Saturday, February 14, 2009

МОНГОЛЧУУДЫГ ШАШИН АВРАХГҮЙ

Үндэстний үнэт зүйл болох уламжлалт өв соёл, ёс заншлаа сэргээн хөгжүүлэх талаар бид олон юм ярьж бичицгээж байгаа ч яг юуг хэлээд байгаагаа мэддэг хүн цөөн, мэддэг тэр цөөнийгөө сонсдог хүн бас цөөн байна. Тэр ч бүү хэл, уламжлал соёл маань Түвдийн шашин бөгөөд түүнийг л цэцэглүүлэн мандуулж, сүсэглэн явбаас жаргалын дээдэд хүрэх мэтээр эрээ цээргүй сурталдах болсон нь түгшүүртэй. Ямар ч шашны зүтгэлтнүүдийн ажил, амьдралын утга учир нь өөрийн шашныг аль болох өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхийн төлөө зүтгэхэд оршдог болохоор шарын шашныг бүх монголчуудынх болгохын тулд чадах бүхнээ хийж байгаа Гандантэгчинлэн тэргүүтэй хийдүүдийн санваартнуудыг буруутгах аргагүй. Соёлын Гавьяат Зүтгэлтэн хэмээх цолыг Монголын төрөөс хүртсэн шарын шашны томоохон хувраг Г.Пүрэвбат "Өнөөдөр" сонинд/2007.06.14/ өгсөн ярилцлагадаа Чингис хааныг Түвдийн шашны хувилгаан байсан хэмээн нотлох оролдлого хийснийг хүмүүс мартаагүй болов уу. Шашны зүтгэлтний хувьд өөрт оногдсон ажил үүргээ л гүйцэтгэж буй нь тэр байх. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд ард иргэдийг баталгаатай эх сурвалжгүй, үндэслэлгүй хоосон мэдээллээр төөрөгдүүлэхийн хажуугаар төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлөх аргыг шууд хэрэглэж, тэр нь үр дүнд хүрээд байгааг анзаарахгүй байж боломгүй.

Үүний томоохон жишээ бол Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007.05.31-ний өдрийн "Очирвани шүтээнийг бүтээн залах тухай" 129 тоот зарлиг юм. Уг зарлигт дурдсанаар бол энэхүү Очирвани шүтээн гэдэг нь "Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт,… Монгол түмнийг ивээгч,…Үндэсний эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл…" учир түүнийг бүтээн залах нь "үндэсний ухамсар сэтгэлгээ, шашин соёл, түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, иргэд олны сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл утгатай" гэнэ. Үүнийг уншихад аль нэг улсын төрийн тэргүүний шийдвэр гэхээсээ тухайн шашны томоохон зүтгэлтний уриалга ухуулга гэмээр бодогдоно. Н.Энхбаяр ямар шашин шүтэх нь тухайн хүний хувийн хэрэг, эрх, эрх чөлөө гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү төрийн өндөр эрх мэдлээ ашиглан өөрийн шүтдэг шашнаа нийт ард иргэдэд ийнхүү зарлиг тушаалаар тулган хүлээлгэх, улмаар тэднийг халаасан дахь хоолны мөнгөө үүнд зориулан өргөж хандивлахыг ухуулан ятгаж байгаа нь нэн зохимжгүй санагдана. Монголд одоогоор Шарын шашнаас өөр шашин шүтдэг 200 мянгаад хүн бий гэсэн тоо бий. Дээр нь атейстууд, аль нэг шашныг бус Монголын уламжлалт гүн ухааныг дагадаг, мөн Буддын гүн ухаан, сургаалыг/энэ бол шарын шашин биш шүү/ шүтэн биширдэг хүмүүсийг нэмбэл шарын шашныг үл дагагчид хэд болох нь тодорхойгүй. Монгол улсын Үндсэн хуулинд: "Монгол улсын иргэн … шашин шүтэх, эс шүтэх эрхтэй,…", "хүнийг … шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн тов тодорхой заалтуудыг дэмий нэг оруулаагүй болов уу. Ерөнхийлөгчийнхөө зарлигийг бид дагах үүрэгтэй. Тэгвэл яагаад мусульман болон христийн шашинтай иргэд, Бурхны сургаалыг шүтэгчид, шашингүйчүүд шарын шашинтнуудын эрхэнд орж, тэдний шашныг дэлгэрүүлэхэд материаллаг болон оюун санааны дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой юм бэ? Ямар ч шашны байгууллага, сүм хийдүүд зөвхөн өөрийн сүсэгтнүүд, шүтэн дагагчид, дэмжигчдийнхээ санхүүжилтэнд тулгуурладаг нь дэлхий дахины ёс. Гэтэл Монголын шарын шашинтнууд болохоор төрөөс, төсвөөс, бүх ард иргэдээс санхүүжилт авч, цаашид улам их авахаар зүтгэж байгаа нь, тэр бүү хэл төрийн зарим институцид нөлөөлөн түүгээр сүм хийдийн ажлыг хийлгүүлээд байгаа нь хэрээс хэтэрсэн явдал биш гэж үү?

