Friday, August 14, 2009

ХАРАНХУЙ ЗАСАГ БА ХАР МАСС

Вверху тьма власти, внизу
власть тьмы.
/В.Гиляровский/


Монголд хууль журам биелүүлж амьдрахаас зөрчиж амьдрах нь хамаагүй амар хялбар болж байна. Хууль зөрчсөнөөс учрах эрсдэл нь тэр хуулийг биелүүлсний “шан” болж ирэх хохирлоос хамаагүй бага гэдгийг нийтээрээ мэдэх болов. Ийм эрүүл бус сэтгэлгээ, аюултай итгэл үнэмшлийг өдөр тутмын амьдралын ердийн хэм хэмжээ болгоход УИХ-ын оруулсан хувь нэмэр үлэмж их. Уг нь аливаа хууль тогтоомж гэдэг бол нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулах үүрэгтэй байтал атал манайд бол УИХ-ын гишүүдийн бусадтай харилцах хувийн харилцааг л тэдэнд өөрсдөд нь ашигтай байдлаар зохицуулах зорилготой юм шиг байгаа юм. Сүүлийн жилүүдэд УИХ-аас батлан гаргаж байгаа уул уурхайн салбартай холбоотой бүх л хуулиуд ийм байгаа. Эрхэм гишүүд хууль батлах онцгой эрх дархаа нийтийн тусын тулд гэхээсээ илүү хувьдаа ашиглаж буй хэрэг. Энд би зөвхөн шууд халаасанд нь орох мөнгө төгрөгний тухайд ч бус, мөн олон нийтийн өмнө сайн хүний дүр бүтээх, эх орон газар шороондоо хайртай хүн болж харагдах, дахин дахин төрийн өндөр сэнтийд залрах дуусашгүй хүслээ зардал багатай гүйцэлдүүлэх гэсэн эрмэлзэл нь хууль батлах бүрт байнга дагалдан цухалзаж байдгийг хамруулж байна. Үүний дотор онцгой байр эзэлдэг зүйл бол улс төрийн явцуу бүлэглэлийнхээ хэтэрхий явцуу эрх ашигт үйлчлэх байдал цагаандаа гарсан. “Намайг сонговол би хүүхдэд чинь мөнгө өгнө. Хуримлахад чинь их мөнгө өгнө. Та нар ажил хийх хэрэггүй болно. Би сонгогдсоныхоо маргааш хүн бүрт сая саяар нь мөнгө өгнө” гэж ядруу түмнийхээ зүдрүү амьдрал дээр дөрөөлөн гарч ирдгийг хүн бүхэн мэднэ. Сонгогчид хэдий чинээ ядуу зүдүү байна, улс төрчдөд тэр хэрээр ашигтай байдгийн амтанд орсон эрхэм гишүүд Монголд аль болох олон хүн, байгууллага, төрөөс буюу тэднээс улам л хамааралтай байх бодлогыг алхам бүртээ хэрэгжүүлж байгаа гэхэд болно. Жирийн иргэд, байгууллагуудын бие даасан хараат бус байдлыг баталгаажуулах, улс орны нийгэм эдийн засгийн амьдралд бие даан оролцож нийгэм дэх байр сууриа бэхжүүлэх, ер нь хүн бүр хэн нэгнээс ямар нэг юм гуйж эсвэл шаардаж бус өөрийнхөө амьдрал ахуйг өөрөө авч явах орчин бүрдүүлэх талаар УИХ ямар хууль гаргасан юм бэ? Хамгийн товчоор хэлэхэд улс төрийн нам, ууж идэх бүлэглэлээсээ үл хамаарах тэдний нийтлэг нэг ашиг сонирхол нь ард иргэд та биднийг ямар ч идэвх эрмэлзэлгүй, мэдлэг мэдээлэлгүй, дээр нь юу ч бичиж болох цагаан цаас, дэргэд нь яаж ч дургиж байж болох “хар масс” байлгахад оршиж буй нь ил байдаг.
