Friday, May 22, 2009

БИ “МУУШИГЧИН” ЭЛБЭГДОРЖИЙГ СОНГОХ ГЭЭГҮЙ

Хүмүүс бие биенээсээ, миний найз нөхөд надаас асууж байна. Чи хоёр “Э”-ийн алийг нь сонгох гэж байна? Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөв сонголт хийхэд маань “тус болох” гэж их санаа тавьж буй бололтой, их нарийн ширийн мэдээлэл өгч байна аа. Тухайлбал, Н.Энхбаярын “илүү, илүү” гэдгийг мань мэтийн борчуудад ойлгуулах гэж Ц.Элбэгдоржтой харьцуулж харуулсан нэгэн “сонирхолтой факт”-ыг хүчтэй цацав. Тэр нь их хөөрхөөн. Н.Энхбаярын өндрийн хэмжээнээс нэг метрийг хасахад гарч буй цифр биеийн жинтэй нь тэнцүү байхад, Ц.Элбэгдоржийнх арваадаар илүү байх аж. Илүүдэл жинтэй гэсэн үг. Бүсгүйчүүд сонголт хийхдээ үүнийг анхаарах ёстой бололтой. Энхбаярын хообий нь биеийн тамир спорт байхад Элбэгдорж хөзөрчин гэнэ. Нэг нь дөчин мянгатын унаган хүүхэд учраас чөлөөт цагаа соёлтой боловсон өнгөрөөдөг, нөгөөх нь малчны харанхуй бүдүүлэг хүүхэд болохоор “муушигдаж” өнгөрөөдөг юм гэж ойлголоо. Малчин гэснээс, Энхбаярын дуртай хоол нь плов гэдэг юм байдаг гэнэ. Их л тансаг сайхан зоог байх л даа. Гадаадад төгссөн найзаасаа асуусан чинь юу гэж тайлбарлахаа олж ядаж байснаа “гахайн өөхтэй будаатай хуурга” гээд л бодчиход бараг болно гэж байна. Тэгвэл ч нэг их гайхуулаад байх юм алга. Харин Элбэгдоржийн дуртай хоол нь “толгой мөлжих” гэнэ. “Мөлжих” гэдэг үйл үгээр төгссөн мөртлөө хоолны нэр болдог юм байхдаа? Зайлуул, Элбэгдорж хүнсний захаас орой ганц хоёр толгой авчраад л мөлждөг байх нь. Пиарчдын хэлээд байгаа санааг бодсон чинь миний сэтгэл жаахан тавгүй болж ирэв. Учир нь би бас толгой мөлжих дуртай юм. Тэгэхээр би бас бүдүүлэг, ядуу зүдүү амьтан байх нь. Гэхдээ хичнээн бүдүүлэг доройгоор минь дуудлаа ч гэсэн би толгой мөлжих сонирхлоо ямар ч мундаг плов халбагадах “ажлаар” сольж, зэрэг зиндаа “дэвших”-ийг хүсэхгүй шүү.
Энхбаярын бас нэг “илүү” нь түвд хэл мэддэг гэнэ. Монголоор бол тангад хэл гэхэд болох юм, уг нь. Манай шарын шашны хийдүүдэд уншаад байгаа номуудыг тангад ном гэдэг. Цаад улсыг нь Тангад улс гэдэг байсан. “...Алтан амиа үгүй болон болтол чамайг тавихгүй” хэмээн тангараглаж, “Өмнө зүгт Тангад улс буй гэдгийг өглөө болгон надад сануулж бай!” хэмээн эзэн Чингис хааны захиж байсан тэр улс. Эзэн Чингис хаантай минь элдвээр дайсагнан тэмцэж, эцэст нь ялагдахдаа “хойд үе чинь надтай адил боомилогдох болтугай”/Лу.Алтан товч/ хэмээн зүхэж, улмаар төд удалгүй амийг нь хараалаар бүрэлгэж чадсан Шидаргу/Шударга/ хэмээгч хааны энэ хараалыг 800 жил тасралтгүй дамжуулан хүргэж яваа тэр хэл бол тангад номын хэл.
