Monday, April 20, 2009

БУЦААД ЯВЧИХЛАА

Тэнгэрээс ирсэн найз минь хоёр хоногийн өмнөхөн тэнгэртээ буцаад явчихлаа. Хүний энэ нүгэлт ертөнцөд 54 жил амьдрахдаа хүн хэмээх амьтнуудын дунд яаж амьдрах эвээ олоогүй юм. Хүний хэлбэр дүрстэй байхаас илүү хүний агуулга, мөн чанартай байх нь энэ хорвоод "илүүц" байх ёсгүй гэдэгт өөрөө итгэн үнэмших гэж бүх амьдралаа зольсон ч санасандаа хүрч чадалгүй, чадах найдвар ч алга байгааг эргэлзэлгүй мэдмэгцээ цөхрөнгөө бараад буцчихлаа. Адгийн мунхаг намайг л гэхэд нүдийг минь нээх гэж тэрбээр лавтайяа арав гаруй жил зүтгэсэн билээ. Би бусад ихэнх хүмүүсийн нэгэн адил сэтгэцийн хувьд "цоо эрүүл" хүн болохоор тэрийг нь ойлгохгүй, хэлсэн болгонд нь бодит баталгаа, нотолгоо нэхсээр тэр арав гаруй жилийг өнгөрөөсөн билээ. Би нэгэнт засаршгүй материалист, няцашгүй реалист хүн болохоор өөр яах ч юм билээ.  Гэвч эцсийн эцэст үнэн гэх ойлголт нь дотроо харьцангуй, завсрын, туйлын гэх мэт олон янз байдаг, тэр болгон нь заавал бидний мэдэх шинжлэх ухаанч арга буюу аргын чанараар батлагддаггүй, билиг чанар гэж агуу их ойлголт байдгийг би там тум мэдэрч хоцорсон юм. Миний билгийн нүд түүний өөрийнх нь дайтай нээгдээгүй ч гэсэн ямартай ч болов орчлон хорвоо арга билгийн шүтэлцээнд оршдог гэдгийг, "арга" ба "билэг" гэж чухам юу болохыг, "амин чанар" хэрхэн үүсдэгийг, Монголын төр, төрт улс гэж юу байсныг, хэрхэн үүссэнийг, яагаад байхгүй болсныг, төрийн хар хүн гэж хэнийг хэлдгийг, Засгийн ордны өмнөх морьтой баатруудын хөшөөнүүдийн юуг нь буруу хийснийг, Монголын эзэнт гүрний төрийн хар, цагаан туг үнэн хэрэгтээ ямар байсныг, эдгээрт хэрхэн амин чанартай болгодог байсныг, Монголын уламжлалт гүн ухаан гэж ямар хосгүй, урьд ба хожид хаана ч байгаагүй ухаан байсныг, түүнийг зөвхөн монголчуудаас өөрөөс нь өөр хэн ч сэргээн хөгжүүлж үл чадахын учрыг, гүн ухаан шашин хоёрын ялгаа ба хүн төрөлхийтөнд үзүүлсэн сайн ба муу нөлөөг, Өдгөө дэлхий нийтээрээ ухаанаа зарж буй жендэрийн асуудлыг Монголчууд аль хэдэн зууны тэртээ ямар ухаалгаар шийдэж, амьдралдаа мөрдөн баримталж ирснийг, өмнө болон хойно орших их гүрнүүдийг Монголчууд хэрхэн байгуулан бэхжүүлснийг, монголчууд яагаад өөрсдийгөө "тэнгэр угсаат" гэдэг болохыг гээд гадаад их далай шиг эрдэмээс нь хагас хугас боловч хэлүүлж, сонсож хоцорсон минь л миний хувьд нэн хэтийдсэн аз байж дээ.
