгнэлтэндээ үндэслэн ямар ч логикгүй, оновчгүй, асар их сөрөг үр дагавартай шийдвэрүүд гаргаж байна.

Жагсаал цуглаанд мөнгөө үрж, жанжны талбай дээр хүчирхийлэл үйлдэх үү?
Дээрх явуургүй байдлыг бага ч гэсэн засаж залруулах юмсан гэсэн зорилгоор гадаадын өндөр мэргэшлийн, дэлхийн уул уурхайн салбарт нэр хүнд бүхий олон эрдэмтэн, судлаач, менежерүүдийг Монголд урьж ирүүлэн маш үнэтэй мэдээлэл, мэдлэг агуулсан ярилцлага, семинаруудыг бид олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулсаар ирсэн. Үүнд багагүй хэмжээний зардал гардаг ч улсаас, ард түмний бүрдүүлсэн төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр, манай уул уурхайн компаниуд, хувь хүмүүсийн халааснаас авсан мөнгөөр бүхнийг амжуулж байна. Багтаж ядсан мөнгөтэйдээ биш, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө биш, бас “эх орноо харийнханд шалавхан худалдах” гэж үүнийг хийгээгүй гэдгийг эрх биш ойлгох буй заа.
Төр засгийн шийдвэр зөв, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсонд нийцсэн, ард иргэдийн амьдрал өөдрөг, монголчуудын минь ирээдүй гэрэл гэгээтэй байгаасай гэсэн эрмэлзэл хүн болгонд байгааг үгүйсгэх хүн байхгүй. Төр засагт шаардлага тавьж Сүхбаатарын талбайд тэмцлийн хамгийн хурц бөгөөд хоцрогдсон, аль хэдийн үеэ өнгөрөөсөн арга хэрэглэж байгаа олон хөдөлгөөнийхөн ч мөн тийм байх гэж найдна. Эдгээр хүмүүсийг ийм хэлбэр сонгосных нь төлөө өчүүхэн ч буруутгаж болохгүй. Учир нь төрийн эрхэнд гарсан хүчнүүд жирийн иргэдийнхээ хүсэл сонирхол, санал бодлыг сонсохоо больж, дураар авирладаг явдал нь “хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг”-ийн дагуу ийм байдал руу түлхэж байгаа юм.
Монгол улс ямартай ч иргэний, ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийг сонгон авснаа Үндсэн болон бусад олон хууль тогтоомжуудаараа тунхаглаж, олон улсын байгууллагууд, конвенцүүдэд нэгдэн орох, гадаад орнуудтай хийх гэрээ хэлцэлдээ ч байнга үүнийгээ зарлаж, “амлалт өгч” байдаг болохоор энэ зарчмаа мөрдөхийг хичээх болов уу хэмээн уул уурхайн салбарынхан найдаж, төр засагтай харилцаж ирсэн. Гэтэл сүүлийн үед болж байгаа үйл явдлуудаас харахад байдал нилээд өөр болох нь мэдрэгдэж эхлэв. Ард иргэд төрийн эрх баригчидтай ойлголцох, өөрсөддөө бага ч атугай ашиг тустай шийдвэр гаргуулах цорын ганц арга нь ердөө эсэргүүцлийн жагсаал, өлсгөлөн юм гэдэгт эргэлзэхээ больсон бололтой. Өнөөдөртөө хамгийн сүүлийнх нь хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан хэсэг хүмүүс төртэй “зэвсгийн хүч”-ээр ярихаа сануулж эхэллээ.
Ашигт малтмалын хуулийг өөрчлөхтэй болон уул уурхайг тойрсон бусад асуудлуудыг шийдвэрлэж байгаа хандлага нь ч мөн хүчирхийлэгчийг “хүндэлсэн” хандлагатай байна. Энэ салбарын дотоодын болон гадаадын мэргэжилтнүүд, энэ салбараас хоолоо олж иддэг, ирээдүйгээ ч энэ л салбараас ангид төсөөлдөггүй учраас “заяа нэгт” салбарынхаа төлөө чин сэтгэлээсээ санаа зовниж явдаг хүмүүсийн үг, зөвлөмжийг огт сонсохгүй, хэрэгсэхгүй байна. Улс орны хувь заяаг шийдвэрлэхэд шууд бөгөөд маш богино хугацааны нөлөө үзүүлэх том салбарынхаа эрх ашигт нийцүүлэхийг урьтал болгох гэсэн эрмэзэл харагдахгүй байна. Харин ил тавьж буй шаардлага, хэлж буй үг ба жинхэнэ цаад зорилго нь хэр зэрэг авцалдаатай эсэх нь тодорхойгүй байгаа ч тулгалт хүчирхийллийн аргаар санасандаа хүрэх гэж зүтгээд байгаа цөөн хүмүүсийг тайтгаруулахад чиглээд, түүнийгээ ард түмний санаа бодолд нийцүүлж байгаа энэрэнгүй төрийн үйлдэл мэтээр тайлбарлахыг оролдож байна.
