Wednesday, April 1, 2009

ХЭНИЙ ТӨЛӨӨ ТЭД АЖИЛЛАДАГ ЮМ БЭ?

“Өдрийн сонин”-ы 2009 оны анхны дугаарт “2008 оны сүүлчийн олигархи” нэртэй өгүүлэл нийтлэгджээ. Жирийн монгол хүний хувьд миний ихэд эмзэглэж, бухимдаж явдаг нэг зүйлийг өгүүллийн төгсгөлд хөндөөд орхисныг нь цааш үргэлжлүүлмээр санагдсан тул үүнийг тэрлэж сууна. Ер нь энэ бол сонинд ганц хоёр удаа бичээд өнгөрөх ёстой биш бүр дотоод, гадаадад амьдарч ажиллаж байгаа бүх монголчуудаараа нухацтай хэлэлцүүлэх учиртай, бидний өдөр тутмын ахуй амьдралаар зогсохгүй улс орны нийгмийн хөгжил, тусгаар тогтнол, аюулгүй байдал, монгол хүний генфондыг хамгаалахтай ч холбоотой асуудал мэт санагддагийг эхэнд өгүүлье.

Зохиогч маань дээрх өгүүлэлдээ Монгол улсын хууль зөрчсөн, эдийн засгийн болон ёс суртахууны үлэмж хор хохирол дагуулсан боловч хэн ч анзаараагүй, анхаарал хандуулаагүй учраас “нууц” гэж болох “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” хоёр тогтоолыг Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргасныг “илрүүлсэн” ч бас арай дутуу орхижээ. Ийм тогтоолууд бүр 2000-аад оны үеэс эхлээд тасралтгүй үргэлжилсээр ирсэн юм. Манай Засгийн газраас ингэж тасралтгүй зөвхөн огноо болон зарим аж ахуйн нэрийг сольж тавиад л бөөн бөөнөөр нь гаргадаг тогтоол өөр байхгүй гэдэгт би эргэлзэхгүй. Улирагч онд л гэхэд өгүүлэлд дурьдсан шиг хоёрхон биш харин 76, 125, 135, 158, 283 гэсэн дугаар бүхий таван тогтоол 2008.02.27-ны өдрөөс 2008.07.09-ны хооронд гарсан байдаг.
Бүх тогтоолууд ганцхан зорилготой. Тэр нь Монголын барилга, зам, уул уурхайн салбарт Хятад ажилчдыг олон мянгаар нь оруулж ирж ажиллуулах, тэгэхдээ гадаадын хүмүүсийг ажиллуулсан тохиолдолд Монгол улсад төлөх ёстой хуулиар тогтоосон төлбөрөөс тэднийг бүрэн чөлөөлөх.
Эдгээр таван тогтоол бүгдээрээ “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:..” гэсэн нэг ижил өгүүлбэрээр эхэлнэ. Өөрөөр хэлбэл тогтоолыг гаргах хуулийн үндэслэл нь энэ. Хоёр дахь заалтанд монгол, хятад нэртэй, зам, барилга, уул уурхайн олон компаний нэрс, тэдгээрт гадаадаас авч ажиллуулахыг зөвшөөрсөн олон мянган хүний тоо. Харин гурав дахь заалт нь гадаадын эдгээр олон мянган хүнийг “…ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй”.