Цагаан сарыг тохиолдуулан шарын шашны төлөөлөгчдийг хүлээн авч хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч: "…миний зүгээс …Очирвани их шүтээнийг бүтээх зарлиг гаргаж, буддын мэдлэг ухаан, үнэт зүйлс, боловсрол хүмүүжлийг нийтийн хүртээл болгох, сүм хийдийн үйл ажиллагааг татварын хөнгөлөлтөөр дэмжих, лам хуврагуудынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэн урамшуулах зэрэг олон хэлбэрээр ивээл дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж ажиллалаа. Энэ бодлого зарчмаа би цаашид ч тууштай үргэлжлүүлэх болно " хэмээн ил тодоор зарлан тунхаглажээ.Монголд олон шашин нэвтэрч, тэдний сүм хийдүүд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, шүтэн бишрэгчид олноор нэмэгдсээр байгаа нь нэгэнт тодорхой байхад Үндсэн хуулинд зааснаар "… Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" байх учиртай Ерөнхийлөгч маань ийнхүү өөрийнхөө шүтдэг шашныг онцгойлон "харж үзээд" байх нь манай улсын Үндэсний аюулгүй байдалд ч урьдаас таагдашгүй хор хохирол авчрахыг үгүй гэх аргагүй. Төрийн бодлогоор ялгаварлагдан гадуурхагдаж, "гишгэх газаргүй" болж магадгүйг харж, мэдэрч буй бусад шашны сүсэгтнүүдийн дотор ил, далд хэлбэрийн эсэргүүцэл тэмцлийн үр хөврөл бүрэлдэж шашин хоорондын дайсагналцлын үрийг ч тарьж мэдэх аюултай бус уу. Дараа дараагийн Ерөнхийлөгчүүд заавал шарын шашинтан хүн байх болно гэсэн баталгаа хаа байгаа юм бэ?

"Цогт тайж" киног үзээгүй хүн байхгүй байх. Тэрбээр Түвдийн шарын шашныг дангаар хөхиүлэн дэмжигч Монгол ноёдтойгоо үзэл санаа зөрчилдөж, улмаар тэдний эсрэг улааны урсгалынхны/улаан малгайтнууд/ дэмжлэгтэйгээр зэвсэг барин боссоноор өөрөө алагдан, хоёр талын гэм зэмгүй олон монголчуудын цус урссан нь бодит түүх шүү дээ. Бүгдээрээ нэг шашны “тугийн дор” орсноор улс оронд эв нэгдэл, энх амгалан бий болдоггүйн жишээг холоос хайх хэрэггүй. Хоёулаа Далай ламын нэгэн үеийн гарын шавь нар болох Ойрдын Галдан бошигт, Анхдугаар Богд Занабазар нарын зөрчил тэмцэл, монголчуудын цусыг далай мэт урсгасан байлдаан тулаан, Монгол улсын тусгаар тогтнолын мөхөл сүйрлийн талаар мэдэхгүй хүн цөөн байх. Хубилай хаанаас хойшхи Монголын Их гүрний дотоод хагарал, мөхөл сүйрэлд Түвдийн шашин, Монголын төрд шургалсан өндөр эрх мэдэлтэй санваартнуудын явууллага гол үүрэг гүйцэтгэсэн байдаг билээ. Ерөөс Монголд шарын шашин хамгийн ид оргилдоо хүрэх бүрт л Монгол улс тэр чинээгээр удуудан доройтсон байдгийг түүхээс харж болно. Магадгүй, эсрэгээр Монгол улс хамгийн ихээр сулран доройтох үед л шарын шашин хамгийн ихээр хүчээ авдаг байсан байж ч болох юм. Ямар ч гэсэн Монголын доройтол, шарын шашны цэцэглэл хоёр ямагт нэгэн цаг үед давхцан тохиосон байдаг юм билээ. Түвдийн шашин дэлгэрснээр сайн сайхан цаг ирдэг байсан сан бол та бид өнгөрсөн зуунуудад мөн ч их жаргах байсан даа.

