Sunday, February 19, 2012

МОНГОЛЫГ ШАШИН АВРАХГҮЙ

Яагааад гэвэл Бурхан багшийн ном, сургаал бузар санаатнуудын мэдэлд орсон.

Үндэстний үнэт зүйл болох уламжлалт өв соёл, ёс заншлаа сэргээн хөгжүүлэх талаар бид олон юм ярьж бичицгээж байгаа ч яг юуг хэлээд байгаагаа мэддэг хүн цөөн, мэддэг тэр цөөнийгөө сонсдог хүн бас цөөн байна. Тэр ч бүү хэл, уламжлал соёл маань Түвдийн шашин бөгөөд түүнийг л цэцэглүүлэн мандуулж, сүсэглэн явбаас жаргалын дээдэд хүрэх мэтээр эрээ цээргүй сурталдах болсон нь түгшүүртэй. Ямар ч шашны зүтгэлтнүүдийн ажил, амьдралын утга учир нь өөрийн шашныг аль болох өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхийн төлөө зүтгэхэд оршдог болохоор шарын шашныг бүх монголчуудынх болгохын тулд чадах бүхнээ хийж байгаа Гандантэгчинлэн тэргүүтэй хийдүүдийн санваартнуудыг буруутгах аргагүй. Соёлын Гавьяат Зүтгэлтэн хэмээх цолыг Монголын төрөөс хүртсэн шарын шашны томоохон хувраг Г.Пүрэвбат "Өнөөдөр" сонинд/2007.06.14/ өгсөн ярилцлагадаа Чингис хааныг Түвдийн шашны хувилгаан байсан хэмээн нотлох оролдлого хийснийг хүмүүс мартаагүй болов уу. Шашны зүтгэлтний хувьд өөрт оногдсон ажил үүргээ л гүйцэтгэж буй нь тэр байх. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд ард иргэдийг баталгаатай эх сурвалжгүй, үндэслэлгүй хоосон мэдээллээр төөрөгдүүлэхийн хажуугаар төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлөх аргыг шууд хэрэглэж, тэр нь үр дүнд хүрээд байгааг анзаарахгүй байж боломгүй. Үүний томоохон жишээ бол Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007.05.31-ний өдрийн "Очирвани шүтээнийг бүтээн залах тухай" 129 тоот зарлиг юм. Уг зарлигт дурдсанаар бол энэхүү Очирвани шүтээн гэдэг нь "Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт,… Монгол түмнийг ивээгч,…Үндэсний эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл…" учир түүнийг бүтээн залах нь "үндэсний ухамсар сэтгэлгээ, шашин соёл, түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, иргэд олны сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл утгатай" гэнэ. Үүнийг уншихад аль нэг улсын төрийн тэргүүний шийдвэр гэхээсээ тухайн шашны томоохон зүтгэлтний уриалга ухуулга гэмээр бодогдоно.
Н.Энхбаяр ямар шашин шүтэх нь тухайн хүний хувийн хэрэг, эрх, эрх чөлөө гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү төрийн өндөр эрх мэдлээ ашиглан өөрийн шүтдэг шашнаа нийт ард иргэдэд ийнхүү зарлиг тушаалаар тулган хүлээлгэх, улмаар тэднийг халаасан дахь хоолны мөнгөө үүнд зориулан өргөж хандивлахыг ухуулан ятгаж байгаа нь нэн зохимжгүй санагдана. Монголд одоогоор Шарын шашнаас өөр шашин шүтдэг 200 мянгаад хүн бий гэсэн тоо бий. Дээр нь атейстууд, аль нэг шашныг бус Монголын уламжлалт гүн ухааныг дагадаг, мөн Буддын гүн ухаан, сургаалыг/энэ бол шарын шашин биш шүү/ шүтэн биширдэг хүмүүсийг нэмбэл шарын шашныг үл дагагчид хэд болох нь тодорхойгүй. Монгол улсын Үндсэн хуулинд: "Монгол улсын иргэн … шашин шүтэх, эс шүтэх эрхтэй,…", "хүнийг … шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн тов тодорхой заалтуудыг дэмий нэг оруулаагүй болов уу. Ерөнхийлөгчийнхөө зарлигийг бид дагах үүрэгтэй. Тэгвэл яагаад мусульман болон христийн шашинтай иргэд, Бурхны сургаалыг шүтэгчид, шашингүйчүүд шарын шашинтнуудын эрхэнд орж, тэдний шашныг дэлгэрүүлэхэд материаллаг болон оюун санааны дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой юм бэ? Ямар ч шашны байгууллага, сүм хийдүүд зөвхөн өөрийн сүсэгтнүүд, шүтэн дагагчид, дэмжигчдийнхээ санхүүжилтэнд тулгуурладаг нь дэлхий дахины ёс. Гэтэл Монголын шарын шашинтнууд болохоор төрөөс, төсвөөс, бүх ард иргэдээс санхүүжилт авч, цаашид улам их авахаар зүтгэж байгаа нь, тэр бүү хэл төрийн зарим институцид нөлөөлөн түүгээр сүм хийдийн ажлыг хийлгүүлээд байгаа нь хэрээс хэтэрсэн явдал биш гэж үү?
