Saturday, August 1, 2009

ТӨРИЙН РЭКЕТ

Вверху тьма власти, внизу власть тьмы.
/В.Гиляровский/
Энэ чинь хэдэн он бэ?

Нэгдүгээр зүйл: Монгол улсын хязгаарын нутагт бүх газрын аливаа уурхайг нь цөм Ардын Засагт Монгол улсын хөрөнгө болгосугай. Олон зүйлийн уурхайг малтах ашиглахаар түрээсэлсэн буюу концесс зэргийн эрх олсон буй аваас цөм устгамой.
Нэг өглөө л босоод ирэхэд ийм заалтаар эхэлсэн хуулийг УИХ баталчихсан байхыг үгүйсгэх арга алга. Сүүлийн үед төрийн өндөр эрх мэдэл бүхий зарим хүмүүс, тэрчлэн олон “эх оронч” хөдөлгөөнүүдийг зохион байгуулагчдын зүгээс “бүхнийг төрийн мэдэлд өгөх, төр буцааж хураан авах, 50%-аас доошгүйг төр эзэмших”ёстойг тунхаглан хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь ийн бодоход аргагүй хүргэж байна.
1923 оны 8-р сарын 30-нд Сангийн яамнаас эрхлэн гаргасан, нэгдүгээр зүйлийг нь дээр иш татсан “Ардын Засагт Монгол Улсын уурхайн дүрэм” нь мэдээж тухайн үеийн улс төр, нийгмийн бодлого зорилгодоо яв цав нийцүүлэн гаргасан баримт бичиг байжээ. Гэтэл одоо чинь хэдэн он бэ??
Ард түмнийхээ төлөө морь нохой мэт зүтгэнэ гэсэн амлалт өгч төрийн өндөр эрх мэдэлд хүрсэн эрхмүүд маань биднийгээ “амьд” байсаар байтал эс тоомсорлон бүхнийг зөвхөн өөрсдөө мэдэн шийдвэрлэх, шийдвэрүүдээ тулган хүлээлгэх явдал хүчтэй ажиглагдах болов. Үүнийг батлах олон жишээний нэг нь энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар хоёрхон цаг хэлэлцсэн болоод л хэн ч мэдээгүй байхад гэнэт “палхийтэл” батлан гаргаж, хэвлэлүүдээр бичиж байгаачлан “дэлхийн чихийг дэлдийлгэсэн” “Зарим төрлийн бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн албан татвар ногдуулах тухай хууль” юм. Зарим төрлийн ч гэж дээ, ердөө алт, зэсний үнийн түр зуурын өсөлтөөс компаниудад орж байгаа “үүлэн чөлөөний нар” шиг нэмэлт орлогыг нь төрийн дансанд хурааж авах л ганцхан зорилготой хууль юм. Татвар гэж нэрлэж байгаа боловч авч байгаа арга нь хууль ёсны гэхээсээ илүү дээрмийн шинжтэй, зөөлнөөр хэлэхэд төрийн нэр барьсан рэкет. Татвар төлөгчидтэйгээ хэлэлцэж тохиролцох бүү хэл, ядаж нэг удаа ч уулзаж санал солилцолгүй, “зүв зүгээр явж байхад” нь гэнэт барьж аваад шууд халаасанд нь гараа дүрж, мөнгийг нь хүчээр авч байгааг өөрөөр юу гэж нэрлэх юм бэ?

Булааж авсан мөнгө бусдад жаргал авчрах уу?