Очирвани шүтээнийг залвал Монгол улс хөгжин дэгжинэ гэдгийг, уг шүтээн нь монголчуудын "эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл" гэдгийг хэн, яаж баталсан юм бэ? “Лу.Алтан товч” дахь "Чингис хааныг Гунгаанямбуу нэрт лам эх барьж авсан, хажууд нь хоёр хятад байж байгаад хадан дээр бичсэн…" мэт хэврэг, ямар ч баталгаа нотолгоогүй эх сурвалжийг эш үндэс болгоод байна уу? Бид 21-р зуунд амьдарч, энэ дэлхийн бүх л улс орнууд мухаг сүсгээр бус шинжлэх ухааны ололт нээлтүүдэд дулдуйдан хөгжиж байна шүү дээ. Ямар ч шашныг "авч хэлэлцдэггүй" байсан гэдэг нь дэлхий нийтэд хэдий нь батлагдсан Чингис хааныг Очирвани бурхны хувилгаан хэмээн итгүүлэхийг чармайгч санваартан маань өчүүхэн ч үнэмшилтэй үг хэлж чадаагүй боловч харин бидний мэдэж байх ёстой, мэдсэнээрээ Чингис хаан бол Түвдийн шашны төлөөлөгч биш гэдгийг ойлгох учиртай баримтуудыг ярилцлагадаа дурьдаж, ярьж буйгаа эсрэгээр баталжээ. Тэр нь 1570-аад оны сүүлчээр Түмэдийн Алтан хаан Түвдийн шашны тэргүүн Содномжамцыг нутагтаа залан авчирсныг сонсоод Халхын Абтай хаан очиж бараалхсанаар түүнээс "Очирваанийн хувилгаан" цолыг Монгол хаадаас анх хүртсэн, тиймээс та бид Очирванийг онцгойлон шүтэх учиртай тухай юм. Тийм ээ, ийм явдал болсон гэдгийг олон түүхчид бичсэн буй. Чингис хаан Очирваанийн хувилгаан биш гэдгийг мэдэхэд ганц энэ баримт л хангалттай бус уу? Нэмэн өгүүлэхэд, энэ удаагийн уулзалтаар Содномжамцдаа наадуул нь хариу барьж "хамаг бүхнийг айлдагч Очирдарь Далай лам" цол өргөмжилснөөр энэ цол хойшид үргэлжилснээр барахгүй нөгөөх Алтан хааны гуч нь Түвдэд Содномжамцын дараагийн буюу IV Далай ламаар, Абтай хааны гуч нь Монголд Анхдугаар Богдоор өргөмжлөгдсөн гэдэг. Энэ бол Монголын төр Түвдийн шарын шашны эрхшээлд тэр чигээрээ орсон гашуун түүхийн эхлэл байсан. Түүнээс хойш Түмэн засагт хаан, Монголын хамгийн сүүлчийн Их хаан Лигдэн гээд цөм л шарын шашны өмнө хүчин мөхөсдөж, эрхшээлд нь орон дагалдаж, уруудсаар 1921 онтой золгоход Монгол улс ямар байдалтай болсон байсныг бүгдээр мэдэх билээ.

