Wednesday, September 21, 2016

ЦАГААН БАЙШИН ДАХЬ “МӨНХИЙН ҮСЭГ”...


Дурсамжийн хэсгээс

Одоогоос бараг хоёр сар орчмын өмнө юм болов уу даа, Ганболд захирал нэг өдөр гэнэт утасдаж байна аа. “Мөнхийг үсэг”-ийн 25 жилийн ойд зориулсан ном гаргах гэж буй тул дурсамжаа бичиж өг гэнэ. Номыг Гүнтэвсүрэн гэдэг дарга хариуцаж буй бололтой араас нь утасдаж, дараахан нь бүр биечлэн уулзаж, Ганболдын хувийн бэлэг болох “The Toyota Way” /14 management principles from the world’s greatest manufacturer/ гэдэг дэлхийд бестселлер болон шуугиулж байсан номыг авчирч өгсөн, араас Стив Жобсын бүрэн намтар номыг өгнө гэж амласан нь сэтгэл ихэд хөдөлгөж “ямар нэг юм” бичихээс өөр аргагүй болгов. Одоогийн түгээмэл ойлголтоор бол “авилгад автсан” л хэрэг болчив уу, яав.... /хахаха/  

Ямархуу юм бичвэл зүгээр болох талаар хэд хоног бодсон чинь “Дархан Сэргэлэн”, “Мөнхийн үсэг”-тэй холбоотой өнгөрсөн он жилүүдийн дурдатгал сэргэж, зарим үйл явдлууд нүдний өмнө тодорч эхэлж байна аа. Эхлээд эрэмбэ дараа, эцэс төгсгөл нь холилдож хутгалдсан, эрээвэр хураавар тасархай бодлууд..., цааш нь хөөгөөд байсан чинь овоо логиктой болох янзтай. Тэхээр нь ямар ч гэсэн тэдгээр бодлоо цэгцлэх санаатай компьютерт буулгаад эхэлсэн чинь дорхноо word-ын 3 хуудас болдог байна ш дээ. “Мөнхийг үсэг”-ийн өнөөгийн ажилтнууд, өмнө байсан ажиллагсад, цаашилбал Монголын хэвлэлийн салбар, улс орны түвшинд багагүй ач холбогдолтой, сонирхолтой, сургамжтай байж магад гэсэн үйл явдлуудыг түүвэрлэн, тэдгээрийг ямар өнцгөөс харуулвал зүгээр байж болох талаар бодож санаагаа тэмдэглэхэд л тэр шүү дээ. Тэрхүү тэмдэглэсэн санаагаа задлаад бичвэл 300 хуудсаас наашгүй хэмжээтэй түүхийн ном болох янзтай. 300 хуудас номыг би өөрийн хэвийн хурдаар бичвэл 300 хоног шаардлагатай. Өөрөөр хэлбэл юун дурсамж, харин “Мөнхийн үсэг”-ийн түүх бичих, цааш яривал тэр нь ганц “Мөнхийн үсэг”-ийн түүх ч бус бүр орчин үеийн Монголын хэвлэлийн салбарын шинэ түүх байхаас өөр аргагүй.

Ийнхүү эхлээд би зөвхөн өөрт хамаарах дурсамжаа л бичнэ гэсэн ойлголттой байсан учраас анхны скрач маань: “1.Би хэзээ, яагаад энэ компанид орсон бэ? 2.Би тэнд ороод яг юу хийж бүтээлцсэн бэ? 3.Би тэндээс өөртөө юу олсон бэ? 4.Би тэнд орж ажилласнаар юу алдсан бэ? 5.Би хэзээ яагаад тэндээс гарсан бэ? 6.Би одоо ямар бодол дүгнэлттэй явдаг вэ? гэсэн логик дараалалтай байсан бол төд удалгүй “Мөнхийн үсэг”-ийн 25 жилийн ой бол маш өргөн утга агуулгатай, өндөр ач холбогдолтой үйл явдал баймаар санагдсан тул энэ дэндүү хувийн ч гэмээр шинжтэй өнцгөөс хандсан дурдатгал бичих санаагаа орхин “уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй” үлдэв ээ, хөөрхий... 
Гэвч Ганболдод тавьсан “өр”-өө дарахын тулд өнөөх “ямар нэг” юмаа бичих шаардлагатай тул тэрийгээ хийхээс өөр аргагүй. Хэзээнээс, хаанаас, юунаас эхлэх үү...? Ер нь миний хувьд “Мөнхийн үсэг” гэхээр “Дархан-Сэргэлэн”, “Дархан-Сэргэлэн” гэхээр Батмөнх, Доржсүрэн хоёр л бодогддог л доо. Тиймээс тэндээс л эхэлж таарах нь...