Энэ хуулиар олсон орлогыг/өдөрт л 700 сая төгрөг улсын төсөвт ороод байх юм гэнэ лээ/ “Монгол улсыг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлээд улсаа хөгжүүлээд эхлэх ухааны юмыг хууль батлагчид ярьж байна. Хэн үүнд итгэхэв дээ! 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 61-р зүйлд: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төвлөрсөн болон орон нутгийн төсөвт оруулна гэж заасан хуулийн заалтаа биелүүлэхгүй, бүгдийг нь төвлөрсөн төсөвт хурааж авчихаад, орон нутгийнхныг бухимдуулсаар олон жил боллоо шүү дээ. Наад зах нь Улаанбаатарыг цэцэглүүлэхээр хэдэн жилийн өмнө бий болгосон “Улаанбаатар сан”-гаа тойрсон хардалт, хараал, хэрүүл маргаанаа эхлээд дуусгачих л даа, тэгвэл. Нөгөөтэйгүүр, “төр өөрөө юу ч бүтээдэггүй. Төрөөс иргэддээ үзүүлж буй хишиг, тусламж гээч нь ард иргэдийнхээ нэг хэсгээс булааж авсан юмаа нөгөө хэсэгт нь тарааж өгч байгаагаас өөр юу ч биш юм” гэж барууны зарим судлаачдын бичсэнийг энд дурьдахгүй байх арга алга. Яг л тийм. Ийм рэкет аргаар цуглуулсан мөнгөө хүүхдүүдэд, шинэ гэр бүлд, өөр юу юу ч билээ сонгуульд амалсан популист амлалтуудаа биелүүлэх санхүүгийн эх үүсвэр болгох юм байна л даа. Хэн нэгний бүх л насаараа зүтгэж, өөрийн шударга хөдөлмөр, хөлс хүчээр бий болгосон баялгийг ийнхүү булаан авч түгээснээр бусдад жаргалтай сайхан амьдралыг авчрах нь юу л бол!!
Алт, зэсийн нэг удаагийн түр зуурын үнийн өсөлтийн зөрөөгөөс хэдэн төгрөг нэг удаа олох гэж шуналтаснаасаа болоод манай улсын гадаадын нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг эзэлдэг, жил бүр улсын төсвийн 30-аад хувийг бүрдүүлж, 270-аад тэрбум төгрөгийг оруулдаг, нийт экспортын 60 илүү хувийг гаргадаг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын компаниудын халаасыг ийнхүү сэгсэрнээрээ ирээдүйн олон тэрбумын тогтмол орлогынхоо эх үүсвэрийг алдаж байгаа юм биш биз гэсэн сэрэмжлүүлэг үнэхээр үндэслэлтэй. Хөл дээрээ босож магадгүй байгаа ганц салбараа унагах гээд зүтгээд байгаа бус уу?
Монголчууд бидний сэтгэлгээ ч гэх юмуу араншин ч гэх юмуу нэг муухай согогийн талаар олон хүн ярьдаг. Тэр нь аль гайгүй шиг, өсөж өндийж яваагаа тал талаас нь “зулгаасаар” байгаад татаж унаган өөрийнхөө ижил болгож аваад дуусдаг. Ах дүү нарын дундаас хэн нэг нь бизнес эрхлээд овоо орлого ашиг олохтой болоод ирмэгц нь мөнгө төгрөг нэхэж, харж хандуулах юм яриад эхэлдэг. Өгөхгүй бол муулна, гүтгэнэ, доромжлоно, өмч хөрөнгийг нь хулгайлна, ах дүүгийн харьцаагаа таслах ухааны юм ярьж айлгана. Нөгөөхийгөө өсөж өндийхөд нь өчүүхэн ч тус болоогүй мөртлөө шүү дээ.
1997 оны Ашигт малтмалын тухай хуулиар дотоод, гадаадын хэн ч болов хайгуулын лиценз авах, тэхдээ хөрөнгө мөнгөний хэмжээ, албан тушаал, мэдлэг мэргэжил алийг ч харгалзахгүй “хэн түрүүлж ирсэн” нь авах эрхтэй гэж заагаад өгчихсөн, түүнээс хойш 8 жил болоод байхад өөрөө “унтаж өнгөрөөчихөөд” сэрэнгүүтээ “…тэр.. бас тэр.. тэр.. төчнөөн лиценз авчихсан байна шүү. Хулгайчийг бариарай, эх орон хоослоод дууслаа” гээд хашгираад, “сэрүүн” байсан, бас сэргэлэн авхаалжтай нэгнийг гэмт хэрэгтэн мэт харааж зүхээд эхлэв. Өөрт нь яг адил боломжийг хуулиар олгосоор байтал ашиглаагүй мөртлөө хүмүүс аваад, хөрөнгө оруулалт хийгээд, хайгаад, бас “юм хум” олоод эхлэхээр нь л булааж авах, хурааж авах гэж уулгалан дайрах нь хууль бусаас гадна дэндүү муухай биз дээ…
Өөрсдийнх нь батлан гаргаж, дэлхийд зарласан хуулийн дагуу орж ирээд ямар ч зөрчилгүй ажиллаж, өч төчнөөн сая долларын хөрөнгө оруулалт хийгээд ч юмуу хийхээр завдахад нь хуулиа гэнэт өөрчилж хаячихаад “Дургүй бол гараад л явна биз. Дараачийн хөрөнгө оруулагчид нь байж байгаа юм чинь” гэх зэрэг ямар ч төрийн хүний амнаас гарах ёсгүй, болчимгүй, худрагагүй үгсийг өнөөдөр манай УИХ-ын гишүүд хээвнэг хэлээд зогсож байгааг юу гэмээр юм бэ, мэдэхгүй.
Эхний хөрөнгө оруулагчид “хулхидуулах” материалын болон моралийн бэлтгэлгүй байсан бол тэдний хэлээд байгаа дараагийн хөрөнгө оруулагчид тийм бэлтгэлтэй л орж ирэх юм биз дээ. Яахав, тэдний тооцоолж байгаагаар Эрдэнэтийнхэн үйлдвэрээ буулгаад явчихаж чадахгүй байж болно, гүрвэлээс өөр амьд амьтан цөөхөн үзэгддэг байсан манай говьд дэлхийд ховорт тооцогдох томоохон орд нээх гэж олон зуун сая доллараа булчихаад байгаа Айванхоу шууд яваад өгч чадахгүй байж болох юм. Гэтэл дахиад шинээр Эрдэнэтүүд бий болох, Оюу толгойнуудыг нээх бололцоог л урьдчилан үгүй хийж байгаа хэрэг шүү дээ.

