Wednesday, April 1, 2009

ТҮҮХИЙН ДАВТАМЖ, СҮҮЛЧИЙН БОЛОМЖ

* * *

Хожимдоогүй дээрээ сэрж сэхээрч эс чадваас хэзээ ч, хэнд ч дийлдэшгүй мэт хүчирхэг байсан улс гүрэн уруудан доройтсоор нэгдсэн төр засаг, удирдлагагүй, нэгдмэл эрх ашиггүй болж задарч бутардаг, улмаар дэлхийн данснаас үүрд хасагдан устаж алга болдог үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд олонтаа тохиолдож байсан байна. Тухайлбал, аль эртнээс агуу хүчирхэгээрээ цуурайтаж байсан Асир, Мисир, Грек, Ром, Рим, Мамлюк, Алтан орд, Их Юань, үзэсгэлэнт Перс, Хорезм, манай хаяанд мандан бадарч асан Манж Чин улс гээд тоочоод байвал урт жагсаалт болно.
Хамгийн гайхалтай нь, Монголчуудад ийм ноцтой аюул занал олон удаа учирсан ч дээрх улсуудын хувь заяаг давтаагүйгээр үл барам бүр ч өмнөхөөсөө хүчирхэгжин босч ирж байсан бөгөөд үүнийгээ өөрсдөө “Мөнх тэнгэрийн хүч”-ний таалал дэмжлэгийг авсных гэж тайлбарлаж байсан ажгуу. Харин үүний “жинхэнэ” нууцыг олох гэж Арабын түүхч Раш-ад-дин, Персийн түүхч Жувейни, Ромын хамын элч Карпини, Германы гүн ухаантан Гегель, Энэтхэгийн ерөнхийлөгч, соён гэгээрүүлэгч Ж.Неру, Оросын түүхч Л.Гумилёв гээд дэлхийн олон арван эрдэмтэд олон арван жилийн хугацаагаар тархиа гашилгасан боловч үр дүнд хүрсэн нь үгүй. Манай эдүгээ үеийн судлаачид, түүхчид, эрдэмтэд ч тэднээс дээр юм хэлж чадалгүй өдий хүрчээ.
Яагаад түүхийг судалдаг вэ? Яагаад гэвэл тухайн улс үндэстний түүх бол түүний ирээдүйг тарьж ургуулах хөрс байдаг. Ирээдүй гэж тусдаа бэлэн зүйл дангаар байдаггүй агаад зөвхөн өөрийн өнгөрснөө танин мэдэж чадваас түүндээ тулгуурлан ирээдүйг бүтээдэг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн түүх тодорхой хугацааны дараа ирээдүй болон хувирдаг. Мэдээж нэгэнт бий болчихсон ирээдүй бидэнд дороо л ирнэ. Таны ирээдүй таны өнгөрсөнд л буй. Монголын ирээдүй гадаадын аль ч улс оронд бус Монголын өнгөрсөнд л буй. Дэлхийн бусад улс гүрнүүд хичнээн өндөр хөгжөөд ч тэнд Монголын ирээдүйг “үйлдвэрлэхгүй”. Дээрх түүхч, мэргэд монгол хүмүүс биш учир Монголын түүхийг хичнээн ухаад ч үйл явдлуудын хэлхээсийг л олсон уу гэхээс тэдгээр үйл явдлуудын учир шалтгааныг тайлж чадаагүй. Гэхдээ тэдний хийсэн “техник ажил”-уудын зарим үр дүн бидэнд хэрэгтэй, бид ашиглах боломжтой.
Харин эл өгүүллийг чадан ядан тэрлэгчид хувь заяаны эрхээр ч юмуу, бурхан тэнгэрийн ивээлээр ч юмуу, хорвоогийн зугаа цэнгэл, хоногийн хоолны төлөө тэмцэхийг ор тас умартан хувийн амьдрал ахуйгаа зольсны шан хөлсөнд ч юмуу тэдний олж харж чадаагүй олон зүйлийг олж хараад, цочин балмагдаж, гайхан биширч, өөрсөддөө итгэж ядсаар хэдэн жилийг өнгөрөөсний эцэст эдүгээ мөнөөх түүхэн цаг, тохироо нь ирсэн тул энэ далай шиг агуу зүйлийн зах сэжүүрээс цухуйлгахаар шийдсэн бөлгөө.
Гэвч “оллоо!” хэмээн олон түмний дунд орилон тунхаглаж болохгүй, “үзвэл үнс, харвал хальс болдог” юм их ажээ. Буурал дээдсийнхээ чанд нууцлан үлдээсэн өвийг буруу зүгийн салхинд туугдан одохоос хамгаалах нь олж үзсэнээс ч илүү хэцүү бэрх үүрэг байх төдийгүй дээдсийн минь илд мэт хатуу зарлиг болой. Юутай ч гэсэн эх түүхийн минь элбэрэл гэж байдаг, түүний ивээлд багтаж чадваас сая мандан бадрах учиртай болохыг ухаж мэдэрсэн тул ийн тэрлэв.