Дээрх пиар лав л надад сонголт хийхэд минь тус болохгүй нь. Учир нь, биеийн харьцаа нь 90x60x90, пловонд дуртай, хувийнхаа хообийг ард түмний хөрөнгөөр санхүүжүүлээд уул хэсээд авирч явдаг, бас тангад хэл мэддэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгочихвол борчууд бид цэнгэлийн манлайд хүрнэ гэсэн баталгаа хаа байгаан бэ? Тэрэн дээр нэмээд Энхбаярыг сонгохгүй байх олон шалтгаан байна аа. Наад зах нь л “хүний юмаар хүүдэгнэх дуртай” хүмүүст би яснаасаа дургүй. Монголд ардчилал тогтоохыг огтхон ч “яараагүй”, одоо ч “яардаггүй” томчуудын нэг бол яах аргагүй Энхбаяр. Тэгсэн атлаа ардчиллын “сүүг” хамгийн их хөхөж, тэр хэрээрээ түргэн махалж яваа хүмүүсийн нэг бол бас тэр. Харин энэхүү “сүү” гаргагч “үнээг” анх Монголд хөтөлж ирсэн, тэр муу туранхай үхрээ үхүүлчихгүй, алдчихгүйн төлөө чадах чинээгээрээ тэжээн тэтгэж, өдөржин нүд салгалгүй даган хариулж, шөнөжин манаж хонодог Э.Бат-Үүл, мөнөөх Ц.Элбэгдорж мэтийн хүмүүс болохоор дандаа л “хар цай” ууж суугаа нь надад их эвгүй харагддаг. Тэгээд хамгийн гайхмаар нь Энхбаяр ба түүний нөхөд дандаа ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөөний эсрэг амлалтуудыг өгч байгаад төрийн эрхийг авдаг. Нэг үгээр хэлэхэд хүний нийгмийн хөгжил дэвшлийн жам ёсны эсрэг зүйл хийхээр гарч ирдэг. 1992 онд МАХН ард иргэдээ картын бараанаас хэзээ ч салгахгүй, монголчууд олноороо гадаад явж буй байдлыг зогсоож эмх цэгцэнд оруулна гэж амалсаар сонгуульд ялж байсныг би мартдаггүй юм.
Чингис хаан нэгдсэн Монгол улсын хаан болсноосоо хойш арав гаруй жилийн дотор л Тангад, Алтан улс гээд ойр орчмынхоо хүчирхэг дайснуудыг даран мөхөөж, улмаар дэлхийг эзлэхүйц хүчирхэг гүрнийг байгуулаад Хорезм руу мордсон байхад Энхбаяр хаан маань яг адилхан хугацаагаар төрийг атгаад өнөөдөр ямархуу Монголыг бий болгочихоод байгааг бид бүгдээрээ харж байна. Ийм урт хугацаанд ээлж халаагүй, хэнээс ч хамааралгүйгээр засгийн эрх барьчихаад бараг юу ч хийгээгүй шахам атал өөрийгөө их үйлс бүтээгч гэж маш их магтаж, хаан суудалдаа үлдэх гавьяатай хэмээн залхтал ярьж байгаа нь ичгэвтэр харагдаж байна. Түүний оронд хэн ч байлаа гэсэн тэр дайны ганц нэг ажил эрхбиш хийлгүй яахав дээ. Оростой өр авлагаа дуусгасан нь түүний ганц бахархах ажил гарцаагүй мөн. Түүнийхээ төлөө өөрийгөө 50 сая ам.доллараар “шагначихсан”-ыг нь ч ойлгож болох. Нэр нь хэт сүржин болохоос биш “Мянганы зам” ч хэрэгтэй зүйл. Муу тал нь гэвэл баахан хятадууд Монголоор нэг тарж, бас замын ажлын санхүүжилтийг бараг тэр чигээр нь Хятадын компаниуд залгичихсан явдал.
Би бүх л насаа материаллаг бодитой баялаг бүтээгчдийн дунд өнгөрөөсөн болоод ч тэр үү, нэг зүйлийг их анзаардаг. Юу гэвэл Н.Энхбаярын шагнал тарааж буй байдлаас харахад тэрбээр материаллаг баялаг үйлдвэрлэгчдийг баарны дуучдаас доогуур үнэлдэг. Тэр өөрөө биет зүйл хийж бүтээж үзээгүй, үйлдвэрлэлийн салбар руу шагайж байгаагүй учраас тэр талаар ойлголтгүй байх. Мэдээлэл ч авч чаддаггүй байх. Урлаг, соёл, спортын салбар бол улс оронд шууд өгөөж өгдөггүй. Харин баялаг бүтээгчдэд үйлчилдэг, нэг үгээр “туслах цех” гэдгийг мэддэггүй юмуу мэддэг ч өөрөө орчуулагч учраас хүлээн зөвшөөрдөггүй юм болов уу. Майкрософт-д, Рено-д, Делл-д өндөр үнэлэгдэж, дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн баялаг бүтээж яваа залуусаа шагнаж урамшуулах бүү хэл, тэдний талаар мэддэг ч юмуу үгүй юмуу бүү мэд. Монголын ирээдүйн хөгжлийг сумо, жү-до, бокс тодорхойлохгүй ээ. Зохиолын дуу, тэр битгий хэл уртын дуу, морин хуур ч тодорхойлохгүй. Олон Дагвадорж, олон Түвшинбаяр, олон Жавхлан, Баясгалан хэрэггүй. Ганц ганц байхад л бол оо. Байхгүй байсан ч болно. Харин Билл Гейтсийн шалгуурыг давдаг залуус маш олон хэрэгтэй.