Энэ тогтоолуудын хууль эрх зүйн цорын ганц үндэслэл болох “…хуулийн 7.3 дахь хэсэгт заасныг…” үзье л дээ. “…7.3. Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг арилгахад шаардагдах ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гадаадаас ажиллах хүч авч болно”.
Энд … ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд л гадаадаас хүн авч ажиллуулах тухай зааснаас бус “…ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй” хэмээн тушаах эрх мэдлийг Засгийн газарт олгосон үг, үсэг огт алга. Харин ч хуульд: “9.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр төлнө” гээд сар бүрийн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар хуульчилсан буй.
Тэгвэл энэ төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх өөр үндэслэл байгаа юм биш биз? Байна аа. Хуулийн 9.5-д: “Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар ажиллаж байгаа гадаадын иргэд, түүнчлэн боловсрол, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнууд Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнуудад энэ зүйлд заасан төлбөр хамаарахгүй” гэж. Молхи миний ойлгосноор дээрх төрлийн ажил албыг Монголд эрхэлж буй гадаадын иргэд төлбөрөөс чөлөөлөгдөж болох аж. Гэхдээ ямар нөхцөлд энэ заалт хэрэгжих учиртайг “Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд” гэж булзах, бултах аргагүйгээр зааж өгчээ. Төлбөрөөс чөлөөлөх тухай ч юмуу түүнд хамаатуулаад ойлгочихоор, эсвэл гөрдчихмөөр өөр ямар ч үг үсэг хуулинд алга л байх юм.
Би дээрх 5 тогтоолоор төлбөрөөс чөлөөлөгдсөн бүх байгууллага, хүмүүсийн тухай бүгдийг энд нуршилгүй зөвхөн төрийн өндөр сэнтий дэх монгол ноёдын ивээлийг дахин дахин хүртсэн “амны хишигтэй” компаниудын заримыг дурьдая.
Засгийн газар 2008.02.27-ны өдрийн 76-р тогтоолоороо: … “Насны зам” ХХК-ийн 183, “Ханшин Инжиниринг Констракшн” ХХК-ийн 278, “Чайна Гео-Инжиниринг Корпорац”-ийн 342 ажилтныг чөлөөлсөн бол дахиад 2008.04.09-ний өдрийн 135-р тогтоолдоо: …“Насны зам” ХХК-ийн 177, “Ханшин Инжиниринг Констракшн” ХХК-ийн 334, “Чайна Гео-Инжиниринг” корпорацийн 258 ажилтныг … ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй” хэмээжээ. Бас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 1810 ажилтныг 2008.04.02-ны өдөр, мөн 1800 ажилтныг 2008.07.09-ны өдөр дахин төлбөрөөс чөлөөлжээ.

Ингэх л байсан юм бол тийм хууль гаргахын утга учир юу байсан юм бэ?? Хэрэв мөрдөж сахихгүй юм бол хууль батлан гаргахын хэрэг байна уу? Ер нь бидэнд хууль хэрэг байна уу? Тухайлбал, “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” Монгол улсын хууль монголчууд бидэнд ямар хэрэгтэй хууль вэ? Манайд өнөөдөр зах зээл, даяаршлын ачаар олдохгүй юм гэж бараг алга болсон. Олоход хамгийн хэцүү, хамгийн ховор юм гэвэл гайгүй шиг цалин орлоготой ажлын байр гэдэгтэй маргах хүн үгүй байх. Монголын хувьд ийм ажлын байр барилга, зам, уул уурхайд л цөөн ч гэсэн байдаг. Эдгээр салбаруудад дотоодын болон гадаадын, төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хамгийн их ордог, нэг үгээр харьцангуй их мөнгө эргэлддэг газар. Тэнд ажиллагсдын цалин хангамж манай бусад аль ч салбараас илүү. Гэтэл ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллах үндсэн ганц үүрэгтэй Засгийн газар маань юу хийгээд байгаа нь энэ вэ? Яагаад ажлын байр, амжиргааны эх үүсвэрийн хомсдлоос болоод хамгийн залуу, хамгийн чадалтай, хамгийн эрүүл саруул залуус маань гадагш цувж байхад тэдэнд оногдох ёстой ажлын байруудыг булаан авч, хуулиа зөрчин байж гадныханд өгөөд байгаа юм бэ??
Яагаад эх орныхоо орлого сайтай ажлын байранд ажиллан амьдарч байх боломжтой хүүхэд залуусаа өөрийнх нь ажлын байрыг эзлэн авсан харийнханд биеэ үнэлэн гол зогоохоос өөр аргагүйд хүргэж байгаа юм бэ, Ерөнхий сайд аа?
Монгол оронд элдэв аргаар орж ирсэн бичиг үсэг ч мэдэхгүй, хирээ угааж үзээгүй хятадууд төдий удалгүй нийслэлийн маань аль өнгөтэй өөдтэй хэсэгт орд харшид тухлахын хэрээр төдий тооны монгол хүн ажилгүй, орон гэргүй болж траншей, Улаанчулуутын хог, оршуулгын газрууд руу шилжиж ирснийг та бид бүгд мэднэ дээ.
Уул нь иймэрхүү зүйлүүдийг л бодолцож дээрх хуулийг 2001 онд батлан гаргасан байх л даа, чааваас. Энэ хуулийн 9.4-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол ажлын байрны төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтын санд төвлөрүүлж, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулна /Энэ хэсгийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчилсөн/ гэж заасны утга учрыг би тайлбарлаад ч яах юм билээ.
Манай төр засгийн эрх мэдэлтнүүд хэний хөрөнгө мөнгөөр хэний төлөө ажилладаг юм бэ гэж бодохоор би үнэхээр мэдэхгүй, эргэлзэж, итгэл алдарч, гутарч байна.

Т.НАРАН

No comments:

Post a Comment