Уугаагүй айраг зөндөө үлдсэн байна
Үхэж болохгүй.
Учраагуй тохиол зөндөө олон байна
Өтөлж болохгүй.
Гараагүй оргил зөндөө олон байна
Цуцаж болохгүй.
Хараагүй одод зөндөө олон байна
Аньж болохгүй.
* * *
Дуулаагүй дуу зөндөө олон байна,
Хоолойгоо гамна.
Туулаагүй тал зөндөө их байна,
Унаагаа гамна.
Биелээгүй хүсэл дэндүү их байна,
Сэтгэлээ гамна.
Эдлээгүй жаргал хавьгүй их байна,
Биеэ гамна.
* * *
Галд хийгээд улайсгаж байх шиг
Сорогдож байна.
Гантай хуурайгаар үрж байх шиг
Зорогдож байна.
Галзуу юм шиг зүтгэсээр яваад
Хорогдож байна.
Гачлант хорвоог мэдсээр хэрнээ
Хоргодож байна.
* * *
Хонхор мөртлөө далайн түвшнээс дээш газрыг уул гэх үү?
Хорьтой мөртлөө далан настнаас хоцорч сэтгэгчийг залуу гэх үү?
No comments:
Post a Comment