1984 оны хавар намайг Хөтөлийн цемент шохойн цогцолборт томилогдон очиход Батмөнх ерөнхий нягтлан байсан ба бие биенээ өмнө нь огт танихгүй бид хоёр хамгийн анхны уулзалтаараа л тэр үедээ бол том одоогийн залууст бол жижигхээн мөнгө санхүүгийн асуудлаас болж сүрхий муудалцаж билээ. “Анх муудалцаж танилцсан хүмүүс дараа нь сайн найз нөхөд болдог” гэсэн нэг үг байдаг болохоор би тэр явдлыг ер мартдаггүй юм.  Дараа нь Монголд улс төр, нийгэм, эдийн засгийн огцом өөрчлөлт эхэлсэн жилүүдэд бид хоёр Хөтөлийн коммунист хэлбэрийн ҮЭ-ийг зах зээлийн нийгмийн чөлөөт ҮЭ болгохоор “бужигнуулж”, өөрчлөн байгуулах их хуралд нь төлөөлөгчөөр сонгогдож, дараахан нь Монголын анхны ардчилсан улс төрийн сонгуульд Батмөнх нэр дэвшиж, би шадар туслах гээч юм болж, Хөтөл, Салхит, Орхон, Номгон, Орхонтуул ч билүү ойр орчмын газруудаар “улс төр хийж” бараг 2 сар давхиж байлаа. Тухайн үед Хөтөлийн ардчилсан холбоо гэж нэг “сүрхий” байгууллагыг хэдэн “сүрхий” тавааришууд эзэмшиж, сонгуулийг будилаантуулж, сонгуулийг 2-3 дахиулж жинхэнэ завааруулсан юм. Эхнийхэд нь ч, хоёр дахьд ч нь Батмөнх бусдаас тасархай гарч ирсэн боловч өнөөх “баагий”-нууд бас үймээн будилаан хутгаж, эцэст нь нь Салхит өртөөний дарга гэх тухайн үеийн МАХН-аас нэр дэвшсэн нэг хасаг хүн “сонгогдож” депутат болсон санагдана.

Чухам яг тэр үед л Батмөнх, Доржсүрэн хоёр чөлөөт нийгэм, чөлөөт зах зээл дэх бизнес гээч юм руу зориглон орж өдгөөгийн “Мөнхийн үсэг” группийн үр хөврөлийг тарьсан юм. Үүгээр зогсохгүй энэ нь Монголын өнөөгийн эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлж буй хувийн хэвшил гэх цоо шинэ хүчирхэг сектор үүсэх үр хөврөлийг мөн бүрдүүлэлцсэн юм. Тэр үеийн хот суурин болгонд бизнесийн гарааны улаан шугам болж байсан ундаа, хиам үйлдвэрлэх бяцхан цехээс энэ хоёр ч ялгаагүй бизнесээ эхэлсэн боловч төд удалгүй өөрийн урт хугацааны стратегийг тодорхойлж хэвлэлийн үйлдвэрлэл рүү орсон нь Монгол улсын хэвлэлийн салбар дахь түүхэн үйл явдал, бүр тодруулбал жинхэнэ соёлын хувьсгалын эхлэл байсан билээ. Тийм учраас “Мөнхийн үсэг”-ийн 25 жилийн ой нь ганц компаний бус Монгол улсын хэвлэлийн салбар дахь соёлын хувьсгалын 25 жилийн ой юм л даа, уг нь.