* * *

Монголчуудын гүн ухаан, төр ёсыг үндэслэгч, Хүннү гүрний их эзэн Модун шаньюгаас хойш бидний өвөг дээдэс үхэл мөхлийн ирмэгт тулж ирэх бүртээ түүхийнхээ ивээлд эргэн багтсанаар сэргэн босч байсан агаад Сяньби, Нирун, Кидан гүрнүүд бүгд Монголын төр ёс, өв уламжлал дээр байгуулагдаж ирсэн. Та бидний мэдэх хамгийн сүүлчийн хүчирхэг төрийг байгуулж чадсан хүн бол Эзэн Чингис хаан минь билээ. Монголын ийм агуу төр ёсон сэхэх үү, бүр мөсөн мөхөх үү гэдгийг өнөөдрийн та бид шийдэх болчихоод байна!!! Мөхөл нүүрлэсэн түүхийн давтамж бидний хувьд 300 жилд сулавтар, 500 жилд илүү хүчтэй, 800 жилд бүр газрын хөрснөөс арчигдах аюул заналтайгаар тохиодог байна.
Манай эриний өмнөх 200-аад жилд Хүннү гүрэн байгуулагдан цэцэглэснээс хойш 300 жилийн дараа Сяньби, 500 жилийн дараа Нирун, түүнээс хойш яг 800 жилийн дараа Их Монгол улс хөл дээрээ боссон түүхтэй. Цаг, цаас хэмнэх үүднээс үүнээс өмнөх түүхийн үйл явдлуудыг түр орхиод хойшхи давтамжийг товч авч үзье.
ЕвроАзийн гуравны хоёрыг эзлэн байсан Монголын эзэнт гүрэн ердөө 300 жилийн дотор задарч Алтан орд, Цагаадайн улс, Ил хаадын улс, Их Юань гүрэн энэ л хугацаанд “алтан аргамж”-наасаа алдран одов. Одоогийнхоор бол улс төрийн намууд, олигархи бүлэглэлүүд болсон бага хаадын хоорон дахь эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцлийн хөлд Гурван гол, Өвөрлөгч Хөх нуур, Алтайн Монголчууд тарж бутран, тусгаар тогтнолын үндсэн мөн чанар болох оюун санааны нэгдмэл байдлаа салхинд хийсгэн алджээ. Гэвч арай ч бүх зүйл дуусчихсангүй. XV зууны сүүлээр Мандухай сэцэн, Батмөнх даян хаан нар үлдсэн монголчуудаа нэгтгэж чадсанаар түүхэн давтамжийн эхний цохилтыг тэсэж гарчээ. Харамсалтай нь тэд уламжлалт гүн ухаан, төр ёсоо бүрэн бүтнээр нь сэргээж чадаагүй юм. Их Юань улсын үеэс төртэй зиндаархсан Буддизмын нөлөө Монголын уламжлалт гүн ухаан, төр ёсны дэг жаягийг улам бүдэгрүүлэн түрсээр байв.
Ерөөс Хубилай хааны хойч үеийнхнийхээ өмнө хийсэн хоёр том алдаа байдгийн нэг нь Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлсэн, нөгөөх нь Төвдөөс Пагва ламыг залан ирж ордны их ламтанаар өргөмжилснөөр төрд шашныг гүнзгий нэвтрүүлсэн явдал билээ. Батмөнх даян хааны дараа Түмэдийн Алтан, Халхын Автай хаанууд эзэмшил газартаа шарын шашныг идэвхтэйгээр дэмжин дэлгэрүүлж эхлэв. Энэхүү байдал цаашид үргэлжилсээр Монголын уламжлалт төр ёсон амин чанараа бүрмөсөн алдаж шашны мухар сүсгийн хүлээсэнд агдлан хүлэгджээ. Нэгэнт шашны эрхшээлд дөрлүүлсэн ард түмнийг удирдахад төр ёс хэрэггүй болов…
Яг энэ үе буюу XVII зууны эхээс түүхэн давтамжийн 500 дахь жилийн гүн хямрал тулгарч ирэв. Энэ үед Түшээт хан Чахундорж, анхдугаар Богд Занабазар, Ойрадын хаан Галдан бошигт нар улсаа нэгтгэх бодлого явуулсан хэдий ч тухайн цагт ид хүчирхэг байсан Манж Чин улс тэдэнд ийм боломж олгосонгүй. Тэдний олон удаагийн оролдлого, зүтгэл талаар өнгөрсөн түүхийн гашуун баримтуудыг эдүгээ ч олон хүн мэдэх бөлгөө. Тиймээс энэ хямрал нь Монголчуудын хувьд мөхлийн цохилт болон хувирч 1691 онд Манжид дагаар орсноор Монгол үндэстэн бүх талын тусгаар тогтнолоо бүрмөсөн алдсан юм. Энд анхаарахгүй өнгөрч хэрхэвч үл болом нэгэн баримт буй нь Манж нар өөрсдөө Монгол угсааны Зүрчид аймгийн үр хойчис байсан тул Монголчуудыг Хятадад уусгах бодлого явуулаагүйгээр үл барам газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь хуульчлан хамгаалж байсан явдал бөлгөө. Үүнийг өндөр гэгээн Занабазарын холч ухаантай ч бас түүхчид холбон тайлбарладаг. Харамсалтай нь, Манж Чин улсын төрд хятадууд олноор шургалан орохын хэрээр уламжлалт бодлого өөрчлөгдөн Монголыг хятадчилах үйл явц илэрхий болсон ажгуу. Эргүүлж тогтоох боломжгүй шахам болсон энэ уналтыг Ойрадын хан Амарсанаа, Хотгойдын ван Чингүнжав нарын үүсгэсэн хөдөлгөөн, тэмцэл ихээхэн саармагжуулж чадсаны сацуу марксист, социалист үзэл санаа тодорхой бүс нутагт ялан мандсан нь биднийг бүрмөсөн сөнөж мэдэх аюулаас аварсан нь гарцаагүй үнэн билээ.