Амьдрал ахуй нь хүнд, сэтгэл санааны дарамт хямралтай амьдарч байгаа зуу зуун мянган жирийн хүмүүсийн энэ байдалд дулдуйдан, өөрсдийнх нь тавьж буй шаардлага биелчихвэл диваажин хүрээд ирэх мэт хуурамч төсөөлөл бий болгон байнга ухуулга сурталчилгаа явуулж буйгаас “гинжнээс өөр алдах юмгүй” цөөн хүнийг цуглуулж, өөрсдийн эд баялаг олох, алба тушаал ахих зорилгодоо ичгүүр сонжуургүй ашиглан турхирч байгаа хүмүүсийн доторх уул, геологийн мэргэжилтэй гурван хүний санал яагаад дотоод, гадаадын олон мэргэжилтний саналаас илүү “үнэтэй” байна? Бид ажлынхаа байрнаас, тэд гудамжнаас ярьж байгаа учраас уу?
Иймэрхүү логикоор хандвал уул уурхайнхан ярилцлага, семинар, хэлэлцүүлэгт мөнгөө үрснээс жагсаал цуглаан зохион байгуулахад хөрөнгө мөнгө цацвал хавьгүй илүү үр дүнтэй болох нь ээ.

Сальвадор Алендьег сануулахын учир
Энэ нэрийг дундаас дээш насныхан мартаагүй байх учиртай. Түүнийг тухайн үеийн манай нам засаг мартахын аргагүй болтол бидний тархинд суулгаж өгсөн билээ. Төр бол сайн менежер байж чаддаггүй гэж хэлсэний нь төлөө уул уурхайн нэгэн мэргэжилтнийг сонины хуудсаар “үхтэл” загнаж, төр бол хамгийн мундаг менежер гэдгийг батлахдаа Чилийн зэсийн том үйлдвэр “Коделко” бүхлээрээ төрийн мэдэлд байдгийг иш татсан байна лээ. Энэ оны 5-р сарын 29-ний өдөр Чингис зочид буудалд болсон семинарт оролцсон хүмүүс Коделко-гийн товч намтрыг, мөн энэ үйлдвэр нь дэлхийн уул уурхайн салбар дахь нийтлэг, түгээмэл дүр зураг биш харин нилээд гаж маягийн жишээ гэдгийг гадаадын судлаачдын амнаас сонссон. Тэд зориуд жишээ болгоогүй, харин манайхны сонирхсон асуултын хариу болгож ярьсныг, бас энэ үйлдвэрийн нэрээс өөр ямар ч нэр ус хэлээгүйг сануулъя.
1973 онд Чилид цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Алендьег өргөөнд нь буудан алснаар засгийн бүх эрх мэдэл цэргийнхний буюу бидний хэлж дадсанаар хунтынхны гарт, түүний дотор зэсийн аварга үйлдвэр “Коделко” ч мөн тэдний буюу төрийн өмч болсон гэдэг. Харамсалтай нь түүнээс хойш Чилид их бага хэмжээний хямрал тасралтгүй нүүрлэж, 1990 онд цэргийн дэглэмээс татгалзаж, хувийн хэвшлийн эдийн засаг зонхилсон чөлөөт зах зээлийн орон болон болтлоо эдийн засгийн хөгжил нь тогтворжиж чадаагүй юм билээ. Хэдийгээр өнөөдөр “Коделко” төрийн мэдэлд хэвээр үлдэж, ашгийн 10%-ийг нь төрийнхэн хүртэж суудаг ч түүний менежмент, зохион байгуулалт яг хувийн компаний зарчмаар ажилладаг. Ер нь хувьчлах шаардлагатай талаар санал тасардаггүй ч төрийн толгой дахь цэргийнхнээс айгаад яг тийм шийдвэр гаргаж чаддаггүй талаар гадныхан ярьдаг.
Дэлхий дээр байдаг ганц нэгхэн ийм тохиолдлыг жишээ болгон, түүнийхээ талаар бүрэн гүйцэд мэдээлэл, ойлголтгүй хэрнээ сайн сайхныг нь үндэслэлгүй магтан, дууриах гэх нь өөдтэй юманд хүргэх баталгаа биш байх аа.