Ерөнхийлөгч өөрөө дуу хуур, найр цэнгүүнд дуртай, тэндээс кайф авдаг байж болох ч Монголын төрийн үзэмж, үнэлэмжийг өөрийнхтэйгээ хольж хутгаж, “төр бол би” гэсэн байдлаар хандаж боломгүй. Шударга ёсыг хамгийн их шаарддаг, энэ талын хамгийн их “мэдрэмжтэй”, бас үнэн мөн нь, үр дүн нь газар дээрээ харагддаг зүйл бол шагнал. Шударга шагнал гавьяа дагуулна, шударга бус шагнал гай дуудна. Шагнах нь шийтгэхээс хамаагүй хэцүү, бас хамаагүй илүү хариуцлага шаарддаг. Шийтгэл зөвхөн тэр хүнээ гомдоож бусдыг “баярлуулдаг” бол шагнал зөвхөн эзнээ баярлуулж, үлдсэнийг нь “гомдоодог”. Мөрөөрөө ажлаа хийгээд, амьдралаа залгуулаад, эвтэй найртай явсан хамт олон, хүмүүсийг бодлогогүй юмуу эсвэл далд бодлоготой шагналын дараах хэл ам, хэрүүл тэмцэл хагалан бутаргадаг. Үе үеийн Ерөнхийлөгчдийн дотроос Энхбаярын үед л энэ үзэгдэл хамгийн их ажиглагдсан. Яагаад гэвэл тэр хувийн амбицдаа захирагдаж, шударга ёсыг энд хамгийн их алдагдуулсан. Талхыг хэн хийдгийг сонирхохгүй, асуухгүй мөртлөө талхны тухай гоё дуулсан хүнийг шагнадаг зуршил тогтсон.
Гэхдээ толгой мөлждөг монгол эр хүн болохоор нь ч юмуу эсвэл хөдөөгийн залуусын дунд ч үеэ өнгөрөөж яваа хөзөр гэдэг тоглоомд дуртай эгэл бор “амьтан” болохоор нь, тэр ч бүү хэл хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдохдоо төрөөс ард иргэдийн хүлээж байсан зарим ажлуудыг зоримог сайхан эхэлсэн ч гүйцээж үр дүнг нь үзэх боломжийг түүнд дайснууд нь олгоогүй болохоор нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгох ёстой гэж би бодохгүй байна. Ер нь бид өөрт таалагдсан хүнээ өндөр албан тушаалаар шагнах гэж, эсвэл энэ гоё местийг өөрийнхөө намд авах гэж сонгуульд орох нь утгагүй. Харин цаашид улс орноо ямар замаар авч явах, ямар улс оронд, ямар амьдралаар амьдрахыг хүсэж буйн илэрхийлэл нь энэ сонголтын үр дүн болох учиртай. Албан тушаалын наймаагаар биш, эрх мэдлийн “ач буян”-аар бус, эх орон, олон түмний өмч хөрөнгийг хулгайлж, луйвардаж биш, харин мэдлэг мэргэжил, ур чадвар, ой ухаан, сэтгэлгээнийхээ цар хүрээгээр амьдралаа, ирээдүйгээ тодорхойлох боломж нөхцөл бүрдсэн, шударга ёс ноёлсон, ардчилал тогтсон улс оронд, хэнээс ч “эх орны хишиг”, “эрдэнийн хувь” горьдохгүйгээр өөрийн хэрэгцээт зүйлийг өөрөө бий болгон амьдармаар байна.
Өнгөрсөн 20-иод жил сонгуульд санал өгөхдөө би ердөө хүнийг сонгож байгаагүй, замыг сонгож ирсэн. Харамсалтай нь дандаа цөөнх дотор байсан. 1992 онд л лав картын бараатай байх, гадаад руу олноороо явахыг зогсоохын төлөө олонхи нь саналаа өгснийг би дээр хэлсэн. Учир нь МАХН тэр үед тэгэхгүй л бол Монгол улс сүйрнэ, тиймээс манай намыг сонговол тэгнэ гэж тархи угаасан. Гэвч тэд амласнаа биелүүлээгүй. Картын бараа буюу барааны карт байхгүй болсон, гадаад руу явахыг нь зогсоох бүү хэл юм болсон. Тэглээ гээд Монгол сүйрээгүй. Одоо ч гэсэн ноён Энхбаяр бас л дээд сургуулийг үнэгүй болгоно, 1.5 саяыг өгүүлнэ гэж ухуулж байна. Тэр ялсан ч энэ нь бүтэхгүй, ялахгүй байсан ч бүтэхгүй. Гай болж бүтэх юм бол бүр тэрнээсээ дор юм болно. Тиймээс энэ замыг сонгож болохгүй.
Би “муушигчин” Элбэгдоржийг сонгох гээгүй, харин дээр хэлсэн миний хүсэл биелэх замыг л сонгоно. Хамгийн аймаар бөгөөд хүн төрөлхтний түүхэнд батлагдсан нэг үзэгдэл олонхи ямагт тэнэг байдаг билээ.


Б.САРТУУЛ