90-ээд оны сүүлч 2000-аад оны эхний жилүүдэд, олон улсын жишигт хүрэхүйц орчин үеийн офсет хэвлэлийн үйлдвэрлэлийг бий болгон хөгжүүлэх стратегийн бодлого төлөвлөлт нь Дарханд “Дархан-Сэргэлэн” дээр явагдаж, хэрэгжилт нь Улаанбаатарт “Мөнхийн үсэг” дээр нэг хэсэг явагддаг байсан юм шиг надад санагддаг. 97 ч бил үү 98 онд би энд тэндхийн алтны уурхайд орчмоор “хоол хайгаад” олигтой олсон долоосон ч юмгүй, сүүлдээ сэлбэгийн наймаачин болох тал руугаа явж байтал Батмөнх намайг дуудаж уулзаад, хэвлэлийн компаниа богино хугацаанд хөл дээр нь босгож, өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой, маш их ачаалалтай ажиллаж байгаа, олон талын хүндрэл бэрхшээл гарч байгаа, тэрний дотор хамгийн хэцүү нь мэдлэг чадвартай, “найдвартай” хүмүүсийн хэрэгцээ их байгаа талаар ярих зуураа надад бас үе үе “хөөрхөн цаасан малгай өмсүүлсээр”, уулзалтын төгсгөл гэхэд би “Дархан-Сэргэлэн”-гийн маркетинг, менежментийг хариуцаж ажиллахаар болчихсон юм даг. “Тунгалаг Тамир”-ын Итгэлтийн “чам шиг ном эрдэмтэй хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа” гэдэг шиг тэр үеийн миний мэддэг маркетинг, менежмент гэж үнэхээр “ичмээр дамшиг” байсан л даа. Гэвч Батмөнх “чи чадалгүй яадын” гэсээр байгаад нэг мэдэхэд би “дүрдээ итгэж” орхисон юм... эхлээд эх бэлтгэлийн үг, үсгийн алдаа засаж суудаг редактор маягийн нэг юм байснаа сүүлдээ бүр компаний боссуудын нэг болчоод байгаа ч юмуу хаашаа юм.... Ямар сайндаа л Лхагвадорж нэг удаа “Манай компани чинь их учиртай... Аавын  фракц, ээжийн фракц, Наран ахын фракц ...” гэж ярьж байхав дээ... /хахаха/
... За нөгөө хувийн юм ярихгүй энэ тэр гээд байсан чинь юу вэ, “ам халаад” алга болж өгч байна ш дээ, хөгширнө өө гэж.

Надад ерөөс энэ ойтой холбоотой нэг бодол төрснөө хэлэхэд Монголд орчин цагийн офсет хэвлэл үүсч хөгжсөний түүхийг “Мөнхийн үсэг”-ийн туулж ирсэн бодит үйл явдлууд дээр үндэслэн маш сайн бичиж үлдээвэл энэ улсын хөгжлийн түүхийн нэг хэсгийг өнөөгийн болон хойчийн үед үнэн зөвөөр таниулах нэг том баримт нотолгоо болох юм байна гэсэн бодол. Аливаа улс орны хөгжлийн үндэс суурийг зөв тавих, улмаар тууштай хэрэгжүүлэхэд ганц хүний манлайлал, зорилго тэмүүлэл, хатуу чанд сахилга бат, төлөвлөх чадвар ямар их чухал нөлөө үзүүлж чаддагийг нотолсон Монголын шинэ үеийн шилдэг менежерүүдийн нэг Гэлэгжамцын Батмөнх агсны хийж гүйцэтгэсэн ажил үйлс бол зүгээр нэг хувь хүний намтар бус Монголын нэг үеийн түүх юмаа.

Энэ хүнтэй хамт ажилласан цөөхөн жилүүдийн талаар өнөөдөр эргээд бодоход их олон зүйл харагддаг юм. Цөөн жишээ хэлье л дээ. Хамгийн наад зах нь тэрбээр төрөлх натураараа реформист хүн байсан. Бүр тууштай, хатуу реформист... Анх Хөтөлд байх үеэс нь л харахад. Хамт олныг удирдах арга барилаар нь топ менежерүүдийг судлаачид олон төрөлд хуваадаг. Тэдгээр дотор эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ өөрийн биеэр үлгэрлэн дагуулдаг арга хамгийн үнэ цэнтэй арга барилд ордог юм билээ. Экспертийн арга ч гэдэг. Батмөнхийн арга бол яг энэ байсан. Жинхэнэ өөрийн биеэр үлгэрлэн манлайлагч буюу лидер. Надад тэр өөрийн биеэр юу ч зааж сургаагүй. Гэтэл зүгээр л тэр хүнийг дагаад жаахан явсан чинь угаас “таг“ соц.сэтгэлгээ, соц. ахуйн бүрэн төлөөлөл болох миний бие зах зээлийн эдийн засаг, өнөөх маркетинг, менежментийн орчин үеийн үзэл баримтлал, англи хэл, компьютер, хэвлэлийн зарим технологи, олон улсын стандартууд... гээд маш өргөн ойлголтыг нэг мэдэхэд л авчихсан байсан. Тэр ч бүү хэл тэрбээр Чингис зочид буудалд Японы мэргэжилтнүүд ирж хийсэн “Зочид буудал, зоогийн газрын менежмент” гэсэн сургалтанд намайг суулгаж, би анхандаа жаахан итгэл үнэмшил муутай байсан бол сургалтын хоёр дахь өдрөөс л урам орж, бүр сүүлдээ “Зочид буудал – хонох газар биш” гэсэн нэртэй, зочид буудлын ажилтнуудад зориулсан гарын авлага бичихийг шахаж байлаа шүү дээ.../хахаха/