* * *

Өнөөдөр бид түүхэн давтамжийн бас нэгэн 800 жилийн цохилтонд өртөн муужраад байна. Чингис хааны төр байгуулагдахын өмнөх “орондоо унтах завгүй олзлон булаалдаж” байсан олон овог, аймгуудын дүр төрх, эсхүл Мандухай хатны “айх амь минь алдрав, ичих нүүр минь эвдрэв” гэж халаглахад хүргэсэн бага хаадын эрх тушаал, олз омгийн төлөөх ичгүүр сонжуургүй тэмцэл, урвалт шарвалт, хууран мэхлэлтийн дүр зураг дахин давтагдаж, улс үндэстэн минь мөхлийн ёрыг дуудаж буйг та бид бэлхнээ харж сууна.
Та бид зах зээл, эдийн засгийн өсөлт хөгжилтийн төлөөх олон улсын дайн тулаанд газар нутаг дээрээ навсайтлаа ялагдаад, идэх уух, өмсөх зүүхээр өлөн зэлмэг, ёс суртахуун, оюун санааны гүн хямралд орчихоод, булууны яс булаалдах ноход шиг өвөр хоорондоо хэмхэлдэж суугаа бус уу, өнөө.
Тийм ээ, яг ийм цаг үе бидэнд тулгарч байсан ч Монгол гүн ухаан, төр ёсныхоо “ид шид”-ээр түүнийг гэтлэн даваж хүчирхэг улс орныг байгуулж байсан тэр тохиолдол ч бас давтагдах учиртай юмаа. Эзэн Чингис хаан биеэрээ дахин залрахыг хүлээж “бэлэнчлэх” гэвэл түүн шиг утопи юм үгүй. Харин түүний “Монгол минь эмээлээ гэдсэндээ авсан морь шиг болох”-ын цагт авч хэрэглэхийг захиж өвлөн үлдээсэн төр ёс, хууль цаазыг сэргээн залваас таваас аравхан жилийн дотор улс орон маань хөл дээрээ босож, улмаар Монгол гэдэг хүчирхэг гүрэн дэлхийн тэргүүн эгнээнд орж ирнэ гэдэгт эргэлзэн тээнэгэлзэх аваас алдас тэр болой.

Т.НАРАН
Ш.ДАВААСҮРЭН

No comments:

Post a Comment