Монгол, Түвд хоёрт Буддын шашинтай бусад олон улс оронтой харьцуулахад Бурхан багшийн сургаалыг шашинжуулсан хувилбаруудаас хамгийн муу нь үлдсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг нь өнөө эргээд харахад оргүй ч зүйл биш мэт. Буддын шашинтай орнууд л бусад орнуудаас илүү хөгжилтэй байдаг хэмээн Гандан хийдийн хамба ламтан зурагтаар айлдаж нүүр халууцуулсан бол "Өнөөдөр"-т ярилцлага өгөгч том лам: "Бурхан шашны номлол Европ хийгээд дэлхийн олон оронд маш их дэлгэрч байгаа. Энэ шашинд дандаа оюунлиг, ухаалаг хүмүүс нь орж байна" хэмээн гудиггүй залжээ. Хамгийн мулгуу тэнэгүүд нь ямар шашинд орж байгааг нэр заан дурьдаагүй нь л яамай даа. Өнөөдөр Монголд 260 гаруй Бурханы шашны дуган, хийд байгаа ба тэдгээрт 4000 шахам лам хувраг байгаа гэсэн тоог Ерөнхийлөгч үгэндээ дурьджээ. Үүний лав талаас илүү хувь нь бүрэн хөдөлмөрийн чадвартай идэр залуу эрчүүд байгаа даа. Тэд тэнд ямар материаллаг болон оюуны баялаг бүтээж эх орныхоо хөгжилд тус нэмэр болж байна вэ? Эдүгээ манайд билгийн тооллын гэх болсон Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэзээ тохиохыг хэлж мэдэх лам ч, хийд ч алга байгаагаас хувиараа зурхай сонирхогчдын дунд жил бүр бөөн маргаан дэгддэг болов. Яах учраа олохгүй ард иргэд дэмий л Гандангийн том хуврагуудын амыг харах боловч хамгийн гунигтай нь энэ жил/Хулгана жил/ гэхэд л тэдний "мэдлэгийн ачаар" шинийн нэгэнд бус хоёронд золгосноо маргааш нь нийтээр мэдэцгээв. Хичнээн хүнийг гэгээрүүлж, оюун ухааныг нь тэлж, ертөнцийг үзэх үзлийг нь зөвөөр төлөвшүүлж байна вэ? "Алтангэрэлийн даллага" авахуулах юмуу "Жанлавцогзол"-ыг түвд хэл дээр уншихыг сонсож, малгайгаа өвөртөө хийн хэдэн цагаар наминчлан залбирч суух дуган дүүрэн хүнээс хэд нь орчлон ертөнцийн зүй тогтол, хүний амьдралын утга учир, зовлон хийгээд жаргалын шалтгааныг ухаж мэдээд тэндээс гардаг бол?

Хэдхэн жилийн өмнө бид ямар их сүр дуулиантайгаар, бүх ард түмний хандив өргөлөөр Мэгжид Жанрайсаг шүтээнийг босголоо? Гэтэл "Өнөөдөр"-тэй ярилцагч санваартан маань Жанрайсиг бол Түвдийн шүтээн, Мандшир нь Хятадуудынх, Очирвани нь Монголынх гэж айлдаж байна. Одоо Жанрайсигээ нурааж Түвд рүү ачуулаад Очирвани шүтээнээ оронд нь босгох хэрэгтэй болсон учраас Ерөнхийлөгч зарлиг буулгасан гэж ойлгогдож байна. Өөрөө хувь хүнийхээ хувьд Түвдийн шашин, бурхад, тэр дундаа Очирвани шүтээн нь Монголын хөгжилд, монголчуудыг "сайн хүн болоход" гарцаагүй тус болно, бусад хүмүүсийн олонхи нь мөн ингэж боддог гэсэн итгэл үнэмшилтэй учраас л ийм зүйл хийгээд байгаа байх л даа. Тийм ч учраас дээр өгүүлсэн уулзалтынхаа төгсгөлд: "… Энэ онд … Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар бүх иргэдийн хувь хандиваар бүтээгдэж байгаа монголчуудын болон монгол төрийн эв нэгдэл, хүч чадлын бэлгэдэл Очирвани шүтээн нийтэд дэлгэрнэ" хэмээн бахархалтайгаар айлдсан буй заа. Түвдчүүд шашнаа дэлгэрүүлэх үйлд Монголын төрийн зүтгэлтнүүдийг ашиглаж, төрийн өндөр алба руу мацагсад шашныг зорилгодоо ашиглаж, нэг үгээр хэлбэл "харилцан ашигтай" ажилладаг байсан зарчим дахин сэргэж магадгүй байдал сүүлийн үед илт ажиглагдах боллоо. Ийм явдал гарахаас болгоомжлон сэргийлсэн, зохицуулсан Монгол улсын хуулиудыг ч үл тоох болов.