Цагаан сарыг тохиолдуулан шарын шашны төлөөлөгчдийг хүлээн авч хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч: "…миний зүгээс …Очирвани их шүтээнийг бүтээх зарлиг гаргаж, буддын мэдлэг ухаан, үнэт зүйлс, боловсрол хүмүүжлийг нийтийн хүртээл болгох, сүм хийдийн үйл ажиллагааг татварын хөнгөлөлтөөр дэмжих, лам хуврагуудынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэн урамшуулах зэрэг олон хэлбэрээр ивээл дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж ажиллалаа. Энэ бодлого зарчмаа би цаашид ч тууштай үргэлжлүүлэх болно " хэмээн ил тодоор зарлан тунхаглажээ.
Монголд олон шашин нэвтэрч, тэдний сүм хийдүүд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, шүтэн бишрэгчид олноор нэмэгдсээр байгаа нь нэгэнт тодорхой байхад Үндсэн хуулинд зааснаар "… Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" байх учиртай Ерөнхийлөгч маань ийнхүү өөрийнхөө шүтдэг шашныг онцгойлон "харж үзээд" байх нь манай улсын Үндэсний аюулгүй байдалд ч урьдаас таагдашгүй хор хохирол авчрахыг үгүй гэх аргагүй. Төрийн бодлогоор ялгаварлагдан гадуурхагдаж, "гишгэх газаргүй" болж магадгүйг харж, мэдэрч буй бусад шашны сүсэгтнүүдийн дотор ил, далд хэлбэрийн эсэргүүцэл тэмцлийн үр хөврөл бүрэлдэж шашин хоорондын дайсагналцлын үрийг ч тарьж мэдэх аюултай бус уу. Дараа дараагийн Ерөнхийлөгчүүд заавал шарын шашинтан хүн байх болно гэсэн баталгаа хаа байгаа юм бэ?
"Цогт тайж" киног үзээгүй хүн байхгүй байх. Тэрбээр Түвдийн шарын шашныг дангаар хөхиүлэн дэмжигч Монгол ноёдтойгоо үзэл санаа зөрчилдөж, улмаар тэдний эсрэг улааны урсгалынхны/улаан малгайтнууд/ дэмжлэгтэйгээр зэвсэг барин боссоноор өөрөө алагдан, хоёр талын гэм зэмгүй олон монголчуудын цус урссан нь бодит түүх шүү дээ.