Батмөнх бол шинийг эрэлхийлэгч байсан. Бүр байнгын шүү. Бүр сэтгэлгээний тийм дадалтай. Тэр нь надад их хүчтэй нөлөөлж, одоо ч би бүх зүйлд тэгэж ханддаг болсон билээ.
Энэ бүгд төрөлхийн манлайлагч, лидер хүний зан араншин, шинж чанар, бусдад өгөх өгөөж байдаг юм байна гэдгийг би түүнээс ойлгосон юм.
За ер нь би юу ч бичээд байгаам дээ, дурсамж ч юмуу биш ч юмуу... Батмөнх өөрөө урлаг, гоо сайхан, өсөлт хөгжилтийн өндөр мэдрэмжтэй, материаллаг бус буюу оюун ухааны хэрэглээнд их татагддаг хүн байсан нь олон юман дээр нэвт харагддаг байсан. Тэр юм болгон дээр өөрийн гэсэн хатуу зарчимтай, тэрнээсээ ямар ч тохиолдолд өчүүхэн ч гаждаггүй хүн байсан юм. Бүр хажуугаас нь хараад, ажаад, гайхаад суумаар. Гэвч энэ бол тусдаа том асуудал учир энэ бяцхан бичлэгт өнгөц дурьдахаас хэтрэх боломж алга.
“Энэ хорвоод хүн болж төрснийх, чи хамгийн дуртай юмаа л хий. Ашиг олохгүй байсан ч амьдрал чинь жаргалтай өнгөрнө” гэдэг жирийн хүн бүр баримтлахад маш хэцүү хатуу боловч агуу үнэн зарчмыг мэддэг, мэдсэнээ насан туршдаа тууштай мөрдсөн хүн бол Батмөнх бөгөөд түүний бодит биелэл үр дүн нь өнөөдөр “Мөнхийн үсэг” юм байна даа гэж молхи би боддог билээ....

Хамгийн том даргаас бусдыг нь мартчихсан нөхөр байна гэж бүү бодоорой. “Хамгийн тансаг харшийг жирийн хүмүүс барьдаг, хамгийн сайхан амьдралыг жирийн хүмүүс туулдаг” юм гэнэ лээ. “Мөнхийг үсэг”-тэй холбоотой миний хамгийн нандин гоё дурсамжууд бол Монголын өнөөгийн хэвлэлийн салбарын магнатуудын нэг болсон энэхүү компанийн “сэгсгэр ч болсон ижий нь” гэж болох “Дархан-Сэргэлэн”-г босгож ирсэн залуустай холбоотой байдаг. “Дархан-Сэргэлэн”-г нилээд том хүрээнд хүмүүс мэддэг болсон байхад буюу 1998-99 оны л үед байх  Батмөнх надад Улаанбаатарт салбар байгуулж буй тухайгаа ярьж, төдөлгүй бид хоёр хамт ирсэн юм. Тэхэд Сэлбийн эрэг дээрх Залуучуудын Соёлын Төв ч билүү нэг байшингийн нэг өрөөнд, дараа нь Улаанбаатар банкны 1-р давхарт “Мөнхийн үсэг” гэдэг түргэн хэвлэлийн ойр зуурын цөөн тоног төхөөрөмж бүхий, Ганбат, Батцэцэг, Даваажаргал, Энхтуяа нэртэй 4 байнгын ажилтантай хөөрхөн нэгж байсан нь санаанд үлдэж дээ. Ядаж байхад тэр 3 охиных нь бас хөөрхөнийг яана... Зөвхөн царай зүс биш ээ, маш хөөрхөн зан ааштай, эелдэг эвтэйхэн зөөлөн харьцаатай, халуун дотно уур амьсгалтай ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, бүхнийг болгож бүтээхийн төлөө уйгагүй чармайдаг, ёстой ховор эрдэнэс мэт хөөрхөн хамт олон байсан бодогддог. Гантөмөр дараахан нь нэмэгдсэн байсан, бас өөр хүүхдүүд ч ар араасаа орж ирсэн байх...