Төр хулхидах нь ердийн зүйл болж байна.

Монголын хууль эрх зүйн хуурамч таатай орчин, түүний хуурамч тогтвортой, баталгаатай байдалд мэхлэгдсэн Айванхоу Майнз компани хэрхэн үйлээ үзэж, тамаа цайж байгааг цаана чинь дэлхийн уул уурхай, банк санхүүгийн салбарынхан, хөрөнгө оруулагчид, өдөр бүр харж, Фрийдлэндийг өрөвдөж, гайхашран толгой сэгсэрцгээж байна. Энэ талаарх нийтлэлүүдийг эмхэтгэвэл бараг “гадаадынхан Монголын уул уурхайн найдваргүй байдлын тухай” гэсэн ном болохоор байна.
Өнөөдөр жирийн иргэдийн дунд залилан хийх, хэн нэгнийг мэхлэх явдал ердийн үзэгдэл болсон тухай, түүнийг таслан зогсоох, гэмтнүүдийг цаазлах хэрэгтэй байгаа тухай их ярьцгааж, бичицгээж байна. Тэгвэл Монгол улсын төр ч ялгаагүй гадаад, дотоодынхныг “хулхидах” нь бас ердийн зүйл болж хувирав.
Миний санаж буйгаас хамгийн эхнийх нь “Казиногийн тухай” хууль. УИХ-раа хэлэлцээд баталчихсан хуулийнх нь дагуу казино байгуулахаар бүх л бэлтгэлээ хангаад, хөрөнгө оруулалтаа хийгээд, яг үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэхэд нь гэнэт хуулиа цуцлаад, ингэхдээ яаж ч зөвхөн гадныхныг хохироогоод өөрсдөө зүв зүгээр үлдэхэв гэж бодсон юм байлгүй зарим нэгийгээ золиосолж, авилгын хэргээр шоронд хийж, амь нас, амьдрал ахуйг нь бусниулж хаясан. Өөрийн улс, ард түмэнд ямар ч хор хохирол учруулаагүй, харин гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо оруулж ирэхийн тулд л хамгийн их идэвх зүтгэлтэй ажиллаж, байсан хүмүүсээ л шоронд хийчихсэн шүү дээ. /Тэр жишгээр өнөөдөр ч эх орныхоо уул уурхайн салбарыг өөд нь татах гэж, тэнд гадаадын хөрөнгийг аль болох ихээр оруулах, дэлхийд нэртэй томоохон компаниудыг татах гэж зүтгэж яваа мэргэжлийн хүмүүсээ 1997 оны “улс үндэстэнд аюултай” Ашигт малтмалын хуулийг боловсруулсан, одоо гадаадын компаниудын эрх ашгийг хамгаалж байгаа, ингэхдээ мэдээж, тэднээс авилга авсан, худалдагдсан байж таараа гэсэн шалтгаанаар шоронд хийх нь энүүхэнд болоод байгаа юм биш үү?/.
Дараа нь газар тариалан эрхлэгчид, дотоодын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ноолуурын бизнесменүүд, пиво үйлдвэрлэгчид, хаягдал төмөр экспортлогчид гээд ар араасаа янз бүрийн салбарын олон хүмүүс төрийн овилгогүй шийдэл, үйлдлүүдээс болж хохирч байсан. Олон ч компани байгууллагууд нэг мөсөн хаалгаа барьж, татварын албаны бүртгэлээс үүрд хасагдсан билээ.
1998 онд төрийн түшээдийн толгойд бас нэг “мэргэн” санаа төрсөн нь алтны экспортонд 10%-ийн НӨАТ тогтоож улсаа баяжуулах гэсэн оролдлого байсан. Хэдийгээр тэр үед алт, зэсний үнийн уналтаас шалтгаалан уул уурхайд хийх хөрөнгө оруулалт мөн уналтын байдалтай байсан ч манай Ашигт малтмалын тухай болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудын оновчтой заалтуудын хүчээр Би Эйч Пи Биллитон, Рио Тинто зэрэг дэлхийн том компаниуд хөрөнгө оруулахаар зэхэж байсан ч дээрх 10%-аас болоод орхиж гарсан бөгөөд аргаа барсан манайхан 2001 онд хуулиа дахин өөрчилж 10%-ийг цуцалсны дараа эргэж ирсэн байна. Өөрөөр хэлбэл 3-4 жилээр хөрөнгө оруулалтыг хойш татсанаас өөр юу ч өгөөгүй гэсэн үг. Эрхэм төрийн түшээдийн харалган шийдвэрээс шалтгаалан улс оронд учирсан зөвхөн эдийн засгийн шууд хохирлыг тоон утгаар нь гаргаж үзвэл багагүй зүйл гарна.
Ашигт малтмалын тухай хуульд таагүй өөрчлөлт оруулах нь гэсэн түгшүүр, эргэлзээ тээнэгэлзэл өдрөөс өдөрт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сэтгэлийг зовоосоор байтал нь тэгэхээс тэгэх гэж, улам даажигнаж, тохуурхаж байгаа мэт дээрх “үнийн өсөлтөөс 68%-ийн татвар авах” хуулийг гаргаж байгаагийн учрыг ухахад үнэхээр бэрх. Дотоодын хэдэн уул уурхайн компаниуд нь юу ч болж байлаа гэсэн эцсийн эцэст “нутагтаа ясаа тавьдаг” юм байж гэж бодоход гадныхан яваад өгнө шүү дээ. УИХ-ын гишүүний хувьд тэдний явах, үлдэх нь падлийгүй байлаа ч ард иргэдийн хувьд тийм биш гэдгийг мэдэхгүй байгаа юмуу, мэдсэн ч үл тоогоод байгаа юм уу?