Бүгдээрээ нэг шашны “тугийн дор” орсноор улс оронд эв нэгдэл, энх амгалан бий болдоггүйн жишээг холоос хайх хэрэггүй. Хоёулаа Далай ламын нэгэн үеийн гарын шавь нар болох Ойрдын Галдан бошигт, Анхдугаар Богд Занабазар нарын зөрчил тэмцэл, монголчуудын цусыг далай мэт урсгасан байлдаан тулаан, Монгол улсын тусгаар тогтнолын мөхөл сүйрлийн талаар мэдэхгүй хүн цөөн байх. Хубилай хаанаас хойшхи Монголын Их гүрний дотоод хагарал, мөхөл сүйрэлд Түвдийн шашин, Монголын төрд шургалсан өндөр эрх мэдэлтэй санваартнуудын явууллага гол үүрэг гүйцэтгэсэн байдаг билээ. Ерөөс Монголд шарын шашин хамгийн ид оргилдоо хүрэх бүрт л Монгол улс тэр чинээгээр удуудан доройтсон байдгийг түүхээс харж болно. Магадгүй, эсрэгээр Монгол улс хамгийн ихээр сулран доройтох үед л шарын шашин хамгийн ихээр хүчээ авдаг байсан байж ч болох юм. Ямар ч гэсэн Монголын доройтол, шарын шашны цэцэглэл хоёр ямагт нэгэн цаг үед давхцан тохиосон байдаг юм билээ. Түвдийн шашин дэлгэрснээр сайн сайхан цаг ирдэг байсан сан бол та бид өнгөрсөн зуунуудад мөн ч их жаргах байсан даа.
Очирвани шүтээнийг залвал Монгол улс хөгжин дэгжинэ гэдгийг, уг шүтээн нь монголчуудын "эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл" гэдгийг хэн, яаж баталсан юм бэ? “Лу.Алтан товч” дахь "Чингис хааныг Гунгаанямбуу нэрт лам эх барьж авсан, хажууд нь хоёр хятад байж байгаад хадан дээр бичсэн…" мэт хэврэг, ямар ч баталгаа нотолгоогүй эх сурвалжийг эш үндэс болгоод байна уу? Бид 21-р зуунд амьдарч, энэ дэлхийн бүх л улс орнууд мухаг сүсгээр бус шинжлэх ухааны ололт нээлтүүдэд дулдуйдан хөгжиж байна шүү дээ. Ямар ч шашныг "авч хэлэлцдэггүй" байсан гэдэг нь дэлхий нийтэд хэдий нь батлагдсан Чингис хааныг Очирвани бурхны хувилгаан хэмээн итгүүлэхийг чармайгч санваартан маань өчүүхэн ч үнэмшилтэй үг хэлж чадаагүй боловч харин бидний мэдэж байх ёстой, мэдсэнээрээ Чингис хаан бол Түвдийн шашны төлөөлөгч биш гэдгийг ойлгох учиртай баримтуудыг ярилцлагадаа дурьдаж, ярьж буйгаа эсрэгээр баталжээ. Тэр нь 1570-аад оны сүүлчээр Түмэдийн Алтан хаан Түвдийн шашны тэргүүн Содномжамцыг нутагтаа залан авчирсныг сонсоод Халхын Абтай хаан очиж бараалхсанаар түүнээс "Очирваанийн хувилгаан" цолыг Монгол хаадаас анх хүртсэн, тиймээс та бид Очирванийг онцгойлон шүтэх учиртай тухай юм. Тийм ээ, ийм явдал болсон гэдгийг олон түүхчид бичсэн буй. Чингис хаан Очирваанийн хувилгаан биш гэдгийг мэдэхэд ганц энэ баримт л хангалттай бус уу? Нэмэн өгүүлэхэд, энэ удаагийн уулзалтаар Содномжамцдаа наадуул нь хариу барьж "хамаг бүхнийг айлдагч Очирдарь Далай лам" цол өргөмжилснөөр энэ цол хойшид үргэлжилснээр барахгүй нөгөөх Алтан хааны гуч нь Түвдэд Содномжамцын дараагийн буюу IV Далай ламаар, Абтай хааны гуч нь Монголд Анхдугаар Богдоор өргөмжлөгдсөн гэдэг. Энэ бол Монголын төр Түвдийн шарын шашны эрхшээлд тэр чигээрээ орсон гашуун түүхийн эхлэл байсан. Түүнээс хойш Түмэн засагт хаан, Монголын хамгийн сүүлчийн Их хаан Лигдэн гээд цөм л шарын шашны өмнө хүчин мөхөсдөж, эрхшээлд нь орон дагалдаж, уруудсаар 1921 онтой золгоход Монгол улс ямар байдалтай болсон байсныг бүгдээр мэдэх билээ. Монгол, Түвд хоёрт Буддын шашинтай бусад олон улс оронтой харьцуулахад Бурхан багшийн сургаалыг шашинжуулсан хувилбаруудаас хамгийн муу нь үлдсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг нь өнөө эргээд харахад оргүй ч зүйл биш мэт.