За, Дарханыхны тухай ярина гэвэл хэдэн өдөр тасралтгүй яриад ч барагдахгүй дээ. Үйлдэл болгон нь үлэмж агуулга, сонирхолтой түүх. Монголын, монголчуудын нэгэн хэсгийн нэгэн цагийн түүх ч гэхэд хэтрүүлэг болохгүй. Хуучин нийгмийн төгсгөлийн, шинэ нийгмийн эхний хэдэн жилд би тухайн үеийн Монголын төв хэвлэл гэгдэх өдөр тутмын 5-хан сонины нэг “Хөдөлмөр”-т алба залгуулж, сониноо хэвлүүлэх гэж “Д.Сүхбаатарын хэвлэх үйлдвэр”-ийн цагаан цаасны ба хар тугалганы утаа тоос дотор цөөнгүй өдөр, шөнийг өнгөрөөж явсан учраас манай улсын хэвлэлийн салбарын өчигдөр ба өнөөдрийг харьцуулан харах сэхээтэй болж, ямар үсрэнгүй түргэн хөгжсөнийг нь гайхаж явдаг юм.
“Дархан-Сэргэлэн” гэхэд л хэдхэн жилийн дотор персонал компьютер 286, 386, 486... ч билүү, програм гэхээр Ворд, Эксэл, Пэйжмэйкер,... тэгснээ Макентош, фотошоп, кюарк экспресс, иллюстратор... Тэр үед бүү хэл одоо ч зарим хүн дэлхийн алдарт Аппл компаний бүтээгдэхүүнээс айфоноос бусдыг нь мэддэггүй юм билээ. Хуучин Дархан дахь хуучин муу навсгар цагаан байшинд дэлхийн шилдэг техник, технологийг оруулж ирээд өөрийн гартаа оруулж авахаар дайрч байсан залуусын талаар өнөөдөр би юу хэлэхээ яг үнэнийг хэлэхээ сайн мэдэхгүй л байна. Дэлхийн алдарт Хайдельберг хэвлэлийн машиныг Сингапураас авчраад зоочихсон, Төв аймгийн Эрдэнэсантынх ч гэдэг билүү нэг нөхөр Монголын хамгийн том форматаар офсет хэвлэнэ ээ гээд зогсож байсан нь гайхалтай биш гэж үү...?!
Яагаад ч юм одоо ч хүртэл Амраа тэр анхны Хайдельбергтэйгээ адилхан харагдаад байдаг юм... /хахаха/. Эрдэнэс Тавантолгой компанид нэг” хөөрхөн” дарга болчихсон явахад нь хоёр жилийн өмнө би тааралдахдаа нөгөө Хайдельбергтэй нь хамт бодож байгаа юм чинь. Маш богино хугацаанд мундаг сурсан. Орчин үеийн Монголын хэвлэх машинчдын “загалмайлсан эцэг” л дээ, уг нь.

Одоогийн энэ Ганболд захирал гэж нэг “сонин” нөхөр байна. Ганболдыг ажлаасаа өөр ямар нэг хийж, хийх гэж оролдож, сонирхож шохоорхож байгааг хараагүй. Зогсож байхдаа ажлаа л хийж байна, сууж байхдаа ажил, явж байхдаа ажил,... хэвтэж байхдаа яадгийг нь мэдэхгүй, яагаад гэвэл хэвтэж буйг нь би одоо болтол ганц ч хараагүй болохоор. Даруу төлөв, дуу цөөтэй гэдэг үгээр тодорхойлвол түүнийг бараг онгироо сагсуу, чалчаа гэж доромжилсон болж ч мэдэхээр... Анх Ворд дээр үг, үсэг шивдэг болж эхэлж байхдаа би нэг юмыг ихэд сонирхож компьютерийн ид шидийг гайхсан нь миний бичиж буй үсэг, үг, өгүүлбэрийн тоо гээд бүх өгөгдлүүд дэлгэцийн зүүн доод буланд гарч байсан явдал. Яг тэрэн шиг би Ганболдтой ярилцахдаа түүний надад хэлсэн үг, өгүүлбэрийг тоолчихдог байсан юм. Анх уулзаж ярьж буй хүнд ямар ч асуудлаар 1-5 орчим л үг хэлдэг, цаадах нь цааш юу ч нэмэж асуусан нэг ч үг нэмэж хэлэлгүй орхиод л явчихдаг. “Зүгээр онгирчийгаа ч юм биш” надтай бол харин заримдаа “чалчдаг” байсан юм шүү. Нэг удаагийн яриа нь бүр 3-4 өгүүлбэр болтлоо “сунжрах” нь бий...
Намайг л лав хамт ажиллаж байхад эх бэлтгэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл технологийн бүх дамжлага Ганболдгүйгээр “ажилладаггүй” байсан гээд л бодчиход болно доо...