Уул уурхайнхны гайхшрал цөхрөл, хараал зүхлийг барж яваа хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр. Тэрбээр өнөөдөр Оюутолгойн гэрээг “Зэлтэрийн гацаа”-нд оруулчихаад араас нь “Би байсан бол гэрээг өдөрт нь л байгуулчихна. Засгийн газарт хамгийн сайхан бололцоог бид олгосон ш дээ. Одоо бүх зүйл тэднээс хамаарна. Гэрээ байгуулж чадахгүй бол тэд хариуцлага хүлээх ёстой” гэсэн ярилцлагыг хэвлэлүүдээр цацаж, тохуурхан даапаалж явна. “Хар масс”-ын бодит төлөөлөл болсон миний бие үүний цаад тал руу өнгийн харж хэрхэн чадах билээ. Учир начир мэдэх хүмүүсийн яриагаар бол Сангийн сайд болох гэсэн түүний “ариун” хүслийг биелүүлэхээс татгалзсан С.Баярын Засгийн газраас хариугаа авч байгаа явдал гэнэ. Гэрээг байгуулж чадахгүй юмуу ард түмэнд “хохиролтой” гэрээ байгуулвал тэр нь УИХ доторх өөрийн бүлэглэл болон өнөөх “хар масс”-ын тусламжтайгаар Засгийн газрыг огцруулах шалтгаан болох учиртай агаад үүгээр түүний операцийн эхний шат дуусах бололтой. Энэ бол манай хууль тогтоомж нийгмийн харилцааг зохицуулахаасаа илүү эрх мэдэлтнүүдийн хоорондын хувийн харилцааг зохицуулахад чиглэгддэгийн нэг л жишээ. Алдарт 68%-ийн татварын зохион бүтээгч нь бас Н.Батбаяр. Энэ хууль гарсан 2006.06.09-ний өдөр бол нэн түрүүн алт олборлогч компаниуд, Эрдэнэтийн УБҮ, Монгол банкны хувьд “хар Баасан гариг” болон үлдсэн. Харин эрхэм гишүүн бол Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй мундаг үр өгөөжтэй хууль болсон мэтээр зай завсаргүй сурталддаг. Энэ хуулиас болж Монгол банкинд тушаагддаг байсан алтны талаас илүү хувь нь жил болгон гадаад дотоодын наймаачдын гараар Хятадын хар зах руу гардаг болсон. Хууль ёсны дагуу үйлдвэрлэл эрхлээд улсын төсөвт татвараа төлөөд явдаг байсан 130-аад компаний тал нь алга болж “нинжа” байдалд шилжсэн. Эрдэнэтийн УБҮ техник технологийн шинэчлэл хийх, ажилтнуудынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх ямар ч бололцоогүй болсон. Эрдэнэтийг байгуулан хөл дээр нь босгосон, тал хувийг нь эзэмшдэг оросуудын эрх ашиг руу зүгээр л нулимж хаячихаад, хамтын үйлдвэрийн ашгийн гуравны хоёроос илүүг нь монголчууд улаан цайм завшсан нь олон улсын харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн тод жишээ болсон. Далд буюу сүүдрийн эдийн засгийг аль болох бага байлгах нь хууль тогтоогчдын үүрэг зорилго баймаар. Гэтэл Н.Батбаяр ба түүний нөхөд далд эдийн засгийг хөгжихөд туслаад зогсоогүй хууль бус алт олборлолт, хил дамжсан хууль бус наймаагаар мэргэшсэн гэмт бүлэглэлүүд үүсч урт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах таатай хөрсийг бий болгосон билээ. Гэвч тэрбээр энэ талаар ам ангайдаггүй. Ийм байх нь Монголд тустай гэж арай ч үздэггүй байх. Харин мэдлэг боловсрол дутмагаасаа болж тухайн үеийн хувийн амбицдаа дийлдэн болчимгүй юм хийчихээд тэрийгээ олны өмнө хүлээн зөвшөөрөх зориг зүрх нь хүрдэггүй юм болов уу. Түүний ухуулаад байдагчлан 68%-ийн татвараас тийм их орлого орсон юм бол одоо тэр нь хаа байгаа юм бэ? Идээд дуусгачихсан юмуу? Тийм их юм идсэн шинж энгийн иргэдийн өнөөгийн амьдралаас харагдахгүй л байгаа юм даа. Батбаярын хэлээд байгаа шиг тийм их мөнгө ард иргэдийн ходоодонд ороогүй, халаасанд лав байхгүй. Тэгэхээр хаачсан байж таарах вэ? Хаачсаныг мэдэх гэж эрэхийн хэрэггүй дээ. Учир нь энэ хуулийн ачаар улсад орсон орлого нь түүний балгаар алдагдсан мөнгөнөөс хэдэн арав дахин бага байсан болохоор тэр алдагдлын өчүүхэн хэсгийг нөхөөд л дууссан хэрэг. Улсын үйлдвэрийн газар болохоор Эрдэнэт үйлдвэр л зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн татварт хэдэн төгрөг төлсөн болохоос алтнаас юу ч ороогүй. Орох бүү хэл хуучин татвараар ордог байсан орлогын талаас илүү нь, Монгол банкны эрдэнэсийн санд хуримтлагддаг байсан алтны мөн талаас илүү нь жил бүр алга болдог болсон тухай дээр хэлсэн.