Боливи гадаадын хөрөнгө оруулагчдийн бүтээж бий болгосон бүгдийг нь төрийн мэдэлд авч өөрсдийг нь хөөж гаргаад, одоо дотоодынхоо фермерүүдийн газрыг нийгэмчлэн ард иргэддээ “шударгаар” тараан өгч байгаа талаар дэлхий даяар шуугиж байгаа бол манай улсын талаар ч бас “мартаагүй” байна.
“Wall Street” сэтгүүл 5-р сарын сүүлийн нэгэн дугаартаа: “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байсан 10 жилийн үр ашигтай ажлаа үгүй хийхэд Монголын Засгийн газарт Баасан гаригийн оройн хэдхэн цаг л шаардагдлаа… Шууд хохирогчид нь Монголын амлалтад итгэж байсан хөрөнгө оруулагчид байв” гэж нийтэлснийг дээр өгүүлсэн уул уурхайн семинар дээр илтгэл тавьсан The Balloch Group-ийн Ерөнхийлөгч ноён Ховард Баллок иш татаж байлаа.
Тэгвэл олон улсын уул уурхайн мэдээллийн нэр хүнд бүхий томоохон хэрэгсэл The Northern Miner сэтгүүл энэ оны 5-р сарын 23-ны дугаартаа тавьсан “Монголын төр барууны уурхайчдаас нүүр бурууллаа” нэртэй нийтлэлээс цөөн өгүүлбэр танд сонирхуулъя. Тэнд:
 … эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчдыг намнаж, өөрийнхөө орны эдийн засгийн хөгжлийг 10, магадгүй түүнээс ч олон жилээр ухраах алхмыг энэ 5-р сарын 12-ны өдөр Монголын парламентийн гишүүд хийлээ.
 Монголын энэхүү “шинэ бүтээл” нь уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдыг төрийн хүчээр Монголоос хөөн зайлуулах, эсвэл тэднийг зөвхөн Монголын төртэй л гэрээгээр ажиллах дуулгавартай зарцууд болгох гэсэн зорилго агуулж байна гэлтэй.
 Энэ хуулийг Монголын ардчилсан нам санаачилж, бараг хэлэлцэлгүй шахам Баасан гаригийн орой батлахдаа Монголын эрдэс баялгийн салбарт ажиллаж буй гадаадынханд мэдэгдээгүй ажээ.
 Хуулийн санал хураалтад парламентийнх нь нийт 76 гишүүний 45 нь оролцож, 35 гишүүний саналаар баталсан байна. Хуралд ирээгүй 31 гишүүний ихэнх нь хуучин коммунист, эдүгээ Эх орон Ардчилал эвсэл нэрийн дор Эвслийн засгийн газар тэргүүлж байгаа Монгол Ардын Хувьсгалт намын гишүүд байсан байна./ эвслийн талаар гүйцэд ойлголтгүй бололтой. Орч./
 Орост төлөх их өрийг Монголын засгийн газар барагдуулахад нь Айванхоу Майнз 50 сая ам.долларын бондыг нь худалдан авч тусалж байсан. … Гэтэл Монголын төр … ганцхан өдрийн дотор компаний үнэлгээг 744 сая доллараар унагаж, … хариулж чадлаа.
 Геополитикийн хувьд Монгол улс эрдэс баялгийн салбараасаа Оросын болон барууны ашиг сонирхлыг түлхэх гэсэн Монголын элитүүдийн хүсэл сонирхол нь тус улсыг Хятадын зах зээл, Хятадын уул уурхайн ноү-хау-гаас дангаар хараат болгож байна.
 Монголын хууль тогтоогчид ийм хууль батлаж байгаа нь энэ ядуу орон дахь улс төрийн эрсдэл Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудынхаас хавьгүй илүү болж, Төв Азийн зарим хоцрогдсон тогтолцоотой зарим орныход тун ойрхон очлоо.
 Монголын төрд бизнесийн түншийн ёсоор итгэж болохгүй юм байна. Тэгэж л байг. Харин бид үүнийг сайн мэдэх боллоо.
гэхчлэн бичжээ. Энэ өгүүлэл ямар их итгэл алдарч, гомдож, гоморхсон өнгө аястайг та ажиглаж байгаа байх. Айванхоу Майнзийн Монголд байгаа юмуу эсвэл гадаад дахь ажилтнуудын нэг нь бичсэн юм болов уу гэж би хувьдаа бодсон. Гэхдээ хэн бичсэн нь огтоос чухал биш, харин юу гэж бичсэнд л асуудлын мөн чанар орших бүлгээ.