Дархан-Сэргэлэнгийн охид хүүхнүүд гэж бөөн эерэг энергийн цуглуулга аа. Пунцагсүрэн гэж бөөн нүүрийн баясгалан.... яаж ч “факталж”, яаж ч загнууллаа гэсэн гавьяа байгуулцым шиг байдгаараа малилзаж инээд алдаад л... Батмөнх айхтар өргөн хүрээнд сэтгэдэг хүн байсан болохоор Пунцагсүрэнг эх бэлтгэгчээр ажиллуулахдаа биш гол нь компани доторх “стресс тайлагч”-аар л ажиллуулах нь л илүү чухал байсан байх....

Лхагважав, Гантулга хоёр гэж эргэн тойрондоо байнга эерэг энерги цацаж байдаг одоогийнхоор бол нэг төрлийн WiFi рүүтэрүүд...  Хүн яаж инээсэн шиг инээж, хөхөрсөн шиг хөхрөх ёстойг өөрийн биеэр үзүүлэх гэдийм үү яадын, өнөө муу 2 давхар цагаан байшингийн шалыг доргиж, шаврыг ховхортол инээнэ дээ... Гантулга бол уйлж байхдаа ч инээх шалтаг олж тас тас инээдэг байсан юм. Арай дэндэнэ ээ,  ямар галзуу хүн биш дээ тээн?..../хахаха/. Энийг бичиж би Гантулгаас “хариу”-гаа авч байгаан. Юуны гэж үү? Компаний залуус ихэнх нь намайг гуайлна л даа. Харин Гантулга “гуай” гэдгийг нь “гоо” болгочихсон “Нарангоо” гээд л даапаалаад явж байдаг байсны...
Лхагважав бол гал тогооны босс оо... өөрөөр нь “дамжаагүй” хүнд хоол өгдөггүй байсым бол уу гэж би одоо боддын.../хахаха/. Намайг анх ажилд орсны дараах хоёр өдөр дараалан надад хоол өгөөгүй шүү. “Ийм хүн ажилд орсон гэж мэдээгүй ээ... Илүү хоол байхгүй!” гэж ганц ширвээд л дуусаа. Хамгийн дээд түвшинд асуудал яригдаж байж л би өдрийн хоол идэх эрх олж байсан санагдана. Сүүлдээ ч яахав, би угаас сул дорой амьтан болохоор тэгсгээд түүний эрх мэдэлд нь бараг бүрэн орсон л доо...

Ерөнхий ня-бо Оюун, ня-бо Батцэнгэл... гэснээс яаж ийм хоорондоо өчүүхэн ч адил биш хүмүүсийг олж нэг дор суулгадаг байна аа... Ийм эсрэг тэсрэг хоёр хүнээр нэг ажлыг цуг хийлгэхээр сайхан “баланслаад” яг төв цэг дээрээ буудаг байсым бол уу? “Эсрэг тэсрэг” гэхээр хоорондоо хэрэлдэж зодолдоод таардаггүй гэсэн биш шүү, тэс өөр төрх байдал, үг хэл, үйл хөдлөлтэй гэсэн утга. Дараа нь Сэвжидмаа гэж нэг “чив чимээгүй” нимгэн цагаан охин Ерөнхий ня-бо болсон юм. Амнаас нь үг унагахад бас амаргүй ээ. Би заримдаа “Ганболд, Сэвжидмаа хоёрын хоорондоо хэдэн үгээр ярьдагийг нэг харах юм сан” гэж бодож дотроо инээд хүрдэг байж билээ.... Санхүүгийнхэн дээр удалгүй Баянчимэг гэж нэг чамбай охин бас нэмэгдсэн юм. Дөнгөж сургууль төгсөж ирээд анх ажилд орсон санагдана. Бага хүүхэд гэхэд бас л аливаад чамбай, найдвартай даа...   