Хүн үхдэг гэдгийг мэддэг юм шиг атлаа огт мэддэггүй юм байна аа. 3-р сарын сүүлчээр л манай өрөөгөөр ирж, Монголын уламжлалт гүн ухаан, төрт ёсны ухаанаас залууст хэлж таниулах зорилгоор бид хоёр байгуулж бүртгүүлсэн "Амин чанар" төвөө интернет ашиглан үйл ажиллагааг нь хэрхэн эрчимжүүлэх талаар ярьж хөөрч, монголчууд бусдыг дууриан сармагчин шиг явбал хэзээ ч өөдлөхгүй, харин эцэг дээдсийнхээ бидэнд үлдээсэн өв соёл, төр ёсыг сэргээж баймааж л хөгжин цэцэглэх, цэцэглэхээр барахгүй эргээд супер гүрэн болох боломжтойг надад ярьж, гадаадад ээжтэйгээ хамт амьдардаг хүү нь хэдэн сар Монголд амьдрахаар ирээд байгаа, ойр зуурын ахуй амьжиргааны мөнгө хэрэг болсон тул Ш.Сүхбаатарын шинээр байгуулсан "Нийслэл таймс" сонинд хар бор ажил хийх санаатай байгаа, тэнд оруулах талаар ярьж өгөхийг "ӨС"-ны Цогзаяабаатараас гуйх талаар ярилцаж байгаад явсан юмсан. Гэнэтхэн өвдөж ердөө 14 хоног өвдөж гэртээ хэвтээд л 4-р сарын 18-ны өглөөгүүр нас барчихаж. Чиний халуун сэтгэл, бат итгэл өвөрлөж байгуулсан Монголын уламжлалт гүн ухаан, түүх судлалын "Амин чанар" төвийг найз нь шууд ажиллуулаад явж чадахгүй ч үзэл санааг нь түгээхээ орхихгүй ээ. Чадах ядахаараа олон хүнд түгээж чиний зорилгыг биелүүлэхийн төлөө явсаар байх болно. Харин чи тэнгэрт оччихоод тэр мөртөө таг болчихгүй шүү! Тэндээсээ намайг дэмжиж, шинэ юм хэлж өгч, мартсаныг сануулж хамтран ажиллана шүү! Монгол орондоо, монголчууддаа чам шиг хайртай, Монголын өнөө болон ирээдүйн төлөө чам шиг санаа зовон шаналж, алд биеэ таг мартаж явсан хүнийг би энэ насандаа хараагүй л явна. Яруу найрагч Мишигийн Цэдэндорж агсныг цаг зуураар бурхан болоход нь тэр үеийн манай нэгэн сэхээтэн "Ийм хүнээ танихгүй байсаар байгаад үхүүлдэг заяа нь хаясан ч ард түмэ-эн дээ" хэмээн гаслаж байсан юм гэнэ лээ. Би түүнийг давтмаар байна...
Алс баруун хязгаар дахь тэнгэрийн тулаас болсон Жаргалантхайрханы эрдэм билигт хүү, Ширбазарын Даваасүрэнд минь хүмүүний орчлонд, тэр дундаа эх Монгол орондоо "илүүдээд" байсан учир түүнийг минь нааш анх илгээсэн тэнгэр эцэг нь буцаагаад авчихлаа. Тэр нэгэнт хүмүүний биеийг олон төрсөн тул хүмүүний жамаар өөрийнх нь мах цусны үргэлжлэл болох Дэлэгбалбар хэмээх дэндүү сайхан хүүгээ бидний дунд үлдээгээд явсан.  Юмс бүхэн оршин тогтнох, хөгжин дэгжих, батжийн бэхжихийн язгуур ухааныг тайлан мэдүүлсэн амин чанарын тухай гайхамшигт онолыг бас үлдээгээд явсан шүү. Олж үзтүгэй! Ойлгон биширтүгэй!
Хараал хэрүүл, атаа жөтөө, хязгааргүй хүсэл шунал, идэх эдлэхийн дон шүгэлсэн хүмүүний гэх энэ орчлонгоос ангижирч чадсан чи минь өөрийн зохист орондоо амар жаргаж амгалан суух болтугай.

2 comments:

  1. Маш сайхан хүн байж дээ. Та одоо тэр сайхан найзынхаа санаж, бодсон зүйлсийг үргэлжлүүлж бусад түгээх эрхэм хариуцлага хүлээсэн байна даа. Би блог холбоос хийсэн шүү.

    ReplyDelete
  2. Тэнгэрийн орондоо амар амгалан байгаа бизээ.
    УМ МА НИ БАД НИ ХУМ

    ReplyDelete