Хоол иддэгийг нь биш хийдгийг нь нэмье л дээ.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд нийтдээ 30000 гаруй хүн ажилладаг гэсэн тоо бий. Зөвхөн Айванхоу Майнз компанид манай улсын 76 байгууллага, компани үйлчилгээ үзүүлж, орлого олдог гээд бод л доо. Гэтэл Айванхоугоос гадна Өмнөговь аймагт лиценз эзэмшдэг “Эйшиа Гоулд”, “Бейфильд Венчурз” гэдэг компаниуд нөөц өсгөх өрөмдлөг хайгуулын ажил хийж тэнд өч төчнөөн монгол залуус ажиллаж, Солонгост байснаас 2 дахин бага хугацаагаар/сард 15 хоног ажиллаж, 15 хоног амардаг/ ажиллаж, адилхан, зарим нь илүү цалин хөлс аваад явж байна шүү дээ. Уул уурхайн салбарт ажиллагсдын цалин орлого харьцангуй өндөр, ялангуяа гадаадын компаниудад бол сардаа үйлчлэгч 180 ам.доллар, техникийн ажилтнууд, инженерүүд 700-1000 ам.доллар хүртэл цалинтай байдаг. Гэр бүлээс нь нэг л хүн уул уурхайн салбарт ажилладаг айлын амьдрал тэс өөр байдгийг хэн ч мэднэ. Төрийн зүгээс яам агентлагуудын тоог нэмэгдүүлэх, сайдуудын суудлын тоог, нэг үгээр хэлбэл “хоолны сав”-ны тоог л нэмэхээс биш эдийн засагт орлого оруулдаг нэг ч ажлын байр бий болгож байсныг би мэдэхгүй юм. Улсынхаа биеийн болон оюуны потенциал хүч болох шилдэг залуусаа бөөн бөөнөөр нь харийн оронд хар ажилд илгээж байгааг эс тооцвол шүү дээ.
Үйлдвэр, Худалдааны Яамны ажилтан О.Цэндсүрэн гэдэг хүн “Өнөөдрийн Монгол” сонинд өгсөн саяхны ярилцлагадаа эрүүл саруул хүмүүс бол юм бодохоор баримтуудыг дурьджээ. Тэрээр манайд хөрөнгө оруулсан болон оруулахад бэлэн байгаа гадаадын компаниуд тодорхойгүй байдалд орчихоод байгааг дурьдаад тэнд ажиллагч монголчуудын талаар: “…энэ оны хувьд… хүлээлтийн байдалд орлоо. Бид л ажилгүй болох нь дээ гэж ярих олон хүнтэй би уулзаж байна” гэжээ.

Монголоор дүүрэн дайснууд уу?