Ерөнхийлөгчийн дээрх үйлдэл нь "Төр, сүм хийдийн харилцааны тухай" хуулийн 5-р зүйлийн 2-т: "Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол улсын Ерөнхийлөгч зохицуулна" гэсэн заалттай хэр нийцэж буйг ард нийт болгоох бизээ. Өнөөдөр сонгууль дөхөөд, эрх мэдлийн төлөө улайрсан тэмцэл эхэлж буй үед улс төрийн намууд шарын шашны сүм хийдүүд, лам хуврагуудаас "аврал" эрж ч байгаа юмуу, аль эсвэл монголчууд цөмөөрөө Түвдийн шашинтан гэж бодож тэдний "хайрыг татах" гээд байгаа юмуу сонин сонин ааш авир үзүүлэх боллоо. Түвдийн шашныг төрийн албан ёсны шашин болгоно ч гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдэж ч байх шиг. Гэтэл мөн дээрх хуулийн 4-р зүйлийн 7-д: "Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах,…-ыг хориглоно" гэж заасан байх жишээтэй. Хэнд, юунд хамаатай хууль, заалтууд вэ, эдгээр нь? Үнэхээрийн өөрсдийн зорилгодоо хүрэх, бодож төлөвлөснөө хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаа бол ядаж хамгийн энгийн судалгаа хийдэг нь олон улсад хэдий нь хэвшсэн арга барил шүү дээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас нийт ард иргэдийн дунд санал асуулга явуулаад үзвэл тэдний хэдэн хувь нь Очирвани шүтээн Монголыг аврана гэж итгэж байгаа, хэдэн хувь нь түүнд мөнгө төгрөг хандивлахад бэлэн байгаа нь бодитоор харагдана. Түвдийн шашныг төрийн шашин болгоно гэсэн зорилт дэвшүүлэн сурталчлахад олонхид таалагдан манай нам сонгуульд амжилт олно гэж тооцож байгаа нь хэтэрхий хялбаршуулсан, хэтэрхий гэнэн, бас хэтэрхий хариуцлагагүй явдал билээ. Манай төр, нам, шашны зүтгэлтнүүд гүн ухаан, шашин хоёрын ялгааг мэддэггүй, яагаад төр шашин хоёрын үйлийг хутгалдуулж болдоггүйг ойлгодоггүй юм гэж итгэхэд бэрх ч хэзээ хойно XVI зуунд Монголд нэвтэрсэн шарын шашны үзэгдлүүдийг Чингис хаантай холбон тайлбарлаж, санаснаа гүйцэлдүүлэхийн тулд энэ их хүний нэрийг "байхгүй хойгуур" нь гул барьж буй нь нэг талаас жирийн иргэд биднийгээ дэндүү басамжилсан, нөгөө талаас ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэсэн хэрэг билээ.

Тэгээд зогсохгүй Засгийн ордны өмнө хөшөөг нь босгосон гурван хаан нь Очирвани, Жанрайсиг, Мандшир бурхны хувилгаад учир тэр бурхдаар "амилуулах" хэрэгтэй гэсэн шаардлагыг зарим томоохон хуврагуудын зүгээс төрд тасралтгүй тавьсаар байгаа сураг ч чих дэлдсэнийг дашрамд хэлчихье. Эдгээр үйлдлүүдийн цаана эрх мэдэл, эдийн засгийн томоохон ашиг сонирхол нуугдаж байгаа гэж хардагчдыг буруутгах аргагүй.

Гэвч би үүнийг бичихдээ Монгол орныг, монголчуудын амьдрал ахуйг хэзээ ч шашин өөд нь татаж байгаагүй, хэзээ ч өөд нь татахгүй гэдгийг л уншигчдад сануулахаас өөр ямар ч зорилго агуулаагүй гэдгийг эцэст тэмдэглье.

P.S. Ýíý íèéòëýëèéã ºíãºðñºí æèëèéí õàâàð áè÷èæ "Olloo.mn" ñàéòàä òàâüæ áàéñàí.

Т.НАРАН
ЧОНО ӨӨРӨӨР ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ?