Татвар хураах нь бус зардал шингээх нь чухал
Өнөөдөр улс төрчид, эдийн засагчид, ард иргэд цөмөөрөө л гадаад, дотоодын ялангуяа томхон шиг компаниудаас өндөр татвар авч, ард түмэнд өгөх талаар л ам уралдан ярьцгааж байна. Гэтэл ямар ч компаний эзэд, захирлууд өндөр татварыг таашаадаггүй. Төр хэрвээ тэдэнтэй тохиролцолгүйгээр эрх мэдлийн хүчээр өндөр татвар тогтоовол тэд бас хуулийг зөрчихгүйгээр татвар төлөхгүй байх аргыг сүвэгчилдэг нь нотлогдсон үнэн. Хамгийн наад зах нь орлогоо нуух, татвар хураагчдад авилгал өгөх явдал. Тэндээс улс орон эдийн засгийн хохирол амсаад зогсохгүй ёс суртахууны уналтанд орж, бизнесийн орчин бохирддог. Өнөөдөр ч манай улсын бизнесийн байгууллагуудад гадныхны нүдээр ажиглагдаж байгаа түгшүүртэй үзэгдэл бол компаний үйл ажиллагааны ил тод бус байдал, өөрт ирж буй элдвийн дарамтыг багасгах үүднээс авилга өгөх зэрэг хууль бус хандлага гаргах эрмэлзэл түгээмэл болж буй байдал. Авилгыг бус албан татварыг “өгч байгаа, авч байгаадаа өлзийтэй” байхаар хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бизнесийн орчныг эрүүл байлгах нь улс орны нэн тэргүүний шаардлага болоод байна.
Олон улсын эрдэс баялгийн салбарын нэрт эдийн засагч, Денверийн хуулийн их сургуулийн Байгалийн нөөцийн төвийн захирал ноён Жим Отто 20 жил ажиллаж буй, дунд зэргийн хүчин чадалтай Зэсийн уурхайд судалгаа хийжээ. Хэдийгээр тус үйлдвэр 17%-ийн татвар хураамж төлдөг ч гэсэн яг улсад оруулж байгаа бодит хувь нэмэр нь 55%-ийн татвар төлж байгаатай тэнцдэг ажээ. Түүнийг энэ анализ шинжилгээг хийсэн тус уурхайн бүх орлогын 21% нь үндсэн хөрөнгийн зардалд, 2% нь зээлийн төлбөрт, 17% нь төвлөрсөн болон орон нутгийн төсөвт татвар хураамжинд, 45% нь үйл ажиллагааны зардал болж, 15% нь өөрт ашиг болж үлддэг ажээ. Хамгийн анхаарал татах ёстой хэсэг бол энэхүү үйл ажиллагааны зардал болох 45% юм байна. Учир нь энэ хэсэгт ажиллагчдын цалин хөлс, шагнал урамшил, эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгааллын асуудал, сургалт, ус, дулаан, цахилгаан хангамж зэрэг багтдаг бөгөөд улс орнууд эдгээр зардлуудаар дамжуулан тухайн компаний мөнгийг өөртөө “сорж” авдаг гэнэ.
Өндөр татвар тогтоох тухай ярьж, хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээхийн оронд эдгээр зардлуудыг хэрхэн шингээх талаар эхлээд сайтар бодож боловсруулах нь зүйтэй гэдгийг тэрээр бидэнд зөвлөж байсан.
Өнөөх л Чили рүүгээ эргэж орьё л доо. Тэднийх гадаад, дотоодынх ялгаагүй бүх л компаниудаас ердөө 7%-ийн татвар л авдаг юм билээ. Компаниудад орлогын 25% орчим нь ашиг болж үлддэг гэсэн. Үлдсэн 68% нь дээрх зардал болж Чилид “наалдаж” хоцордог ажээ. Хэрвээ бид ухаалаг хандвал ялангуяа гадаадын томоохон компаниудаас албадан авдаг татвараа багахан байлгаад, харин хэн ч шаардаагүй байхад сайн дураараа “бариад гүйгээд ирдэг” зардал хэмээх тэр мөнгийг ахиухан хүртээд байх боломж бололцоо их л баймаар сан даа.


Т.НАРАН 2006.06.15 Улаанбаатар хот

No comments:

Post a Comment