Одоо л намайг “тоохоо больчихсон”-оос биш Лхагвадорж бид хоёр гайгүй сайн найзууд байлаа. Мань эр Сингапурт суралцаж ирснийхээ дараа удалгүй Америк явж сурах юм болов. Бид хоёр Америкийн коллежууд руу аппликэшн шидэж, англи хэл дээр эсээ бичиж явуулаад л..., бас л мундаг байсан байгаа биз дээ... Хүлээгээрэй, шоолохоо азнаарай... бид хоёрын англи хэл дээрх материалуудыг гадныхан ойлгоод, ойлгохоор барахгүй бүр зарим нь ойшоож тэнцүүлээд Лхагваа АНУ явсан нь үнэн юм шүү. Лос Анжелес явсан санагдана. Анх удаа явж буй болохоор бас анхаарал халамж тавих санаатай тэнд амьдраад олон жил болж байсан нэг найздаа захиад л, ... бас ч гэж яахав ээ тэр маань Лхагвааг тоссон, харин онгоц буудал дээр баахан хүлээлгэсэн гэж Лхагваа ярьсан шиг бодогдож байна.
“Дархан Сэргэлэн”-д би 1998 онд орсон юм шиг. Харин гарсан хугацаа бол 2003 оны хавар. Ажиллаж эхэлснээс хойш 18 жил, ажиллахаа болиод 13 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хуучин Дарханы хуучин цагаан байшингийн хэдийгээ ч гүйцэд санахгүй шахам болсон байна шүү, би... Балдорж, Ганхуяг, Даваасамбуу, Мягмарсүрэн, хэвлэгч Батбаатар, бас нэг Батбаатар/“торгон хэвлэлийн”/, Бат-Ирээдүй, Буяндалай, Ичинхорлоо, Амарсайхан, Саранцэцэг, Мэнджаргал... Дэвтэрлэхийн Оюун, Цэцэг гэж нэг “машаан” шиг хүүхнүүд, Лхагвасүрэн гэж бүлтгэр “юм”, жолооч юмуу диспетчер ч юмуу, эсвэл аж ахуйн дарга ч юмуу өдөр, шөнийн дуусдаггүй ажилтай Бэрхээ гэж нэг гялтгануулдаг “нөхөр”,   ... өөр хэн хэн билээ дээ, гэж шоргоолж шиг ажилсаг хэдэн сайхан охид бүсгүйчүүд байв даа... 
Манай “муу” Сэрээтэр, Чунаг хоёр ч бас ажиллаж байсан санагдана. Хүн болгоны тухай олон “гоё” юм санаанд орж буй ч эл бяцхан дурсамжид багтаан бичих боломж алга. Жишээ нь, би ямар ч мартамхай, “орон гаран” өвгөн болсон байлаа гэхэд Заяадорж, Чинбат хоёрыг мартахгүй байлгүй дээ, бурхан минь... Монголын бараг анхны Макентош компьютер, фотошоп аппликэшн, хэвлэлийн дизайн гэдэг юмыг эзэмших гэж энэ хоёр маань их л олон шөнө хуучин Дарханы хуучин цагаан байшинд уйлж хоносон доо. Тэгснийхээ хүчинд Макентош болон бусад хардвэйр, фотошоп болон бусад софтвэйрийг “уйлуулдаг” Монголын анхны хэвлэлийн эх бэлтгэлийн дизайнерууд болсон юм.

Хуучин Монголын хуучин Дарханы хуучин муу цагаан байшинд ямар гайхам цоо шинэ ажил амьдрал буцалж, ямар бахархам шинэ санаанууд төрж, ямар гайхам шинэ зүйлүүд ар араасаа урган гарч, урсан өнгөрснийг би одоо л эргэж харахдаа анзаарах шиг болж байна. Тэнд ажиллаж байхад бид их цөөхүүлээ юм шиг л санагддан байсан, одоо эргээд санахад өнөөгийн “Мөнхийн үсэг”-ийн суурийг тавилцсан их олон хүн байдаг юм байна. Би нэг биш хүнийг мартсан нь ойлгомжтой. Тэд маань бүү гомдоосой. Мартах гэж мартаагүй, өвгөн миний санах ойн багтаамж угаас жижиг, одоо улам жижгирч буй учир мартсан байх шүү.
Аль 50-60-аад оноос л Дархан, Хөтөлийн бүтээн байгуулалтад оролцож, нам улс төр, аж ахуй үйлдвэрлэлийн ажилтай хутгалдаж нэгэн насаа өнгөрөөсөн Даваа гуай, түүний үе чацуутан, цагтаа Монголын толгой орчуулагч, сэхээтнүүдийн нэг явсан Үржиндорж гуай, Монголын хууль хяналт, тагнуулын байгууллагад бүх амьдрал, мэдлэг чадвараа зориулж ирсэн Чунаг, Дарханы хүнсний комбинатад слесариас нь эхлээд Ерөнхий цахилгаанчныг нь хийж, шалгаруулалт нь ч чанга хатуу гэж аймаар, шагнал нь ч ховрынхоо хэрээр үнэ хүндтэй гэж жигтэйхэн байх үед “Монгол улсын шилдэг инженер” цолыг хүртэж явсан Сэрээтэр гээд цөөнгүй ахмадууд ч бас тодорхой хугацаагаар энэ компанид ажиллаж байсан... 