Төр гэмэгц л хамгийн түрүүнд дарга, цагдаа, шүүх, шорон санаанд тань орно. Ингэхээс ч өөр яах билээ. Эдүгээгийн төр гэдэг ойлголт ийм л юм чинь. Шоронгуудыг бүгдийг устгая гэвэл өнөөдөр шоронд өөрөө ороогүй байгаа хүн бүхэн эсэргүүцнэ. Тэнд байгаа бүх хоригдлууд гарч ирэх юм бол хүн төрөлхтний амар тайван амьдрал дуусна гэж эмээнэ. Хамаг муу муухай, хог шаар болсон хүмүүсийг шоронд хийж цоожилчихоод сайн хүмүүс нь амар тайван амьдарч байгаа юм байна л даа. Үүнийгээ "нийгмээс тусгаарлах" энэ тэр гэж нэрлэнэ. Харамсалтай нь өчүүхэн ч тусгаарлагдсан юм байхгүй л байгаа байхгүй юу. Нүдээ аньчихаад "гэрэл алга болчихлоо" гэж байгаатай яг адил. Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш энэ орчлон дээр амьдрах аргаа олоогүй байна. Түүний хамгийн наад захын жишээ нь шүүх, цагдаа, шорон. Нэг их жаргалтай, амар тайван, эвтэй найртай сайхан амьдрах гэсэн чинь бие биенийхээ өмчийг хулгайлаад, луйвардаад, бие биенээ алаад, дээрэмдээд амар заяа үзүүлэхгүй болжээ. Чухам хэнийх нь буруугаас ийм юм болоод байгаа дээр санал нэгдэж чадахгүй байсан тул ерөөс үүнийг тодорхой хэлж чаддаг "ариун шударга амьтан"-ыг бодож олсон нь шүүх. Бас шүүхийн шүүх, тэдгээрийн шүүх, бүр хамгийн дээд шатны шүүх… Шүүх л буруутай гэсэн бол буруутай гэж үзэхээр хэлэлцэн тогтов/Гэхдээ үүнээсээ буцаж, булзах, нөгөө шүүхээ яллах нь энүүхэнд болсныг орхьё/. Тэгээд буруутай нөхдүүдийг яахав? Ингээд л шорон, шоронгоо "ажиллуулах" хөрөнгө мөнгө, багаж зэвсэг, "мэргэжлийн" хүмүүс, манах хуяг, баривчлан авчрах цагдаа, энэ салбарыг хариуцсан яам, сайд, мэргэжлийн сургууль, багш… гээд л ар араасаа хөвөрч өгсөн хэрэг. Гэсэн ч юу ч дээрдсэнгүй, харин ч байдал улам дордон уруудсаар атал эдүгээ үүнээс өөрөөр байх аргагүй гэсэн итгэл үнэмшил хэвийн зүйл болон хувирав. Нүгэлтнүүдийг гэсгээх ёстой шорон нь гэгээнтнүүдийг харгислан тарчлааж үхүүлэх тамын орон болж хувирсан шүү дээ. 1930-аад онуудад шоронгууд ямар хүмүүсээр дүүрэн байсныг санацгаа. Хамгийн билэг төгөлдөр оюунлиг эрдэмтэддээ, яруу найрагчиддаа, соён гэгээрүүлэгчиддээ, хүний ертөнцийн сайн сайхан ирээдүй, нийгмийн ариун шударгын төлөө зүтгэгчиддээ хүн төрөлхтөн "өгдөг" орон сууц нь шорон болсон. Яг өнөөдөр бол байлдаад ялсан нь ялагдсанаа, эсвэл төрийн эрх баригч хэсэг бүлэг нөхөд өөрсдийнх нь бузар булайг илчилсэн, эсэргүүцэл үзүүлсэн, эрх мэдэл, алба тушаал булаалдаж магадгүй нэгнийгээ барьж хорьж, тамладаг газар болсныг нийтээр мэдэж буй. Өнөөдөр шоронд суугсад нь маргааш төрийн эрхэнд гармагцаа нөгөө өчигдрийн "сайдууд"-аа "гэмт хэрэгтэн" гэж зарлан өөрсдийнхөө оронд аваачиж цоожлох жишээтэй. Гэтэл жинхэнэ гэм нүгэлтнүүд нь үй олноороо байсаар, байсаар үл барам тооны хувьд улам үржин өссөөр, "мэргэшлийн"-ийн хувьд улам төгөлдөржсөөр эдүгээ хүрэв. Аргаа барахдаа "хүүхдийн", "эмэгтэйчүүдийн", "цэргийн", "улс төрийн", "анх хэрэг үйлдэгчийн", "засрашгүй хэрэгтний"/рецедив/, "насаараа хоригдогчийн", "эдийн засгийн хэрэгтний", "цагаан захтны", "урьдчилан хоригдогчдын" гэх мэтээр тоолоод барагдамгүй олон нэр төрлийн шоронгуудыг байгуулсаар, тэр тусам байдал нь доройтсоор л байна. Ажаад байхад удахгүй хүн төрөлхтний тал нь шоронгийн хоригдол, үлдсэн нь шоронгийн хуяг болох бололтой. 