Буддын шашинтай орнууд л бусад орнуудаас илүү хөгжилтэй байдаг хэмээн Гандан хийдийн хамба ламтан зурагтаар айлдаж нүүр халууцуулсан бол "Өнөөдөр"-т ярилцлага өгөгч том лам: "Бурхан шашны номлол Европ хийгээд дэлхийн олон оронд маш их дэлгэрч байгаа. Энэ шашинд дандаа оюунлиг, ухаалаг хүмүүс нь орж байна" хэмээн гудиггүй залжээ. Хамгийн мулгуу тэнэгүүд нь ямар шашинд орж байгааг нэр заан дурьдаагүй нь л яамай даа. Өнөөдөр Монголд 260 гаруй Бурханы шашны дуган, хийд байгаа ба тэдгээрт 4000 шахам лам хувраг байгаа гэсэн тоог Ерөнхийлөгч үгэндээ дурьджээ. Үүний лав талаас илүү хувь нь бүрэн хөдөлмөрийн чадвартай идэр залуу эрчүүд байгаа даа. Тэд тэнд ямар материаллаг болон оюуны баялаг бүтээж эх орныхоо хөгжилд тус нэмэр болж байна вэ? Эдүгээ манайд билгийн тооллын гэх болсон Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэзээ тохиохыг хэлж мэдэх лам ч, хийд ч алга байгаагаас хувиараа зурхай сонирхогчдын дунд жил бүр бөөн маргаан дэгддэг болов. Яах учраа олохгүй ард иргэд дэмий л Гандангийн том хуврагуудын амыг харах боловч хамгийн гунигтай нь энэ жил гэхэд л тэдний "мэдлэгийн ачаар" шинийн нэгэнд бус хоёронд золгосноо маргааш нь нийтээр мэдэцгээв. Хичнээн хүнийг гэгээрүүлж, оюун ухааныг нь тэлж, ертөнцийг үзэх үзлийг нь зөвөөр төлөвшүүлж байна вэ? "Алтангэрэлийн даллага" авахуулах юмуу "Жанлавцогзол"-ыг түвд хэл дээр уншихыг сонсож, малгайгаа өвөртөө хийн хэдэн цагаар наминчлан залбирч суух дуган дүүрэн хүнээс хэд нь орчлон ертөнцийн зүй тогтол, хүний амьдралын утга учир, зовлон хийгээд жаргалын шалтгааныг ухаж мэдээд тэндээс гардаг бол?
Хэдхэн жилийн өмнө бид ямар их сүр дуулиантайгаар, бүх ард түмний хандив өргөлөөр Мэгжид Жанрайсаг шүтээнийг босголоо? Гэтэл "Өнөөдөр"-тэй ярилцагч санваартан маань Жанрайсиг бол Түвдийн шүтээн, Мандшир нь Хятадуудынх, Очирвани нь Монголынх гэж айлдаж байна. Одоо Жанрайсигээ нурааж Түвд рүү ачуулаад Очирвани шүтээнээ оронд нь босгох хэрэгтэй болсон учраас Ерөнхийлөгч зарлиг буулгасан гэж ойлгогдож байна. Өөрөө хувь хүнийхээ хувьд Түвдийн шашин, бурхад, тэр дундаа Очирвани шүтээн нь Монголын хөгжилд, монголчуудыг "сайн хүн болоход" гарцаагүй тус болно, бусад хүмүүсийн олонхи нь мөн ингэж боддог гэсэн итгэл үнэмшилтэй учраас л ийм зүйл хийгээд байгаа байх л даа. Тийм ч учраас дээр өгүүлсэн уулзалтынхаа төгсгөлд: "… Энэ онд … Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар бүх иргэдийн хувь хандиваар бүтээгдэж байгаа монголчуудын болон монгол төрийн эв нэгдэл, хүч чадлын бэлгэдэл Очирвани шүтээн нийтэд дэлгэрнэ" хэмээн бахархалтайгаар айлдсан буй заа.