Түүхийг эргэн харахад аливаа хувьсгалт хүчирхийлэл үйлдэгчдийн араасаа массыг дагуулах шалгарсан арга нь дайсныг “илрүүлж”, түргэн устгахгүй бол эх орон, ард түмэнд ямар их аюултай амьтан болохыг нь ухуулан таниулж, даран устгах явдал байжээ. Дээрх казиногийн хуулийг цуцлах үед дайснуудаар Макаогийн хөрөнгө оруулагчид, УИХ-ын гишүүд Энхбаатар, Баттулга, бурхан болооч Батчулуун болон Байгаль нарыг “тодруулаад даран устгасан” билээ. Үүнээс хэн, юу хожсон юм бэ?
Тэгвэл одоо ч 1997 оны ашигт малтмалын хууль тойрсон маргааны үед байдал давтагдах байдалтай. Хэн ч өмнө нь нээх бүү хэл зүүдлээ ч үгүй байсан Оюутолгойг “асар их баялаг бүхий ийм газар Монголын говьд байгааг би хайгуул хийж илрүүллээ. Баталгаа нь энэ байна” хэмээн дэлхийд зарласан Фрийдлэнд гэдэг “дайсныг” лав “илрүүлэв” бололтой. Араас нь Монголын уул уурхайн салбарт бүх насаараа зүтгэж яваа үндэсний шилдэг мэргэжилтэн, инженерүүдийн нэрийг зоож, олон түмэнд зарлаж эхэллээ. Өдөр тутмын нэгэн сонинд нийтлэгдсэн “Таван толгойн эзэн хэн бэ?” хэмээх том илрүүлэлт-өгүүллээ Б.Монголмаа/жинхэнэ хольцгүй монгол хүний нэр мөн байгаа биз дээ? Ийм нэртэй хүнд монголчууд бид итгэхгүй яах билээ!/ гэдэг нөхөр “Оюу толгой ордыг тойрсон хэрүүл маргаанд хэт анхаарсан монголчууд бид Таван толгойн ордоо асуудлын гадна үлдээгээд байгаа юм биш биз!” гэж эхэлжээ. Ямар мундаг сонор сэрэмж вэ?! Гадаад, дотоодын дайснуудад гишгэх газар үнэхээр олдохгүй шүү, Монголд.
Эл өгүүлэлд экс Ерөнхийлөгч П.Очирбат гуай тэргүүтэй “дайсны бүлгийг илрүүлж илчилсэн” байна лээ. Тэнд нэр дурьдагдаж, түмэн янзаараа дуудагдсан хүмүүсийн хоёр нь болох Н.Алгаа, Д.Жаргалсайхан нарын хийж явсан зүйлээс би бас “илрүүлснээ” хэлэх гэсэн юм.
Манай хууль тогтоогчдын хамгийн том дутагдал бол ямарваа нэг хууль тогтоомж батлан гаргахдаа тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдоггүй, тэднийг хууль боловсруулах ажилд татан оролцуулдаггүй явдал гэж би боддог. Саяхан УИХ-ын гишүүн Амаржаргал ТВ-5 телевизид өгсөн ярилцлагандаа УИХ –д 300-аад хүн ажилладаг хэрнээ яг хууль боловсруулах буюу үндсэн ажлаа хийх болохоор хүн хүрэлцдэггүй, тиймээс судлаач, шинжээчдээс бүрдсэн ч гэнэ үү маш том орон тооны ажлын аппарат байгуулж, байнга ажиллуулах шаардлагатай байгаа тухай ярьж байна лээ. Амаржаргал гишүүн л ингэж сэтгэж, ярьж байхаар манай парламентын гишүүдээс олигтой, өөдрөг юм хүлээх найдлага үнэхээр бага байгаа гэсэн үг. Үнэхээр тэдний хүчийг ашиглая, амьдралд нийцсэн сайн хууль гаргая гэвэл өндөр цалин хөлс, албан тушаал нэхэлгүйгээр ажиллаад өгөх, өөрийн салбартаа хэдийн нь эксперт болчихсон чадварлаг хүмүүс манай улсад хангалттай олон бий дээ. Үүний ганц жишээг би доор хэлэх гэсэн юм.
Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид татварын маш их хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, Монгол улсыг “шулж мөлжиж” байгаа талаар амтай болгон ярьж, гадаадынхан өөрсдөө тийм хууль зохиогоод дураараа загнаад байгаа мэт тэднийг элдвээр хэлж, буруутгаж байгаа. Тэгвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварласан ийм хууль нэмэр болохоосоо нэрмээс болно гэдгийг мэргэжлийн хүмүүс аль эрт олж хараад засаж залруулах гэж хөөцөлдсөн ч хүчин мөхөсдсөнөөс орхисон баримт устаагүй л байна.
МУУҮА-ийн Гүйцэтгэх Захирал Н.Алгаа, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт олон жил ажилласан/мэдээж, өнөөдөр халагдсан байгаа/ Д.Жаргалсайхан нар 2000 оны 12 дугаар сараас 2001 оны 4 дүгээр сар хүртэл 5 сарын хугацаанд “Хөрөнгө оруулалтын тухай” гэсэн нэртэй, 6 бүлэг, 29 зүйл бүхий, “… Монгол улсын нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хамгаалах, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулах” зорилттой нэгэн иж бүрэн хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын гишүүн Шагдарсүрэнгээр уламжлуулан дээш өргөсөн боловч Эдийн Засгийн байнгын хорооноос цааш өнгөрч чадалгүй эзэддээ эргэн иржээ.
Төсөл бичигчид энэхүү хуулийг батлахтай холбогдуулан “Газрын тухай”, “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай”, “Татварын ерөнхий хууль” гэх мэт 5 хуулийн зарим заалтуудыг өөрчлөх төслийг мөн бичсэний дотор “Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ” нилээд олон заалтад өөрчлөлт оруулахаар заасан байна. Тухайлбал, “Тавдугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь өнөөдрийн хараагаад байгаа хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх тухай заалтууд байжээ.
Гэтэл зарим хүмүүсийн ярьж, бичиж байгааг харвал өнөөх Алгаа, Жаргалсайхан нар л гадаадынханд баахан хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлээд, Монголын ард түмнийг хоосруулчихсан юм шиг.
Ямар сайндаа аргаа барсан Н.Алгаа 2005 оны сүүлчээр УИХ-ын гишүүдэд хандсан ил захидалдаа: “1997 онд АМХ-ийг шинэчлэн боловсруулах vед ийм нэгэн заалт хуулийн төсөлд байж билээ. “Уул уурхайн ашиглалт, хайгуулаас олж буй орлогын 30 хувийг тухайн орон нутагт, 40 хувийг аймагт нь, vлдсэн 30 хувийг улсын төсөвт оруулах” заалтыг хуулийн төслийг боловсруулсан мэргэжилтнvvд санаанаасаа зохиогоогvй байсан. Харамсалтай нь УИХ-ын эрхэм гишvvд “бvх орлогыг улсын төсөвт” гэж товчоо дарсан билээ” гэж бичих билээ дээ.
1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах явцад өнөөгийн МУУҮА-ийн Ерөнхийлөгч, тэр үед УИХ-ын гишүүн байсан Д.Ганболд: ”Лиценз эзэмших төлбөрийг улсын төсөвт, нөөцийн төлбөрийг орон нутагт нь 100% үлдээдэг байя “ гэсэн санал зүтгүүлээд олонхийн дэмжлэг авалгүй унаж байсан баримт УИХ-ын архивт хадгалагдан үлдсэн ч тэрээр бас л “дайсны” нэг нь болчихсон явна.
Зөвхөн энэ ч бус хайгуулын нэг га талбайн төлбөрийг 0.25 ам.доллараар хуулийн төсөлд тогтоосон байсныг байнгын хороон дээр унагаж 0.05 болгосон гэх мэт өнөөдөр сэрж сэхээрч, засаж залруулах гэж сүйд болоод байгаа олон заалтууд анхны төсөлд байдаг юм билээ.