За өөр чинь хэн хэн байлаа, энэ компанид ... ?
“Дооёо эгч” яагаав... гэж үү? Яасан хэрэгт дуртайн, Доржсүрэнгийн тухай надаар яриулж яахнуу та нар...
Доржсүрэн бол үнэхээр гайхалтай эмэгтэй дээ. Дайчин, хөдөлмөрч, шаргуу... Оюунлиг, шулуун шударга, илүү дутуу худал хуурамч зан авиргүй... Соц.үеийн ня-боос өөр боловсролгүй байсан гэж хэлвэл тэр надад гомдож уйлахгүй байх гэж итгэж байна. Эр эм, хөгшин залуу, хөдөө хотынх хамаагүй, хүн аливаад тодорхой зорилготой, зорилгодоо тууштай, уйгагүй шаргуу, итгэл сэтгэлээр цалгиж явбал ямар ч сургууль соёл, ромбо диплом “хэрэглэхгүйгээр” амжилтанд хүрч болдгийн амьд, та бүхэнд хамгийн ойр жишээ бол Доржсүрэн. Ямар сайхан өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй гээч... “Чадна аа, чадаж л таараа ш дээ, тийн ш дээ”.... л гэнэ!
Бүх зүйл төгссөн сургуулийн нэр, өвөртөлсөн дипломны хийц, хэлбэрээс шалтгаалдаггүйн жишээ нь социализмын үеийн боловсролтой, ердийн мянга мянган ня-бо нарын нэг Доржсүрэн... Яг үнэнийг хэлэхэд би Доржсүрэнг хуучин номын дэлгүүр, эсвэл агуулахын тоос шороон дотор ном ухаад зогсож буйгаар л төсөөлж чадахаас алт мөнгө, үнэт эдлэлийн юмуу тансаг барааны дэлгүүр дотор ээмэг бөгж, торго дурдан шимтээд, имрээд, илээд зогсож байгаа гэвэл ёстой төсөөлж чадахааргүй санагддаг юм... Энд эмэгтэйлэг эсэхийн тухай биш харин гайхам оюунлиг эмэгтэйн тухай хэлэх гэж оролдож буй миний санааг ойлгосон гэж найдаж байна. Өөрөө оюунлиг хүн бол бусдыг ч тэр л талаас нь хардаг. Намайг хичнээн гангарчихсан явсан ч/хахаха.... гангарч үзсэн ч юм шиг/ Дооёо “миний шинэ гутал”-ыг харахгүй, анзаарах ч үгүй, анзаарсан ч тоохгүй. Мэдлэг, оюуны талын юмыг л сонирхоно. Ямар сайндаа л цагаан байшинд хамт ажиллаж байхдаа нэг удаа юунаас ч болоод билээ “Батмөнх бид хоёртой хамт л чи Хөтөлийн шороон дотор байсан даг. Хэдийдээ ингээд англи хэл сурчдын” гэж байж билээ... /Нөгөөх нь англи хэл мэддэг ч юм шиг....хаха/. 
Дооёо гэх сүү шиг цагаан сэтгэлтэй, дуу шиг алсын уянгатай, шүлэг шиг уран хэмнэлтэй, шүтээн шиг өндөрт заларсан бүсгүйг магтсанаар яаруу таталсан эл “цагаан байшингийн дурсамж”-аа өндөрлөе дөө. Зарим хүмүүс намайг “чи эмэгтэй л бол хөгшин залуу, хөөрхөн муухай, дарга цэрэг гэхгүй шүтэн биширч, сөгдөн царайчилж байдаг” гэдэг нь үнэний талтай байж магад. Би нээрээ яагаад ийм юм бол доо гэж нэгэн удаа эргэцүүлж суухдаа:
Эжийгээ ээж болоход би хүү болсон
Эхнэрээ ээж болоход би аав болсон
Охиноо ээж болоход би өвөө болсон
Олон ээжүүд намайг ингэж бүтэн хүн болгосон

гэж бичиж байж билээ.




Т.Наран               2016 оны наймдугаар сар                         Улаанбаатар