1997 оны Ашигт малтмалын тухай “муухай” хуулийг л даруй өөрчлөхгүй бол Монгол улс хөгжихгүй хэмээн харанхуй засгийн төлөөлөл ч, хар массын толгойлогчид ч хаа сайгүй хашгиралдсаар байгаад 2006 онд өөрчлөн баталснаас хойш бүтэн гурван жил өнгөрлөө. Үр дүн нь хаа байна? Монгол бол бизнес эрхлэх, тэр тусмаа томоохон хэмжээний урт хугацаатай хөрөнгө оруулалт хийхэд маш их эрсдэлтэй орон. Хууль эрх зүйн орчин нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг, төр засаг нь тогтвортой бодлогогүй байнга савлаж байдаг, хүн ардын нь нүд гүйцэд нээгдээгүй учраас орчин цагийн соёлт хүн төрөлхтний хэлээр ярилцаад ойлголцоход хэцүү гэсэн мессежийг л дэлхий дахинд түгээж, орж ирсэн байсан хөрөнгө оруулагчдыг үргээж, ирэх гэж байсныг нь хүлээхэд хүргэснээс өөр бодитой үр дүн өгсөн гэж үү? Одоо дахиад л өөрчлөх юм яриад бүр УИХ-аас ажлын хэсэг томилчихоод байж байгаа.
Өнөөдөр ч уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн нэгэн дуугаар өгүүлж буй зүйл бол тус салбарт ажиллах хууль эрх зүйн орчин болоод эдийн засгийн нөхцөл байдал жилээс жилд, өдрөөс өдөрт улам л уруудан доройтож буй явдал. Сүүлийн үед тус салбартай холбоотой гарч буй хууль журмууд бүгд ганцхан үүрэг зорилготой. Тэр нь зөвхөн л хориглох, зогсоох, цуцлах. Хамгийн сүүлд гэхэд л “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай” гэсэн нэг лут хуулийг хар массыг хашгиралдуулж, бүр өлсгөлөн зарлуулан шоудаж байж харанхуй засаг батлан гаргав. Уг нь ус гол, ой модоо хамгаалах гэж байгаа юм бол тэндээс хүмүүсийг хөөн гаргах биш харин харах хүн, хайхрах эзэнтэй болгомоор. Усны сав, ойн сан бүхий газар үйлдвэрлэл явуулахгүй болохоор л бүх юм сайхан болчих юм гэнэ ээ. Хүүхдүүдийн хэллэгээр ёстой яг ш дээ. Тэнд албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагууд тэр газрыг сүйтгэхгүй байх, эвдэж сэндийлсэн бол буцаан сэргээх, байгаль орчны хууль журмуудыг чанд мөрдөн ажиллах, эс тэгвэл торгууль шийтгэл хүлээлгэхээс эхлээд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүртэл хасах арга хэмжээ авдаг, төрийн эрх бүхий байгууллагуудаас байнгын хяналт тавьж, байгаль орчныг нөхөн сэргээхэд зориулсан татвар хураамжийг нь тогтмол авдаг, өөрөөр нь энэ талын ажил хийлгэдэг, шаардлагатай мөнгө хөрөнгийг гаргуулдаг байвал дээргүй гэж үү? Гэтэл төрд данстай, түмэнд нэртэй компаниудыг тэндээс хөөж гаргаад оронд нь өнөөх хэнд ч дийлддэггүй “нинжа”-нуудаа тийш нь оруулах юм байна л даа. Царцааны нүүдэл шиг гамшиг тарьж явдаг олз хайсан хулгайчдын гарт сүйдсэн газар багадаагүй. Тэдэнтэй төр засаг байгаль сүйтгэснийх нь төлөө