Хэзээ миний баярын өдөр вэ?

Тогтвортой байдлын гэрээ гэхээр зарим хүмүүс шууд л “Монгол улсыг шулан мөлжих гэрээ” гэж ойлгоод, зарим нөхөд зориуд тэгэж мушгин тайлбарлаж байна. Тогтвортой, бас тэгээд Монгол улсад ашигтай гэрээ байж болно гэдгийг уг нь ямар ч “ой муутай” хүн ойлгомоор л юм. Үүний утга учрыг өнөө бүү хэл Коминтерний улаан хувьсгалын гал түймэр дүрэлзэж асан тэр айхтар өдрүүдэд ч түрүү үеийнхэн маань ойлгон мэдэж хуулиндаа үлдээгээд авч чадсан л байгаа юм даа. Учир юу хэмээвээс мөнөөх “Ардын Засагт Монгол Улсын уурхайн дүрэм”-ийн төгсгөлд ийн бичжээ.
Тавин хоёрдугаар зүйл: Улсын ашигт нийцэх бөгөөд уурхайн үйлдвэрийг бадруулахад дөхөм болох аваас үлэмжхэн хөрөнгө бүхий хүмүүс лүгээ зүй зохисыг үзэж эл дүрмээс өөрчлөн хэлэлцэж тусгай гэрээ тогтоож болно.

Уул уурхайн хөгжлийн түүхээс үзвэл бидний “уурхайчдын баяр” хэмээн тэмдэглэдэг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр бол Ардын Засгийн Газраас тогтоосны дагуу Налайхын нүүрсний газрыг хувь хүмээсээс хураан авч төрийн эзэмшилд бүрнээр шилжүүлсэн өдөр юм байна.
Харин “Монголор” хэмээх Орос, Франц, Бельги улсын иргэдийн хувийн хөрөнгө оруулалт бүхий алт олборлогч нийгэмлэгийн бүх хөрөнгийг улсын өмч болгон хурааж авсан өдөр нь 1922 оны 9 дүгээр сарын 1 болох тухай 2002 онд эмхэтгэн гаргасан “Монголын уул уурхайн аж үйлдвэр 80 жилд” номонд дурьдсан байх агаад зохиогчид “…энэ хугацааг Монголын уул уурхайн аж үйлдвэрийн эхлэлээр тооцож жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байх нь зүйтэй юм” гэсэн “сонирхолтой” санал дэвшүүлжээ.
Миний бодлоор бол бусдын өмч хөрөнгө, бүтээж бий болгосныг булааж авсан өдрийг бус өөрсдөө ямар нэг зүйл хийж бүтээсэн өдрийг баярын өдөр болгон сонговол арай дээр юм шиг санагдсаныг эцэст хэлье.


Уулын инженер Т.НАРАН 2006.05.22

No comments:

Post a Comment