10 тэрбум төгрөг халааслаад орсон хүний хувьд шорон нь шорон биш, орон ч биш бүр ордон болно. Шоронгийн хоригдлууд төдийгүй албан хаагчид нь тэр чигээрээ түүний үйлчлэгч, хамгаалагч, шадар туслагч, халамжлагч нь болно. Шорон нь хамгаалалт, хангамж, халамж үйлчилгээ, аюулгүй, аятай тухтай, амар тайван амьдрах орчин нь болон түүнд зүтгэдэг жамтай. Өнөөгийн моод өнөөгийн Монголоор дуусдаг болохоор манайд дөнгөж одоо нэвтэрч байгаа болохоос ер нь ганц удаа олигтойхон том дээрэмдэж, хулгайлж чадвал нэг насаараа, тэр бүү хэл хэдэн үеэрээ эд хөрөнгөөр дутагдаж гачигдахгүй амьдарч болдог гэдгийг "өндөр хөгжилтэй" орны хүмүүс аль эрт "нээчихээд" хэдэн зууны турш улам боловсронгуй болгон хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн шүү дээ. "Төмөр зам дээрх вагонтой ачаанаас хулгай хийвэл хулгай, харин ачаатай вагоныг төмөр замтай нь хулгай хийж чадвал бизнес" гэсэн тодорхойлолт одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгааг мэдэж байгаа биз дээ.Хадгаламж зээлийн хоршоодын луйвар, "Хадгаламж" банкны хулгай бол "их юм"-ны зөвхөн эхлэл, оролдлого төдий зүйл юм. Дахин ийм зүйл, үүнээс ч илүү аймшигтай, урьд өмнө нь бидний зүүдэнд ч орж байгаагүй үйлдлүүд гарах болно. Гарах гарахдаа өмнөх "туршлагууд" дээрээ тулгуурлан бүр улам боловсронгуй, улам харгис, улам эрээ цээргүй, улам олон хүнийг хамарсаар байх болно. Монгол төрийн "алтан аргамж"-ны бодлоготнууд байх учиртай дипломат ажилтнууд маань гадаад улс орнуудын хил зөрчиж, бусдын хууль ёсыг уландаа гишгэж хар тамхины наймаа хийж баригдах нь ердөө азгүйтэл мэт харагдах болно. Саяхан даа, Гансүх гэдэг залуу 90 сая төгрөгийн залилангийн хэрэг хийсэн нь бөөн сенсаци л болж байсан биз дээ? Тэгвэл өнөөдөр тэр бол зүгээр л саваагүй хүүхдийн гэнэн үйлдэл байсан мэт, эсвэл арай эрт түрүүлж хөдлөөд баригдчихсан золгүй хүн шиг танд санагдахгүй байна гэж үү? Тэгвэл хамгийн гайхалтай, бас гунигтай нь өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй гэж нэрлэгдээд байгаа орнуудыг юун улс манатай ердөө хэсэг бусаг хүн сүргүүд байхад нь төрт улс байсан Монголд ийм "балиар" юм байгаагүй юм. Байгаагүй ч гэж дээ, бидний өвөг дээдэс байлгаагүй юм. Та бүхэн "Монголын нууц товчоо", "Лу.