хариуцлага тооцож байсан тохиодлыг би санахгүй юм. Хайгуул, олборлолт явуулах лицензтэй уул уурхайн компаниуд л тэдэнтэй тэмцэл явуулж эзэмшил газраа хамгаалдаггүй байсан бол нуур болгон булингартаж гол болгон тасрах байсан. Тэртэй тэргүй харах эзэн хайхрах хүнгүй зэлүүд газрыг хэн нэгэнд өөрт нь ашигтайгаар хариуцуулах, хэр зэрэг хариуцаж байгааг нь төрөөс хянаж байхын оронд бүгдийг хөөж гаргаад хэний ч биш болгочихоор л бүх асуудал шийдэгдэж ус нь урсаад ой нь ургаад эхлэх юм байх даа.Бөглүү хязгаарын булаг шандыг хамгаалах бүү хэл дэргэдээ байгаа дархан цаазат Богд уулынх нь модыг морин тэрэгтэй хулгайчууд өдөр шөнөгүй зөөж зарсаар дуусаж байхад төр засаг юу хийж байгаа юм бэ? Юу хийж чадах юм бэ? “Морин тэргээр Богд уулнаас шөнө мод зөөхийг хориглох тухай” гэсэн хууль л гаргах биз. Яагаад гэвэл заавал ийм хууль гаргахыг шаардаж хар масс өлсгөлөн зарлаж буй.
Саяхны нэгэн өглөө гэнэт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт хийгээд орхив. Зорилго нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгодог байсныг зогсоох. Наадах чинь нийтэд нэг их хүртээлтэй юм биш ээ, ганц хоёр том компанийг л чангалах гэж хийсэн ажил хэмээн миний нэгэн танил хээвнэг өгүүлж байна. Бүр тодруулбал ганц хоёрхон том компаний захирлуудтай УИХ-ын зарим гишүүд хувийн харилцаагаа зохицуулж байгаа юм гэнэ. Манай төр засгийн үнэн нүүр царай ийм л болсон байна. Ямар ч асуудал дээр манай төрд нэгдсэн цэгцтэй бодлого байдаггүй, харин төрийн өндөр сэнтийг зайдагнасан хувийн эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол амбиц л төрийн нэрээр хууль журам болон гарна. Түүнийгээ дандаа эх орон, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэсэн хуурай хоосон том үг хэллэгээр халхална гээч.
Хар масс болохоор хоногийнхоо хоолыг олох ухаан байхгүй мөртлөө Монгол улсын хөгжил цэцэглэх зам мөрийг тольдон гийгүүлнэ. Харанхуй засаг юу ч хийж бүтээхгүй, мэдэхгүй, чадахгүй атлаа бүх зүйлийг өөрийн мэдэлд хураан авч үрэн таран хийгээд, үлдэгдэл гарвал буцаан хар массад түгээн цацаж ивээл хайр үзүүлнэ. Уул уурхайн үйлдвэрлэл явагдахгүй, хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхгүй, харин үүнийг хэрхэн мундаг хийх тухай, Монгол бол дэлхийн бусад бүх орноос агуу, монгол хүн бол ердийн нэг муу америк, англи,канад, япон биш, тусгай супер хүн болох тухай зөвхөн л ярьцгаана. Улс төр, бизнес, эдийн засаг, орон нутаг, айл өрх, нийтийн эрх ашиг гэж ялгагдахгүй, эрэмбэлэгдэхгүй. Яагаад гэвэл монголчууд харанхуй засаг, хар масс гэсэн хоёр хэсэгт л хуваагдана.



Т.НАРАН

No comments:

Post a Comment