Түвдчүүд шашнаа дэлгэрүүлэх үйлд Монголын төрийн зүтгэлтнүүдийг ашиглаж, төрийн өндөр алба руу мацагсад шашныг зорилгодоо ашиглаж, нэг үгээр хэлбэл "харилцан ашигтай" ажилладаг байсан зарчим дахин сэргэж магадгүй байдал сүүлийн үед илт ажиглагдах боллоо. Ийм явдал гарахаас болгоомжлон сэргийлсэн, зохицуулсан Монгол улсын хуулиудыг ч үл тоох болов. Ерөнхийлөгчийн дээрх үйлдэл нь "Төр, сүм хийдийн харилцааны тухай" хуулийн 5-р зүйлийн 2-т: "Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол улсын Ерөнхийлөгч зохицуулна" гэсэн заалттай хэр нийцэж буйг ард нийт болгоох бизээ. Өнөөдөр сонгууль дөхөөд, эрх мэдлийн төлөө улайрсан тэмцэл эхэлж буй үед улс төрийн намууд шарын шашны сүм хийдүүд, лам хуврагуудаас "аврал" эрж ч байгаа юмуу, аль эсвэл монголчууд цөмөөрөө Түвдийн шашинтан гэж бодож тэдний "хайрыг татах" гээд байгаа юмуу сонин сонин ааш авир үзүүлэх боллоо. Түвдийн шашныг төрийн албан ёсны шашин болгоно ч гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэж ч байх шиг. Гэтэл мөн дээрх хуулийн 4-р зүйлийн 7-д: "Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах,…-ыг хориглоно" гэж заасан байх жишээтэй. Хэнд, юунд хамаатай хууль, заалтууд вэ, эдгээр нь?
Үнэхээрийн өөрсдийн зорилгодоо хүрэх, бодож төлөвлөснөө хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаа бол ядаж хамгийн энгийн судалгаа хийдэг нь олон улсад хэдий нь хэвшсэн арга барил шүү дээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас нийт ард иргэдийн дунд санал асуулга явуулаад үзвэл тэдний хэдэн хувь нь Очирвани шүтээн Монголыг аврана гэж итгэж байгаа, хэдэн хувь нь түүнд мөнгө төгрөг хандивлахад бэлэн байгаа нь бодитоор харагдана. Түвдийн шашныг төрийн шашин болгоно гэсэн зорилт дэвшүүлэн сурталчлахад олонхид таалагдан манай нам сонгуульд амжилт олно гэж тооцож байгаа нь хэтэрхий хялбаршуулсан, хэтэрхий гэнэн, бас хэтэрхий хариуцлагагүй явдал билээ.
Манай төр, нам, шашны зүтгэлтнүүд гүн ухаан, шашин хоёрын ялгааг мэддэггүй, яагаад төр шашин хоёрын үйлийг хутгалдуулж болдоггүйг ойлгодоггүй юм гэж итгэхэд бэрх ч хэзээ хойно XVI зуунд Монголд нэвтэрсэн шарын шашны үзэгдлүүдийг Чингис хаантай холбон тайлбарлаж, санаснаа гүйцэлдүүлэхийн тулд энэ их хүний нэрийг "байхгүй хойгуур" нь гул барьж буй нь нэг талаас жирийн иргэд биднийгээ дэндүү басамжилсан, нөгөө талаас ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэсэн хэрэг билээ. Тэгээд зогсохгүй Засгийн ордны өмнө хөшөөг нь босгосон гурван хаан нь Очирвани, Жанрайсиг, Мандшир бурхны хувилгаад учир тэр бурхдаар "амилуулах" хэрэгтэй гэсэн шаардлагыг зарим томоохон хуврагуудын зүгээс төрд тасралтгүй тавьсаар байгаа сураг ч чих дэлдсэнийг дашрамд хэлчихье.
Эдгээр үйлдлүүдийн цаана эрх мэдэл, эдийн засгийн томоохон ашиг сонирхол нуугдаж байгаа гэж хардагчдыг буруутгах аргагүй. Гэвч би үүнийг бичихдээ Монгол орныг, монголчуудын амьдрал ахуйг хэзээ ч шашин өөд нь татаж байгаагүй, хэзээ ч өөд нь татахгүй гэдгийг л уншигчдад сануулахаас өөр ямар ч зорилго агуулаагүй гэдгийг эцэст тэмдэглье.
Т.НАРАН
2008.03.16