Алтан товч" гээд өдгөө сургуулийн хүүхдүүдийн сурах бичиг болчихсон номуудад "цагдаа" ч юмуу "шорон", "шоронгий хулгайч", "шүүх хурал" энэ тэр гэсэн үг хэр зэрэг олныг олж үзсэнээ бодоод үзээрэй. Монголын төрд шүүх, шорон, цагдаагийн хэрэгцээ байсангүй. Хулгайч, дээрэмчид, луйварчид, алуурчид нь чөлөөтэй тэнэж, хүссэнээ хийж явдаг байсан байх нь гэж бодуузай. Тэднийг нартад ерөөс төрүүлдэггүй байсанд хамаг учир оршино. Гэмт хэрэгтэн болох хүнийг гэдсэнд байхад нь таньж мэдчихээд хонины бэлчээр дээр аборт хийдэг байж гэж орчин үеийн ухаанаар бодуузай. Үүнийг мэс ажилбараар бус төрийн бодлогоор зохицуулдаг байж. Монголчуудын баримталдаг зарчим нь муу муухайг бий болгочихоод дараа нь тэрийгээ дарах гэж бөөн юм болох биш ерөөс муугийн үрийг тарихгүй байх, тийм үр бүрэлдэн бий болохоос хатуу чанд сэргийлж чаддаг тийм нийгмийн систем үйлчилдэг байлаа. Нэг үгээр хэлэхэд аливаа үйлийн үр дагавартай нь тэмцэх бус тийм зүйл үүсэх шалтгааныг бий болгохгүй гэсэн үг юм. Бүр тодотговоос ямар ч жигшүүрт алуурчин, дээрэмчин эхийн хэвлийд үр болон бүрэлдээд, тэндээсээ хүмүүсийн дунд төрдөг энгийн үнэнд тулгуурлан ердөө эхийн хэвлийд хулгайчийн үр бүрэлдүүлдэггүй байжээ. Хүмүүс өөрсдөө л араатан мэт аюулт "амьтан"-ыг төрүүлж, өсгөдөг, үржүүлж олшруулдаг болохоос тэд дур зоргоороо бий болдоггүй. Нэгэнт төрсөн бол амьдрах жамаараа л амьдрана. Нийгмээс тусгаарлаад хорьчихоор л "ухамсар" суугаад сайн сайхан "амьтан" болоод хувирчихгүй. Хулгайчаас хулгайч л төрдөг, тэр нь хулгай хийж л амьдардаг. Чоно болж төрсөн бол чонын амьдралаар л амьдрахаас өөрөөр яаж амьдрах юм бэ?! Монголчууд араатнаас араатан л төрдөг байгалийн хуулийг танин мэдэж чадсан учраас өөрсдийнхөө дунд араатан төрүүлэхгүй байх аргыг эзэмшиж чадсан ард түмэн. Мэдээж төгс төгөлдөр зүйл хаа ч байдаггүй тул ямар нэгэн "цоорхой"-гоор муу үр соёолчихвол түүний "үйл үрийг" цаашид үргэлжлүүлэхгүй тэр даруй таслан зогсоодог байв.Эл өгүүлэлд шорон, гэмт хэрэгтэн, шүүх цагдааг нэг л жишээ болгосныг ойлгоно биз ээ. Баахан сэтгэцийн өвчтэй хүмүүс бий болгочихоод тэднийгээ "маллаж, өсгөж үржүүлэх" гэж бөөн юм болдог, эсвэл хэсэг "траншей"-ны хүүхэд төрүүлчихээд "Хүүхэд асран хүмүүжүүлэх төв"-үүдийг ярайтал байгуулж, тэр хүүхдүүдээсээ ч олон "хүүхэд хамгаалах" байгууллага, дарга нар бий болдог, мөн тоймоо алдсан олон "эмзэг бүлгийн" хүнийг төрүүлж өсгөчихөөд дараа нь тэднийгээ "хүний дайтай" болгох нэрийн дор дэлхий хэсүүчлэн гуйлга гуйж явдаг гээд өнөөгийн нийгмийн "халамжтай" холбоотой асуудлууд бүгд үүнээс үүдэлтэй юм шүү. Ядарсан зүдэрсэн, өвчтэй зовлонтой нэгнийгээ харж хандах нь хүний ёс, энэрэнгүй сэтгэл мөн боловч зарим нэгийгээ тийм дорд "заяатай" болгож төрүүлэх нь хамгаас харгис явдал билээ. Тэгвэл яаж үүнийг шийдвэрлэдэг байсан юм бэ гэсэн асуулт мэдээж гарна. Одоогийнхоор бол төрийн хүн ам зүйн бодлогоор, уламжлалт ухаанаар бол байгалийн удамшлын хуулинд нь нийцүүлэн үүнийг зохицуулдаг байжээ!Өмнөх үеэ үл тоосоор, өв уламжлал, унаган ухаанаасаа холдон холдсоор мөхлийн ирмэгт ирж, бусдын боол болохынхоо цагт эргэн ирж авагтун хэмээн хэрхэн, яаж хэрэгжүүлэх арга замыг нь ч бидэнд мөн хэлж үлдээсэн юм шүү. Үлдээснийг нь олж үзсэний учир элэг нэгтнүүддээ хандан үүнийг тэрлэвэй.

Тайлбар: 2008 оны эхээр доктор Л.Түдэв гуайн “Дал” сонинд анх нийтлүүлсэн.
Т.НАРАН