Төрөхийн цагт хорвоог ээжийнхээ сүүгээр зөөллөв
Туулахын цагт амьдралыг ханийнхаа хайраар зөөллөв
Төгсөхийн цагт орчлонг үрсийнхээ жаргалаар зөөллөнө.
* * *
Дарсанд согтож үзээгүй хүний сэтгэл хатуу
Дурлалд согтож үзээгүй хүний сэтгэл хүйтэн.
* * *
Шилэн лонхны доторх
Шингэн амтанд живмээр байна
Шилэн цонхны цаадах шингэн дуунд
Шингэмээр байна.
* * *
Дээдсийн хүрээлэн дэх ноёдтой
Тэрсэж амьдрах тэнхээтэй бай
Дэргэдээ байгаа хүнийг
Энэрч амьдрах сэтгэлтэй бай
* * *
Зэрэглээт говийн салхи залгилсан
Зэрлэг хулангийн азарга шиг яваад
Зээрийн янзага шиг бүлтгэрхэн охинд
Зэлтэй унага шиг уягдан үлдэв ээ.
* * *
Эзэд ноёдын харшид хоригдсон
Эрхэмсэг хатагтай нэртэй явснаас
Эрчүүдийн өвөрт шидийг үзүүлэгч
Эрх чөлөөтэй янхан бай.
No comments:
Post a Comment